• Эхлэл
  • А.Сүхбат:Сумын заан 5 сая, аймгийн арслан 50 сая, улсын начин 500 сая

А.Сүхбат:Сумын заан 5 сая, аймгийн арслан 50 сая, улсын начин 500 сая

2016/12/08

Монголын үндэсний бөхийн холбооны /МҮБХ/-ны ээлжит бус “Их эе” хурал энэ сарын 10-нд болохоор товлогдоод байсан юм.

“Их эе”-ийг хуралдуулах Ажлын хэсэг өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хурлыг Улсын дээд шүүхээс 2003 оны гуравдугаар улиралд багтаан хуралдуулахыг үүрэг болгожээ. Гэвч бөхийн холбооноос хурлыг хийгээгүй учир Нийслэлийн шүүхийн гүйцэтгэх албанаас 2015 оны зургадугаар сард тус холбооны Цэцдийн зөвлөлийг албадан хуралдуулсан байна. Түүнээс хойш маргаантай байсан дээрх асуудал энэ оны тавдугаар сард эцэслэн шийдэгджээ.

Ийнхүү Үндэсний бөхийн “Их эе” хурал энэ сард хуралдахаар болж байгаа юм байгаа гэж өчигдөр УИХ-ын гишүүн, дархан аварга А.Сүхбат хэллээ. Гэвч Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж уг хурлыг хийхгүй хэмээн худал мэдээлэл тарааж байна хэмээн түүнтэй цуг хэвлэлийн бага хурал хийгчид онцлов.

УИХ-ын гишүүн, Дархан аварга А.Сүхбат “Р.Нямдорж гэдэг хүн Монгол бөхөөр 26 жил тоглолооо, самарлаа одоо болоо юм биш үү. Та одоо бөхийн холбооноос гараа татаж авах болсон. Таны үед шударга ариун байх ёстой Монгол бөх хээл хахуульдаа идэгдэж дууслаа. Өнөөдөр сумын заан цол авахын тулд 5 сая, аймгийн арслан 50 сая, улсын начин цол 500 сая төгрөгийн хахууль төлж байна. Монгол бөх цэвэр ариун байвал Монголын төр цэвэр ариун байна гэж би боддог. Тиймээс энэ байдлыг засаж, ард түмэндээ шударга барилдаан үзэхийн төлөө бид тэмцэж явна. Үүнийг боогдуулж байгаа хүн нүгэлтэй шүү гэдгийг хэлмээр байна. Бид шүүхийн шийдвэрийг гүйцэлдүүлнэ. МҮБХ-ны ээлжит бус “Их эе” хурлаа хийнэ гэдгийг үүгээр мэдэгдэж байна” гэлээ.

Монголын Үндэсний бөхийн холбооны дүрмийн дагуу “Их эе” хурлын товыг 21 аймгийн Үндэсний бөхийн холбоо, бөхийн дэвжээний тэргүүнүүдэд мэдэгдээд байгаа аж.

Хурлаар Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүнийг сонгох учиртай. Монгол Улсын аваргуудын зөвлөлөөс Л.Чинбатыг тэргүүнээр сонгох хүсэлтэй байгаа аж. Ийнхүү хэл амтай байгаа МҮБХ “Их эе”-ээ хуралдуулж чадахгүй дотроо хагаралдаж зөрчил үүсгэж эхэлсэн бөгөөд хэзээ хуралдах нь тодорхойгүй байна.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин