• Эхлэл
  • Б.Лхагвасүрэн:Амараагийн бие харьцангуй дээрдэж байгаа

Б.Лхагвасүрэн:Амараагийн бие харьцангуй дээрдэж байгаа

2016/12/09

“Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах ОХУ-ын ЭСЯ-ын ажилтанд зодуулан гэмтсэн хэрэг олон нийтийн анхаарлын төвд байгаа. “Аз жаргалтай Улаанбаатар” цэнгүүний үеэр ийн зодуулан хүнд гэмтсэнд хотын удирлагуудыг ч буруутгаж байгаа. Анх энэ цэнгүүнийг хотын захиргаанаас зохион байгуулсан гэсэн мэдээлэл тархаж байсан бол үүнийг төрийн бус байгууллага зохион байгуулсан гэсэн тайлбарыг хотын захиргааны зүгээс өгсөн. Залгуулаад цэнгүүн зохион байгуулсан ресторан нь НИТХ-ын дарга Ц.Сандуйгийнх байсан гэсэн мэдээллүүд гараад байгаа. Энэ бүхнийг түр орхин С.Амармандахын биеийн байдал ямар байгааг бид тодруулахыг зорилоо. Энэ талаар "Сүнс" хамтлагийн ахлагч Б.Лхагвасүрэнгээс тодрууллаа. Тэрээр “Амараагийн бие харьцангуй дээрдэж байгаа. Ойр дотныхонтойгоо ярилцаж, ойр зуур хөдөлгөөн хийх хэмжээний болж байгаа. Гэхдээ тархины гэмтэл гэдэг хэцүү. Цаашдаа хагалгаа хийлгэж магадгүй” гэж хариуллаа.

Түүнээс гадна Амараагийн өмгөөлөгч ОХУ-ын ЭСЯ-ныхантай уулзсан талаараа ярилцлага өгсний дараа өмгөөлөгчид эргэлзэж байгаа Элчин сайдын яамныхан албан ёсны вэб хуудастаа мэдээлсэн. Үүний хариуд өмгөөлөгч Б.Батбаяр хэвлэлийнхэн хэлсэн үгийг нь сайн ойлгоогүй буюу буруу ойлгуулснаас ойлгомжгүй байдал үүссэн байна гэсэн утгатай мэдээлэл хийсэн. Энэ талаар ЭСЯ-ынхантай уулзахад цуг байлцсан “Сүнс” хамтлагийн ахлагч Б.Лхагвасүрэн “Элчингийнхэн биднийг маш хүндэтгэлтэй хүлээн авч, ярилцсан. Ийм зүйл болсонд харамсаж байгаагаа илэрхийлж байсан. Зохих байгууллага нь шалгаж шийдэх байх гэдгийг илэрхийлж байсан. Бидний зүгээс ч Амараагийнхааа биеийн байдалд санаа зовж байна. Манай рок попынхон, уран бүтээлчид Амараагийн биеийн байдалд санаа зовж, анхаарч, шаардлагатай бүх зүйлийг хийхэд бэлэн байгаа. Зарим уран бүтээлчдийн зүгээс хэвлэлийн бага хуралд оролцох саналыг ч хэлж байсан. Одоогоор би хувьдаа бол хүнийхээ биеийнх нь байдалд анхаарах нь зүйтэй гэж бодож байгаа” гэлээ.  

А.Ану


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин