• Эхлэл
  • “Бичигт” боомтод шуурхай баг ажиллаж байна

“Бичигт” боомтод шуурхай баг ажиллаж байна

2016/12/11

Монгол адууг хилээр гаргахыг хориглосон шийдвэрийг Шадар сайд У.Хүрэлсүх гаргасан. Үүнээс өмнө адууг олон хоногоор хил дээр машины тэвшин дээр хонуулж байгаа, цаашилбал хилээр гаргахын тулд нүдийг нь сохолдог гэх мэтийн яриа дэгдээд байсан. Газар дээр нь очсон эх сурвалжийн яриагаар бол өнгөрсөн арваннэгдүгээр сард адууг хилээр амьдаар нь гаргахыг хориглосон шийдвэр гаргасан гэх боловч энэ талаар адуу экспортлодог аж ахуйн нэгжүүд олон тооны адууг хил дээр аваачсан байсан. Адууг хилээр гаргаж болох эсэх нь тодорхойгүй байсан тул арав гаруй хоног адууг ачиж авчирсан машин дээрээ байлгасан. Хэрвээ ийм шийдвэр гарч байгааг урьдчилж мэдэгдсэн бол ийм олон тооны адуу тээвэрлэн авчрахгүй байсан гэж байсан. Ийн адуу экспортлогчид нэгэнт малчдаас худалдан авсан адуугаа хэрхэхээ мэдэхгүй байгаа. Албаны эх сурвалж хилийн боомт дээр 800 гаруй адуу байгаа бөгөөд эргүүлэн татах тухай шийдвэр гаргасан гэж байсан. Гэвч Сүхбаатар аймгийн “Бичигт” хилийн боомтод тээвэрлэн аваачсан адуу тэндээ хэвээрээ байгаа, хэрхэн эргүүлэн тээвэрлэх болон гарах зардал, хохирлыг хэн төлөх талаар тодорхойгүй байгаа гэсэн мэдээлэл байгаа юм. Тэгвэл Сүхбаатар аймгийн "Бичигт" боомтод  тус аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан шуурхай ажлын хэсэг ажиллаж байгаа аж. Ажлын хэсэгт аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Эрдэнэцагаан сумын Засаг дарга, Цагдаагийн хэсгийн төлөөлөгч болон Хилийн цэргийн 0146-р ангийн төлөөллүүд багтсан байна.

Ажлын хэсэг тээвэрлэгдсэн болон тууварлагдсан адуунд эрүүл мэндийн үзлэг хийж өвчтэй буюу шинж тэмдэг илэрсэн, бэртэл гэмтэл авсан адууг ялгаж мал эмнэлэг, үржлийн ажил үйлчилгээний стандартын дагуу арга хэмжээ авч эхэлжээ. Мөн “Бичигт” боомтод төвлөрсөн адууг буцаан тээвэрлэх, эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд нядалгаанд оруулж байгаа аж.

Мөн адуу тээвэрлэсэн иргэд, аж ахуйн нэгж байгууллага, мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн зөвшөөрөл олгосон мэргэжлийн байгууллагуудыг шалган тогтоож хариуцлага тооцож эхэлжээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин