• Эхлэл
  • Шүүх хурал долоо хоногоор хойшиллоо

Шүүх хурал долоо хоногоор хойшиллоо

2016/12/14

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал хорих 461-р ангид болж байгаа талаар манай сурвалжлагч мэдээлсэн. Шүүх хурал 11.28 минутад эхэлж, хурал даргалагч М.Алдар шүүх хурал нээснийг мэдэгдээд, хурал хаалттай болох учир шүүгчдэгч, өмгөөлөгчдөөс бусад хүн танхимаас гарахыг хүсэн хэвлэлийнхэн үндсэндээ 2-3 минут зураг аваад танхимаас гарлаа. Шүүхийн ерөнхий зөвлөл болон дүүргийн шүүхийн хэвлэлийн төлөөлөгч нар шүүх хурлын процессыг мэдээлнэ гэж байсан. Ингээд шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд өмгөөлөгч нар “Хавтаст хэрэгтэй нэмж танилцах шаардлагатай” гэсэн хүсэлт гаргасан тул шүүх хурлыг долоо хоногоор хойшлуулахаар болсон байна.   Энэ дагуу шүүх хурал арванхоёрдугаар сарын 21-нд 11.00 цагаас Хорих 461-р ангид болно.

Шүүх хуралд яллагдагчдын ар гэрийнхэн болон хохирогчдын оролцуулсангүй. Өмнө нь хуралд С.Зориг агсны дүү УИХ-ын гишүүн асан С.Оюун оролцоно гэж байсан ч шүүхийн танхимд харагдсангүй. Мөн гэрчээр 2-4 хүн дуудсан байгаа гэгдэж байсан. Шүүх хурлын нууцлалын дагуу гэрч нарыг өөр хаалгаар оруулж, зөвхөн мэдүүлэг өгөхөд л танхимд оруулж ирэх журамтай байдаг.

Шүүх хуралдааны хаалттай үргэлжлүүлж байх зуур шүүгдэгчдийн ар гэрийнхэн хэвлэлийнхэнд ярилцлага өглөө. Хорих 461-р ангиас бараг 500-д метрийн зайд цагдаагийнхан хамгаалалт гарган зөвхөн албан зөвшөөрөл авсан хэвлэлийхнээс бусдыг нэвтрүүлээгүй. Шүүх хуралд оролцуулж магадгүй гэсэн горьдлогоо тээсэн ар гэрийнхэн нь энд хүлээж байсан. Тухайлбал Б.Содномдаржаагийн ах дүүс, хамаатан садан 10 гаруй хүн ирээд байсан бөгөөд ээж Л.Жавзмаа хэвлэлийнхэнд тайлбар өглөө. Тэрээр өмнө нь ч хүүг нь хилс хэрэгт гүтгэж байгаа талаар хэвлэлийн бага хурал хийн мэдэгдэж байсан билээ.

Б.Содномдаржаагийн ээж хэрэг гарах үед буюу 1998 онд хүү нь мал дээрээ, өөртэй нь цуг байсан, жирийн л нэг малчин хүн, хилс хэргээр гүтгэгдэж байна гэж өмнө нь ч ярьж байсан. Энэ удаад хүүгийнх нь амь  амьдралыг шийдэх шүүх хуралд ядахдаа ээжийг нь оруулах болов уу гэсэн итгэлтэйгээр урьд шөнө Эрдэнэтээс иржээ. Гэвч ар гэрийнхнийг нь оролцуулахгүй гэсэн тайлбар л хэлсэн аж. Тэрээр өнөөдөр мөн хүүг нь хилс хэргээр гүтгэж байгааг хэлээд "Шүүх хэргийг үнэн зөвөөр шийднэ" гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. Түүнийг хүүг 2015 оны наймдугаар сарын 31-нд гэнэт баривчлаад явсан. Түүнээс хойш олон газарт хандаж байгаа ч ямар нэгэн тайлбар байдаггүй. Б.Содномдаржааг С.Зориг агсны хэргийг хамт үйлдсэн гэж байгаа Ц.Амгаланбаатар нь 2008 оноос хойш хүн амины хэргээр хоригдож байгаа. Тэднийх олон жилийн өмнө хамар хашааны хөршүүд байсан. Л.Жавзмаа гуай Ц.Амгаланбаатарыг 9 настай байхад нь харж байсан, сүүлд хүн амины хэрэг хийгээд шоронд орсон л гэж сонсож байсан гэнэ. Харин хүү нь Ц.Амгаланбаатартай танил, нөхөд байсан эсэх, ямар сэжмээр холбогдсон байж болохыг асуухад "Мэдэхгүй. Эрдэнэтийнхэн болохоор бие биеэ таньдаг байж магадгүй. Энэ гурав гурвуулаа Эрдэнэтийнх шүү дээ" гэж хариулав.

 

Мөн шүүгчдэгч Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэн эхнэрийг нь хилс хэргээр гүтгэж байгаа болон шүүх хуралд оролцох хүсэлтэй байсан ч орж чадаагүй байгаагаа хэллээ. Т.Чимгээ хэрэг хийснийг нь гэрчилнэ гэж буй Ц.Амгаланбаатар эдний хамаатных нь өргөмөл хүү  юм байна. Гэтэл гэнэт Т.Чимгээг ажил дээрээ байхад нь баривчлан хориод нэг жил, дөрвөн сар болж байгаа. Энэ хугацаанд төрүүлсэн охиноо алдаж, сэтгэл санааны маш хүнд байдалд байгаа, арай ч ингээд хилсээр яллачихгүй байх гэж найдаж байна гэж ярилаа. 

Ц.Амгаланбаатар Б.Содномдаржаа Т.Чимгээ нартай хамтран С.Зоригийг хөнөөсөн гэж байгаа ч хэрэг гарах тухайн үед 17 настай байсан, анх 2000 онд цэрэгт татагдахдаа л хотод орж ирж үзсэн гэдэг, Чимгээ, Б.Содномдаржаа нар тэр үед хөдөө байсан гэх мэт эргэлзээтэй зүйлс байдаг. Түүнээс гадна Т.Чимгээгийн эгч нь Ц.Амгаланбаатарын өргөмөл эгч юм байна. Ц.Амгаланбаатар ч өөрөө айлын өргөмөл хүүхэд, харин Т.Содномдаржаа хамар хашааных нь хүүхэд аж. 

Хэвлэлийнхний хувьд гянданд хоригдож байгаа Ц.Амгаланбаатар гэгч хоёр хүнийг хам хэрэгтэн гэж гэрчилсэн гэхээс өөр мэдээлэл тодорхойгүй  байгаа.

 

Л.Жавзмаа:Миний таяг болж явдаг хүн шүү дээ 

Шүүгдэгч Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаагаас

-Ц.Амгаланбаатар гэдэг хүн энэ хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар холбоотой гэж мэдүүлснээр тэднийг баривчилсан гээд байгаа. Түүнээс өөр нотлох баримт байгаа юм болов уу?

-Тэр хүн л тэгж хэлсэн гэсэн. Өөр баримт байхгүй.

-Хэрэг гарах үед Б.Содномдаржааг хөдөө байсан гэдгийг батлах баримт байгаа юу?

-Байлгүй яахав дээ. Угаасаа мал дээрээ л, миний хажууд байдаг хүүхэд. Хотод ч цөөхөн орж ирсэн. Тэр үед хөдөөнөө байсан гэдгийг батална. Би гараасаа салгахгүй хажууд минь байдаг, миний таяг болж явдаг хүн шүү дээ.

-Та бүхэнд хүүг тань ийм нотлох баримтын учир баривчилж, шүүхэд шилжүүлж байна гэж хэлсэн, үзүүлсэн зүйл байгаа юу?

-Байхгүй. Яг л хэвлэлийнхэн та нарын адил л мэдээлэлтэй, сайн мэдэх зүйлгүй л байна гэлээ.  

Ийнхүү олон нийтийн  анхаарлыг татаж байгаа хэргийн шүүх хурал дахиад хойшиллоо. 18 жилийн турш маргаан дэгдээж байгаа энэ хэргийн хувьд хэрэг дахин мөрдөн байцаалт буцаагдах, шүүх хурал хэдэнтээ хойшлох магадлалтай гэх таамаг байна. Мөн анхан шатны шүүхээс ямар нэгэн шийдвэр гарсан ч гэсэн давж заалдах болон хяналтын шатны шүүх гээд хэрэг нэлээд хугацаагаар сунжирч болзошгүй юм. 

Шүүгдэгчдийн ар гэрийнхний хувьд ийн гомдол хэлж байна. Ар гэрийнхэн нь болохоор хүнээ өмөөрөлгүй яах вэ? Гэтэл энэ хэрэгт холбоотой гэж гэрчилсэн Ц.Амгаланбаатарын өргөмөл эгч бас түүнийг Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг гүтгэсэн гэж үзэж байгаа аж. 

Ц.Амгаланбаатарын өргөмөл эгч Н.Гансүрэн:Ямар учраас эдгээр хүмүүсийг худлаа гүтгэж байгааг мэдэхгүй 

“Манай ээж Ц.Амгаланбаатарыг өргөж авсан юм. Намайг ч өргөж авсан. Орхон аймагт таксины жолоочийг хөнөөсөн хэргээр шүүхээс 25 жилийн хорих ял сонсч, чанга дэглэмтэй хорих ангид хоригдож байсан хүн гэнэт С.Зоригийг алсан хэрэгт холбоотой болоод гараад ирсэн. Энэ хүний гүтгэлэгээр миний төрсөн дүү Чимгээ, хөрш айлын залуу Б.Содномдаржаа нар хилсээр хоригдож, одоо яллуулах гэж байгаад гомдолтой байна. Чухам ямар учраас эдгээр хүмүүсийг худлаа гүтгэж байгааг мэдэхгүй юм. Энэ хүмүүс хэзээ ч ийм хэрэг хийх хүмүүс бишээ. Монголын төр шударга шийдвэр гаргахыг л харъя” гэв.

Гэрэл зургийг news.mn


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    bugd jujigchid
    2016 оны 12 сарын 15
  • Зочин
    jujig bish uu...
    2016 оны 12 сарын 14
  • Fuck
    xelmegduulelt yavagdaad baina sh dee, ilt
    2016 оны 12 сарын 14
Сонин хачин