• Эхлэл
  • 0-5 насны хүүхдэд эм, эмчилгээний үнийг чөлөөлнө

0-5 насны хүүхдэд эм, эмчилгээний үнийг чөлөөлнө

2016/12/16

Элэгний С вирусийн эмийн үнийг хөнгөлж, ханиад томууны дэгдэлтийн үед 0-5 насны хүүхдэд эм, эмчилгээний үнийг чөлөөлнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо.

Хэвлэл мэдээллийнхэнд нээлттэйгээр зохион байгуулж буй нь хуралдааны онцлог гэж НДҮЗ-ийн дарга, УИХ-ны гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр хэллээ. Найман асуудал хэлэлцсэний дотор олон нийтийн анхаарлыг татаж буй гурван асуудлыг тодотгоё.

Монгол улсад  400 орчим мянган иргэн элэгний С вирусын халдвар, өчвлөлтэй байна. Энэ нь хорт хавдар, нас баралтын голлох шалтгаан болж байгаа тул иргэдэд төрөөс хэрхэн анхаарал хандуулж, дэмжлэг үзүүлэх талаар НДҮЗ энэ удаагийн хурлаараа дараахь шийдвэрийг гаргалаа.

Засгийн газрын хуралдаанаас элэгний С вирусыг устгадаг таван төрлийн эмийн үнэд хайрцаг тутамд 210  мянган төгрөгөөр хөнгөлөлт үзүүлэх, санхүүжилтийг Нийгмийн даатгалын сангаас гаргах зохицуулалт хийхээр шийдвэрлэснийг НДҮЗ-ийн хурлын тогтоолоор албажуулж, хэрэгжүүлэх бололцоог бүрдүүллээ.

340-720 мянган төгрөгийн үнэтэй, өөр өөр улсад үйлдвэрлэгдсэн ч үйлчилгээ нь ижилхэн таван төрлийн эмийн нэг хайрцагт 210 мянган төгрөгөөр тооцож хөнгөлөлт олгоно.

Ханиад томууны дэгдэлтийн үед 0-5 насны хүүхдэд эм, эмчилгээний үнийг чөлөөлнө

Өвлийн хүйтрэл эхэлсэнтэй холбоотойгоор бага насны хүүхдүүдийн дунд ханиад, томууны дэгдэлт идэвхжиж хүүхдийн болон өрхийн эмнэлгүүд ачаалал ихтэй ажиллаж байна. Түүнчлэн эцэг, эхчүүд эм болон эмчилгээний төлбөрт багагүй мөнгө зарцуулж байгаа нь өрхийн төсөвт хүндрэл учруулж байгаа.

Тиймээс Нийгмийн даатгалын сангаас зарим төрлийн ханиад томууны эм, эмнэлгээр үйлчлүүлсэн эмчилгээний зардлыг санхүүжүүлэхээр 1.5 тэрбум төгрөг зарцуулахыг НДҮЗ-ийн хуралдаанаар зарчмын хувьд дэмжлээ. Эмийн үнийн хөнгөлөлтөд 500 орчим сая төгрөг, хэвтэн эмчлүүлэх зардалд тэрбум орчим төгрөг зарцуулна.

Тодруулбал, ханиад томууны эсрэг үйлчилгээтэй 10 гаруй нэр төрлийн эмийн үнийг 100 хувь чөлөөлөх, 0-5 настай хүүхэд ханиад томуугийн улмаас хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд төлбөргүй болгох хэрэгтэй гэж үзсэн.

Үүнд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн яамтай гэрээтэй хувийн эмнэлгүүд ч хамаарах юм байна.

Гэхдээ дээрх ажлыг хэрэгжүүлэхийн тулд холбогдох яам, агентлаг шуурхай ажиллаж эмийн нэрс болон үйлчилгээ үзүүлэх эмнэлгийн нэрийг тодотгох шаардлага байгаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам хамтран дээрхи ажлыг зохион байгуулна.

Нийгмийн даатгалын сангийн 2016 оны тайлан сонсож, дүнг хэлэлцлээ

Нийгмийн даатгалын Үндэсний Зөвлөл өнөөдөр Нийгмийн даатгалын сангийн 2016 оны тайланг сонсож хэлэлцлээ. Одоогоор Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдэл болох 557 тэрбум төгрөгийг есөн хувийн хүүтэйгээр банкинд байршуулсан. Харин Монголбанкнаас тогтоосон бодлогын хүү нь 15 хувь байгаа нь ихээхэн мөнгөний орлогын боломжоо алдаж буй хэрэг гэж салбарын сайд хэллээ.

Тиймээс бодлогын хүүнээс 6 хувь доогуур байгаа нь 557 тэрбум төгрөгийн орлогодвол зохих хүүнээс 30 орчим тэрбумыг алдаж байгаа зэргийг харгалзан банкинд харилцах хэлбэрээр байршиж байгаа 80 орчим тэрбум төгрөг, хадгаламж хэлбэрээр байршиж буй 557 тэрбум төгрөгийг нийлүүлээд банкуудад дахин байршуулахдаа хэд хэдэн шаардлага тавихаар шийдвэрлэлээ.

Нэгдүгээрт, Монголбанкны бодлогын хүүнээс доошгүй буюу 15 хувиас багагүй хүүтэй. Хоёрдугаарт, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах зорилгоор тэтгэвэр тавьж байгаа, тэтгэврийн зээл олгож байгаа банкуудтай харилцан тохиролцох замаар буюу маржинаа тохирох нөхцөлөөр байршуулах санал тавьсан. Үүний мөрөөр Төрийн банк, ХААН банкнаас саналаа ирүүлээд байгаа аж.

Цаашид бусад банкууд ирүүлж, дээрх ажил хэрэгжсэнээр тэтгэврийн зээлийн хүү буурна гэж Хөдөлмөр Нийгмийн хамгааллын яам үзэж байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин