УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр /2016.12.22/ Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцүүлгээс тав хоногийн завсарлага авсан тухай бид өмнө нь мэдээлсэн.
Үүнтэй холбогдуулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат тус намын бүлгийн гишүүдтэй санал солилцож завсарлагын хугацаагаа наашлуулахыг хүсч АН-ын бүлэг завсарлагын хугацаагаа дуусгахаар болжээ.
УИХ-ын Б.Пүрэвдорж “Ерөнхий сайд, Сангийн сайд нар Монголоо муулсаар байгаад зээлжих зэрэглэлийг бууруулсан. Монголбанкны ерөнхийлөгч нь арилжааны банкуудаа муулж зээлжих хэрэглэлийг нь мөн бууруулсан.
Одоо УИХ-ын гишүүд нь Хөгжлийн банкаа муулсаар байгаад кросс-дефолт болгож байна.Хөгжлийн банкны зээлийн 70 хувь биш 13.8 хувь нь л чанаргүй зээл болсон.
Манай бүлэг завсарлага авахдаа энэ мэтээр бодит нөхцөл байдлыг олон нийтэд танилцуулах гэж байсан юм.
Гэхдээ Засгийн газрын хүсэлтийн дагуу завсарлагын хугацаагаа дуусгаж байна. Нэг зүйлийг онцлоход Хөгжлийн банкны шалгалтын 200 хуудас материалыг ил тод болгож нууцаас гаргахыг хүссэн. Энэ хүсэлтийг Засгийн газар хүлээн зөвшөөрсөн” гэв.
Завсарлагын хугацаа дууссантай холбоотойгоор Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хаалттай хэлэлцэх саналыг нэр бүхий гишүүд гаргасан юм. Гэвч санал хураалт явуулахад олонхи нь нээлттэй хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Тиймээс Хөгжлийн банкны асуудлыг нээлттэй хэлэлцэхээр болж буй ажээ.
Сэтгэгдэл байхгүй байна