Энэ оны аравдугаар сарын сүүлээр Банк бус санхүүгийн байгууллагуудын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2.5 тэрбум төгрөг байхаар тогтоогоод байгаа бөгөөд энэ нь өмнө байгаагүй өндөр хэмжээний босго юм.
Өөрчлөлтийн шалтгааныг Санхүүгийн Зохицуулах Хороо эдийн засгийн хүндрэлтэй холбон эрсдэлийг бууруулах арга хэмжээ гэж тайлбарлаж байна.
Үүнд үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд хамрагдахгүй аж. Мөн хуучин шаардлага болох 800 сая төгрөгөөр хувь нийлүүлсэн хөрөнгөө бүрдүүлж зөвшөөрөл авахаар өргөдөл гаргаад байсан зургаан аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олгожээ.
Одоогоор Банк бус санхүүгийн байгууллагуудын 80 шахам хувь нь 800 сая төгрөгийн босгыг хангасан байдалтай байна.
"Цаашид Санхүүгийн Зохицуулах Хороо Банк бус санхүүгийн байгууллагуудаар дамжуулан тодорхой төслийн зээл олгох боломжийг судлах юм байна. Одоогоор 519 Банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж, III улирлын байдлаар салбарын хэмжээгээр 44.3 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна."
Харин Хадгаламж зээлийн хоршоодын тоо 280 болоод байна. Нийт актив нь 108.8 тэрбум төгрөг байгаа нь банкны салбарын 0.4 хувийг эзэлж байгаа аж. Хадгаламж зээлийн хоршоод нь 2014 оноос Бичил бизнесийг дэмжих хөтөлбөртэй уялдан 14.3 тэрбум төгрөгийн зээл дамжуулан өгөөд байна.
"12 дугаар сард хийсэн шалгалтаар Бичил бизнесийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа 122 Хадгаламж зээлийн хоршооны 12 хувь нь “сайн” үнэлгээ авсан бол 88 хувь нь зөрчил, дутагдалтай байжээ."
Хэдий тийм боловч Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга С.Даваасүрэнгийн мэдээлснээр “Тус хороо төвөөс алслагдсан бүсад санхүүгийн үйлчилгээ үзүүлж байгаа хоршоодыг нэмэгдүүлэх зарчим баримталж ажиллах” юм байна. Одоогоор салбарын зохицуулалтыг илүү боловсронгуй болгохоор хадгаламж, зээлийн хоршооны хуулийн шинэчилсэн төслийг боловсруулаад байгаа гэж Монголын Хоршооллын Үндэсний Нэгдсэн Холбооноос мэдээллээ.
Харин үнэт цаасны зах зээлд үүсмэл хэрэгслийн арилжаа нэвтэрнэ гэсэн хүлээлттэй байна. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн дагуу фьючерс, форвард, опцион, своп зэргийг арилжаалах боломжтой. Тиймээс холбогдох журмын төслийг боловсруулж эхлээд байгаа юм байна.
Үүсмэл санхүүгийн хэрэгслийг зах зээлд арилжсанаар мөнгөн хөрөнгийн чөлөөт урсгалыг үнэт цаасжуулах, хувьцаа, бонд, бараа, валют, хүү зэрэг суурь хэрэгслийн үнэ цэнийг эрсдэлээс сэргийлэх, хөрөнгийн зах зээл дэх бүтээгдэхүүнийг төрөлжүүлэн баяжуулж, хөрвөх чадварыг дээшлүүлэх ач холбогдолтой аж.
Энэ онд хоёрдогч захад хувьцааны арилжаа 56 хувиар нэмэгдэж, ЗГҮЦ-ны арилжаа 4.4 дахин нэмэгджээ. 2016 онд нэг л IPO хийгдсэн бол “Монос” компани нээлттэй хувьцаат компани болохоор ажиллаж байгааг мэдээлсэн нь 2017 байж болзошгүй юм.
Эх сурвалж: Uurhai.mn
Сэтгэгдэл байхгүй байна