• Эхлэл
  • 15-25 насны эмэгтэйчүүд нийлж хулгай хийдэг байжээ

15-25 насны эмэгтэйчүүд нийлж хулгай хийдэг байжээ

2016/12/23

Улаанбаатар хотын Цагдаагийн газраас өнөөдөр халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг дөрвөн бүлэг этгээдийг илрүүлснээ зарлалаа.

Хотын хэмжээнд үйлдэгдэж буй халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх чиглэлээр Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс “Үнэгний ав” нэртэй арга хэмжээг зохион байгуулжээ.

Арга хэмжээний үр дүнд халаасны хулгайн гэмт хэргийг үгсэн тохирч, зохион байгуулалттай үйлддэг дөрвөн бүлэг этгээдүүдийг олж илрүүлсэн байна. Үүнээс удирдан зохион байгуулж оролцдог нэр бүхий таван этгээдийг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч байгаа ажээ.  

Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Э.Бат-Эрдэнэ “Арга хэмжээний хүрээнд 19,872,000 төгрөгийн хохиролтой, 33 холбогдогчтой, 47 хэрэг, зөрчлийг илрүүлэн, хулгайд алдагдсан нийт 18 сая төгрөгийн үнэ бүхий 45 ширхэг гар утас, 850 мянган төгрөгийг хураан авч гэмт хэрэгт өртсөн иргэдийг хохиролгүй болгож ажиллалаа. 

Эдгээр бүлэглэлүүд Улаанбаатар хотын их дээд сургуулиуд, томоохон зах, худалдааны төв, албан байгууллагаар явж халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг.

Ялангуяа их дээд сургуулийн оюутнуудын гар утас хулгайлдаг У, Х нарын 15-25 насны долоон эмэгтэй бий. Тэд нийт 22 удаагийн үйлдлээр иргэдийн гар утас, эд зүйлийг хулгайлсныг илрүүлэн шалгаж байна. Гол зохион байгуулагч хоёр этгээдийг цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээ авч байгаа.

Арга хэмжээнд Улсын Ерөнхий Прокурор, Нийслэлийн прокурорын газар мөн ажиллаж байна. Цаашид энэ арга хэмжээ үе шаттай явагдах бөгөөд халаасны хулгайн гэмт хэрэгтэй хатуу тэмцэнэ” гэв.

Илрүүлсэн гэмт хэргүүдээс дурдвал: 

-Өмнөговь аймагт 2016.03.06-07-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Монгол тэмээ-999” тэмцээн, Геннисийн номд бичигдэх 1000 тэмээний уралдааны үеэр 11 удаагийн үйлдлээр бүлэг зохион байгуулалттайгаар бусдын эд хөрөнгийг хулгайлсан Э, Э, Ө, Г, Б, С, Э, Б нарын найман этгээдийг илрүүлэн баривчилж, Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн. 

-Нийслэлийн Баянгол, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах их, дээд сургуулиуд болон худалдааны төвүүдээр явж халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг 15-25 насны Х, Д, А, Х, У, Г, Т нарын эмэгтэйчүүд нь бүлэглэн, зохион байгуулалттайгаар 22 удаагийн үйлдлээр иргэдийн гар утас, эд зүйлийг хулгайлсныг илрүүлэн шалгаж байна. 

-Мөн Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй, Баянзүрх, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээр явж бусдын анхаарлыг сарниулан гар утсыг хулгайлдаг А, Б, Т, Б нарын 14-15 насны эрэгтэй хүүхдүүд нь орон гэрээсээ дайжин, халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэн, гэмт хэргийн замаар олсон мөнгөөрөө компьютер тоглоомын газруудаар хоноглон явдаг байсан нь тогтоогдсон. Дээрх сэжигтэн этгээдүүдийг дайчлан баривчлах үед амьдардаг түрээсийн байрнаас нь дөрвөн ширхэг гар утас гарч ирснийг нотлох баримтаар хураан авч, хохирогчийг эрэн сурвалжилж, олж тогтоосон байна. 

-2016.06.09-10-ны өдрүүдэд болсон Сангийн сайд нарын уулзалтыг сурвалжлахаар ирсэн БНХАУ-ын иргэн Цү Жин Хао нь 2016 оны зургаадугаар сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэр Чингис хааны нэрэмжит талбай дээр явж байгаад цүнхнээсээ “Sony” маркийн видео камер хулгайд алдсаныг эрхэлсэн тодорхой ажилгүй, Сүхбаатар дүүргийн харьяат А гэгч үйлдсэнийг илрүүлсэн.

-2016.07.06-07-ны өдрүүдэд болох Залуучуудын чуулга уулзалтад оролцохоор ирсэн АСЕМ-ын төлөөлөгч Грек улсын иргэн Christos Giovanopoulos нь 2016.07.04-нд Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг Улаанбаатар зочид буудлын орчимд явж байхдаа “Panasonic” маркийн зургийн аппарат хулгайд алдсаныг эрхэлсэн тодорхой ажилгүй, Сүхбаатар дүүргийн харьяат О гэгч үйлдсэнийг илрүүлсэн байна.

-2016.07.06-07-нд болсон Залуучуудын чуулга уулзалтад оролцохоор ирсэн АСЕМ-ын төлөөлөгч Бельги улсын иргэн Зрис Ванслам Брук 2016.07.06-ны өдөр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутагт байрлах “MB” рестораны задгай талбайд явж байхдаа гар цүнхтэй “Mac book”, “Lumix” зургийн аппарат, 100 евро, паспорт зэрэг эд зүйлээ хулгайд алдсаныг эрхэлсэн тодорхой ажилгүй, Хэнтий аймгийн харьяат Т гэгч үйлдсэн хэргийг халуун мөрөөр нь илрүүлсэн байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • zochin
    Arai ch dee emegteichuud 15-25 nasniikhan gedeg chini iim l luibariin khulgaichid deeremchid bolsond mash ikh emzeglej bna. Terees khuuliig mash khatuu bolgooch, ard tumnii nudenii emne edgeer emegteichuudiig changa shiitgeechee. Buur odoo shuu... arai ch dee , EBS n khuukhduud negniikhee khooloig zussen l gene Ene buzar kherguudiig tiichukh bish shuud l ter bagsh, ekh etsegt ni , nasand khurseniig ni shuud l shiitgeechee BOLOBSROLIIN YAMAA AJILLLAACHEE ...
    2016 оны 12 сарын 25