Монгол Улс 2014 онд дундаас дээш орлоготой орны тоонд багтсан боловч 2015 онд дундаас доогуур орлоготой орны ангилалд шилжээд байгаа талаар Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлж байна.
Тус хорооны тооцоолсноор 2015 онд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн оны үнээр, мөн Дэлхийн банкны атласын аргаар тооцсоноор 4177 ам.долларт хүрсэн байна.
“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030" баримт бичгийн төсөөллөөр Монгол Улс нь дунд орлоготой орнуудын тэргүүн эгнээнд орохоор зорьсон байдаг.
Монгол Улсын үйлдвэрлэлийн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2014 оны байдлаар 34.7 хувь байгаа нь нэг хүнд ногдох үндэсний нийт орлогоор Монгол Улстай төстэй Армен, Шри Ланка улсынхаас 6.1 болон 4.1 пунктээр их байна. Харин дэлхийн дунджаас 7.1 пунктээр их байгаа ажээ.
Дотоодын нийт бүтээгдэхүүний салбарын бүтцийг бүс нутгаар авч үзвэл, Хойд Америкийн орнууд, Латин Америк, Карибын тэнгисийн орнууд болон Европ, Төв Азийн улсуудад дотоодын нийт бүтээгдэхүүний 65-аас илүү хувь нь үйлчилгээний салбарт ногдож байна.
Монгол Улсын хувьд ч үйлчилгээний салбарын цар хүрээ үйлдвэрлэлийнхээс хурдацтай нэмэгдэж, 2014 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 50.5 хувь, 2015 онд 51.1 хувь болжээ.
Хэдий тийм боловч Монгол Улсын өрсөлдөх чадвар cүүлийн дөрвөн жил харьцангуй тогтвортой буюу өрсөлдөх чадварын индекс 3.7-3.9 хооронд байсан ба 93-107 дугаар байранд эрэмбэлэгдсэн байна. Үүнд макро эдийн засгийн орчин, санхүүгийн зах зээлийн хөгжил, инноваци, бизнесийн шинэ санаа зэргийн үзүүлэлт тааруу байгаа нь голлон нөлөөлжээ.
Түүнчлэн Монгол Улсад бизнес хийхэд тулгардаг гол асуудлуудад Засгийн газрын хүнд суртал, гадаад валютын зохицуулалт, ажиллах хүчний чадвар муу, инфляцын түвшин, бодлогын тогтвортой бус байдал зэрэг нь голлох таван хүчин зүйлд орсон байна.
Монгол Улс 2030 он гэхэд нэг хүнд ногдох үндэсний нийт орлогын хэмжээг 17 мянга 500 ам.долларт хүргэх, хүний хөгжлийн үзүүлэлтээр эхний 70-д багтах, өрсөлдөх чадварын индексээр эхний 70-д багтах, ядуурлын бүх төрлийг эцэс болгох, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалж, ногоон эдийн засгийн үзүүлэлтээр дэлхийн эхний 30 улсын нэг болох зорилтыг дэвшүүлжээ.
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо
Сэтгэгдэл байхгүй байна