Эдийн Засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан боллоо.
Хуралдаанаар Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуралдааны үеэр “Засгийн газар Хөгжлийн банк хооронд улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй үүссэн 3,2 их наяд төгрөгийн тооцоог 2016 оны арванхоёрдугаар сарын 31-нээр тасалбар болгож байгаа нь ямар учиртай юм бэ? Зээлийн эргэн төлөлтийг аж ахуй нэгжээс нэхэж авах юм уу” гэж олон гишүүд сонирхож асуусан.
Уг асуудалд ажлын хэсгийн төлөөлөгч “УИХ-аас батлахаар яригдаж буй тогтоолын төслийн нэгдүгээр заалтан дээр Засгийн газар, Хөгжлийн банк хоёрын хоорондох өглөг, авлагын тооцоог нийлүүлэхээр тусгаж өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл, Засгийн газар өөрийнхөө нэрийн өмнөөс гадаад зах зээл дээр гаргасан бондын нийт дүн 2.6 их наяд хүрсэн.
Энэ мөнгөө Хөгжлийн банкаар дамжуулж, дэд бүтэц, зам барих, үйлдвэрлэлийг дэмжих гэсэн гурван үндсэн чиглэлээр тодорхой төслүүдэд санхүүжилт хийсэн. Нөгөө талд, Хөгжлийн банкны эх үүсвэрийг Засгийн газар зээлэх замаар санхүүжүүлсэн төслүүд бий. Эдгээр төслүүдийн мөнгийг Засгийн газар төсвөөс нөхөн төлөх хэлбэрээр өглөгөө барагдуулахаар зохиуцуулалт хийгдэх юм.
Ингээд тооцохоор Хөгжлийн банк Засгийн газарт 2.6 их наяд төгрөгийн өглөгтэй, 3.2 их наяд төгрөгийн авлагатай байгаа юм. Энэ хоёр байгууллага авлага, өглөгөө тооцоолж, блансаа цэвэрлэх зорилгоор УИХ-аас тогтоолын төсөл батлахаар ажиллаж байна” гэв.


Сэтгэгдэл байхгүй байна