• Эхлэл
  • Дээрмийн бүлгийг саатуулжээ

Дээрмийн бүлгийг саатуулжээ

2016/12/27

Улаанбаатар хотын цагдаагийн газраас сүүлийн үеийн гэмт хэрэг, зөрчилтэй холбоотой мэдээлэл хийлээ.

Энэ үеэр 21 удаагийн үйлдэлтэй дээрмийн бүлгийг саатуулсан талаар мэдээлсэн юм. 18-25 насны таван залууг илрүүлжээ.

Тэд Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутагт шөнөөр ганц нэгээрээ явж буй иргэдийг боож унаган бүлэглэн зодож, хүч хэрэглэн дээрэмддэг байсныг илрүүлсэн байна.

Тэднийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ. Үүнтэй холбоотойгоор Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт дээрэмдүүлсэн иргэд Баянзүрх дүүргийн эрүүгийн цагдаагийн тасагт хандаж мэдээлэл өгөхийг санууллаа.

60 настай зодуулж амиа алджээ

Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Ү.Хосбаяр арванхоёрдугаар сард илрүүлсэн, онц ноцтой хэргүүдийн талаар мэдээлэл өгсөн юм.

-Баянзүрх дүүрэгт жирэмсэн эмэгтэйг боож унаган аминд нь хүрсэн хэрэг өнгөрөгч долдугаар сард гарчээ. Энэ хэргийг арванхоёрдугаар сард нөхөн илрүүлэн шалгаж байна. Албаныхны мэдээлж буйгаар хэргийг Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, 1987 оны залуу үйлджээ.

-60 настай эмэгтэй Чингэлтэй дүргийн 12 дугаар хорооны жалганд дээрэмдүүлэн зодуулж амиа алдсан байдалтай олдсон байна. Энэ хэргийг 1991 онд төрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянхонгор аймгийн харьяат Т үйлдсэнийг тогтоожээ. Энэ хэргийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн алба хаагч нар шалгаж байгаа аж.

-Мөн машинаараа такси үйлчилгээнд явж байсан Г-г зорчигч араас нь боож унагажээ. Улмаар “I-Phone-4” маркын гар утас, 30 мянган төгрөгийг дээрэмдсэн байна. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст энэ хэргийг шалгаж эхэлжээ.

Урамшуулалт эргүүлд 183 сая төгрөг зарцуулжээ

Нийслэлд гэмт хэрэг зөрчлийг бууруулахаар хэв журмын эргүүл ажиллуулж эхэлжээ. Эргүүлийг нэгдүгээр сарын 1-нийг хүртэл ажиллуулах юм. Нийслэлд 1459 эргүүл ажиллаж байгаа аж. Улмаар эргүүлийн илрүүлсэн мэдээллийн мөрөөр шалгалт хийж нийтдээ 920 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ тооцжээ. Одоогоор хэв журмын эргүүлд 183 сая төгрөгийг зарцуулсан байна.

Цагдаагийн байгууллагынхан баяр ёслолын үетэй холбогдуулан “Шинэ жил” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж гудамж талбайд нэмэгдүүлсэн хүчээр үүрэг гүйцэтгэж эхэлсэн талаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын мэргэжил аргазүйн тасгийн дарга Л.Амармөрөн мэдээллээ.

Нэгдсэн арга хэмжээний эхний 20 хоногт нийтдээ 27 мянган дуудлага хүлээж авсан байна.

Үүний 900 гаруй нь гэмт хэргийн шинжтэй юм байна. 48 хувь нь хулгайн гэмт хэрэг эзэлжээ. Энэ дундаа халаасны хулгай 42, дээрмийн хэрэг 37, булаалт 23, машины зогсоол дахь хулгай 102, баар ресторан дахь хулгай 10 бүртгэгджээ.

Мөн энэ үеэр иргэдийг зөвшөөрөлтэй хоёр компаниас салют худалдаж авахыг санууллаа. “Очир Ундраа”, “Протек” гэсэн хоёр компани л салют, протехникийн хэрэгсэл худалдаалах зөвшөөрөлтэй юм байна.

Эх сурвалж: News.mn


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна