Монгол Улсад орчин цагийн шүүх байгуулагдсаны 105, Улсын Дээд шүүх байгуулагдсаны 90 жилийн ойн өдрийг тохиолдуулж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэндчилгээ дэвшүүлсэн байна. Энэхүү мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭ
Эрхэм хүндэт шүүгчид ээ,
Шүүхийн ахмад үеийн төлөөлөгчид өө,
Энд уригдан ирсэн хүндэт зочид оо,
Та бүхэнд Монгол Улсад орчин цагийн шүүх байгуулагдсаны 105, Улсын Дээд шүүх байгуулагдсаны 90 жилийн ойн мэндийг хүргэе. Шүүхийн шинэтгэлийн үйл хэрэгт гар бие оролцож шүүх эрх мэдлийн эд эс болж яваа та бүхэн энэхүү түүхэн өдрөө амжилт бүтээл, эрч хүч, итгэл дүүрэн угтаж байгаа нь эргэлзээгүй.
Монгол Улсад шүүх тогтолцоо байгуулагдаж шүүн таслах үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаас олон сорилт, бэрхшээлийг нэр төртэйгээр даван туулж өнөөгийн түвшинд ирээд байна. Өнгөрсөн хугацаанд Шүүх байгууллага хууль хэрэглээний соёлыг нэвтрүүлэх, төлөвшүүлэх, шударга ёсны хэмжүүрийг үзэл суртлын нөлөөнөөс ангижруулах, эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэх замаар нийгэмд эрх зүйн соёлыг түгээн хөгжүүлсээр 21 дүгээр зууны босгыг давсан. Энэ үйл хэрэгт Монгол Улсын Дээд шүүх ямагт ноён нуруу байж ирснийг тэмдэглэх нь зүйтэй.
Өнөөдөр бид шүүхийн шинэтгэлийг эхлүүлж шүүхийн багц хуулиар шүүхийн дагнасан төгтолцоонд шилжих, төсөв, санхүүгийн бие даасан байдлыг бататгах, шүүн таслах болон шүүхийн захиргааны үйл ажиллагааг тусгаарлах, шүүхийн хүний нөөцийн чадавхийг нэмэгдүүлэх ажлыг шат дараатайгаар, амжилттайгаар хэрэгжүүлж шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг бататган бэхжүүлэх үйлсэд томоохон алхмыг хийж чадсан гэж бахархалтайгаар хэлж болно.
Эрхэм хүндэт шүүгчид ээ,
Эрхэм хүндэт шүүхийн захиргааны ажилтан, албан хаагчид аа,
Шүүхийн шинэтгэлийг хэрэгжүүлэх, гүнзгийрүүлэх, төлөвшүүлэхэд оруулж буй Та бүхний хувь нэмрийг би онцлон цохон тэмдэглэе. Эрх зүйч мэргэжлийн оргил нь болсон ажил мэргэжлийнхээ нэр хүндийг өндөрт өргөж явах амаргүй боловч нэр хүндтэй үүрэг хариуцлагыг үүрч яваа та бүхэнд ихийг хийж бүтээхийн өлзийтэй ерөөл дэвшүүлье.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ
ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ
Улаанбаатар хот
2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр
Сэтгэгдэл байхгүй байна