МҮОНРТ-ийн “Цагийн хүрд” хөтөлбөрөөр Ерөнхий захирал Ц.Оюундарийг эсэргүүцсэн мэдээлэл “Шуурхай мэдээ” гэсэн тайлбартайгаар шууд дамжуулагдаж шуугиан тарьсан. Энэ талаар тус агентлагийнхан ч өөрсдөө мэдээгүй байсан бөгөөд хэзээ ч тасалдаж байгаагүй эфирийг нууцаар шахам “эзэмдэж” ийм үйлдэл хийснийг уран бүтээлчид нь ч эсэргүүцэж байсан. Утга нь:захирал Ц.Оюундарь эрх мэдлээ урвуулан ашиглаж байгаа тухай. Харин үүнийг УИХ, Засгийн газрыг МАН олонхиороо бүрдүүлснээр эрх баригчдын “хараа”-ндаа байлгах дуртай МҮОНРТ-ийн захирлаар өөр буюу өмнөх эрх баригч Ардчилсан намын гишүүн ажиллаж байгааг эсэргүүцэж, удахгүй өөрчлөхийн дохио гэж таамаглаж байсан билээ. Тэгвэл шинэ оны баярын өдрийн өмнөхөн Ц.Оюундарь үүрэгт ажлаа хүлээлгэж өгөх болсон тухайгаа өөрийн FB хуудастаа
-Ажил хийлгэхгүй, элдэв шалгалтаар "булаад", ганц намайг бус хамт ажилладаг бүхий л хүмүүсийг дуудаж шалгаагаад, элдэв бичиг баримт нэхээд зүгээр байлгахгүй зовлонтой юм. Амь биш заяа биш гээд ажлаа өгчихлөө. Амар тайван амарч, шинэ оноо сэтгэл тэнэгэр угтах минь... Ажлыг минь орлон гүйцэтгэх амаргүй ачааг хүлээн авсан Ninje Ninj д амжилт хүсье. Өчигдөр болсон ҮЗ-ийн хурлаас Ерөнхий захирлын сонгон шалгаруулалт зарлах шийдвэр гаргасан. Ил тод өрсөлдөхөө манай дэд захирлаар ажиллаж байсан Demberel Ninj зарласан байна лээ. Аль алинд нь амжилт хүсье! Миний хувьд MNB төслийн ажлаа үргэлжлүүлж, ҮЗ-тэйгээ илүү нягт хамтран ажиллах болсондоо баяртай байна. Уран бүтээлдээ ч цаг зав зарцуулах боломжтой болох байх. Гэхдээ л энэ их ажил, дарамт шахалт, шалгалт шүүлгийн дундуур амжуулж, ХХ зуун төслийн залуустайгаа хамтран 2 бүлэг баримтат кино хийгээд авсан шүү. Болоогүй бас нэг баярын нэвтрүүлэг хөтөлчихсөөн гэж бичсэн байна.
Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 28-нд Ц.Оюундарийг өөрийнх нь хүсэлтээр ажлаас нь чөлөөлж, тус телевизийн Ерөнхий захирлаар Л.Нинжжамцыг томилсон байна. Ингээд энэ талаарх албан мэдээллийг хүргэе.
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл 2016 оны арванхоёрдугаар сарын 28-ний өдөр хуралдаж зарим тогтоол шийдвэрийг гаргажээ. Тус хуралдаанаар УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хорооны 07 тоот тогтоол, Үндэсний аудитын газар, Сангийн яам, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын хамтарсан шалгалтын тайлан, УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын Хорооноос ирүүлсэн дүгнэлт зөвлөмжийг хэлэлцээд хуулийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий Үндэсний зөвлөлийн ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсэг тогтоолын хэрэгжилтээ 2017 оны нэгдүгээр сарын 16-ны дотор УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын Хороонд тайлагнахыг Үндэсний зөвлөлийн дарга, ажлын хэсгийн ахлагч Б.Энхмандахад үүрэг болголоо.
Мөн МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөллөө. Ерөнхий захирал чөлөөлөгдсөнтэй холбогдуулж МҮОНРТ-ийн ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр МҮОНРТ-ийн дэд захирал Л.Нинжжамцыг томиллоо.
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлөөс 2017 оныг “Сайн засаглалын жил” болгон зарласантай холбогдуулж МҮОНРТ-ийн "Сайн засаглалын хөтөлбөр"-ийг өнөөдрийн хуралдаанаар баталлаа.
Л.Нинжжамц нь “Толь” сонины Ерөнхий редактор, Монголын сонины холбооны Гүйцэтгэх захирал, МҮОНРТ-д Тамгын газрын дарга, ЗГХЭГ-т Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч, Хэвлэл мэдээллийн албаны дарга, Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны даргын зөвлөх, Өглөөний сонины Ерөнхий эрхлэгч болон МҮОНРТ-ийн дэд захирлын ажлыг тус тус хийж байв. Тэрээр философич, эрх зүйч мэргэжилтэй бөгөөд эрх зүйн магистрийн зэрэгтэй.
Сэтгэгдэл байхгүй байна