АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн шийдвэрээр ОХУ-ын 35 дипломатч тус улсыг орхин гарсан тухай ИТАР-ТАСС мэдээлэв. АНУ дахь ОХУ-ын Элчин сайдын яамны албаны хүний мэдээлснээр “persona non grata” буюу “тааламжгүй этгээд” хэмээн зарласан хүн нэг бүрээс гадна тэдний гэр бүлийнхнийг Оросын тусгай үүргийн онгоцоор эх оронд нь авчирчээ. Онгоц шинэ оны эхний өдөр Вашингтон хотоос хөөрч, өнөөдөр /2017.01.02/ үүрээр Москвад газардсан байна.
2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд АНУ-ын улс төрийн байгууллагууд, үүний дотор Ардчилсан нам болоод тус намаас нэр дэвшигч Хиллари Клинтоны кампанид цахим халдлага явуулсан гэж Обамагийн засаг захиргаа ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын тагнуулын алба, Холбооны аюулгүй байдлын алба, мөн хэд хэдэн компанийн эсрэг хориг арга хэмжээ авсан юм. Мөн 35 дипломатчийг “тааламжгүй этгээд”-ээр зарлаж, АНУ-аас яаралтай гарахыг үүрэгджээ. Обама арванхоёрдугаар сарын 29-нд дээрх шийдвэрийг гаргасан бөгөөд тэдгээр дипломатчдад АНУ-аас гарах 72 цагийн хугацаа өгсөн байна.
Обамагийн энэ шийдвэрийн хариуд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын дипломатчидыг нутгаасаа хөөхгүй гээд, Дональд Трамп албан ажлаа хүлээн авсны дараа сэвтсэн харилцааг сэргээхийг хичээнэ гэсэн байна.
Эх сурвалж:news.mn С.ЦЭЛМЭГ
Сэтгэгдэл байхгүй байна