Онцгой байдлын албаныхан шинэ жилийн өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллажээ. Нийт Онцгой байдлын албаны хэмжээнд шуурхай албаны болон гал унтраах нийт 967 нэгж тусгай зориулалтын автомашин, техник, 2188 албан хаагч (давхардсан тоогоор) жижүүрлэн үүрэг гүйцэтгэн ажиллажээ.
Дээрх өдрүүдэд төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагууд бичил уурхайд агааргүйдсэн, ногооны зооринд угаартсан, цасанд болон мөсөнд цөмөрсөн, ахуйн осолд орсон 15 иргэнийг авран эмнэлгийн анхны тусламж үзүүлжээ. Гэвч харамсалтай нь дөрвөн хүн ослын улмаас амиа алдсан хэрэг гарсан байна.
Түүнчлэн улсын хэмжээнд нийтдээ объектын 26 гал түймэр гарч, аймаг, нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангийн аврагч нар ажилласан аж.
Тодруулбал, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны тавдугаар байрны 18 тоотод 12 дугаар сарын 31-ний өдөр гарсан гал түймэрт иргэн Х (72 настай, эмэгтэй), Б (58 настай, эрэгтэй), Ц (6 настай, эрэгтэй) нар угаартсан тул эмнэлгийн анхны тусламж үзүүлэн нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн төвд хүргэжээ.
Мөн баяр амралтын өдрүүдэд Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Онцгой байдлын газраас “Улаанбаатарын мөнгөн үдэш-2017” шинэ жилийн цэнгүүнд зориулан Сүхбаатарын талбай, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Сонгинохайрхан дүүргийн Баянхошуун дахь Зүрх-Уул, Сүхбаатар дүүргийн Дамбын гүүр, Баянзүрх дүүргийн Маахуур толгой зэрэг газруудад ёслолын буудлага хийсэн байна. Уг ёслолын буудлагын үеэр 124 албан хаагч, гал унтраах зориулалтын болон тусгай зориулалтын долоон авто машинтайгаар хамгаалалтанд үүрэг гүйцэтгэжээ.
Сэтгэгдэл байхгүй байна