Төв талбайн зүүн талын “Централ Таур”-ийн 15 давхарт гадны иргэн халдлага үйлдэхийг завдсан талаар eaglenews.mn сайт мэдээлсэн байна. Тэнд ажиллаж байгаа сурвалжлагчийнх нь мэдээлснээр нэгэн гадны иргэн тэсрэх бөмбөг дэлбэлнэ гэж иргэдийг сүрдүүлсэн. Хэргийн талаар цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Цагдаа нар хэргийн газарт ажиллаж байна” гэжээ. Ийм дуудлага ирсний дагуу цагдаагийн алба хаагчид дотор байсан иргэд, үйлчлүүлэгчдийг гаргаж, 200 метрийн зайд онцгой байдал зарлаад байгаа гэжээ.
“Централ Таур”-ын 15 давхарт MCS компанийн охин компаниуд байрладаг бөгөөд зарим эх сурвалж сүртэй зүйл болоогүй, сэжигтэн этгээд ямар нэгэн зэвсэг, тэр дундаа буу, бөмбөггүй байсан, үймээн тарих гэсэн бололтой гэсэн мэдээлэл өгч байна. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа юм байна. Зарим эх сурвалж, гадаадын иргэн биш, зүгээр л бага зэргийн үл ойлголцол гарсан бололтой гэгдэж байна. Харин хэргийн газар дээр ажиллаж байгаа цагдаагийн алба хаагч сэтгүүлчдэд дадлага сургуулилт явуулж байна гэсэн тайлбар өгсөн гэсэн мэдээлэл байна.
Харин Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Ё.Лхагвасүрэн NEWS агентлагт
-Сүрдүүлэгч этгээд Сэнтрал таурын зургадугаар давхарт байрлах Канад улсын Элчин сайдын яамны байранд тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдтай уулзахаар 16.00 цагийн орчимд очсон. Элчин сайдын яамны зүгээс тухайн иргэнд уулзуулах боломжгүй гэсэн хариултыг өгөхөд Дани улсын иргэн элчин сайдын яамны ажилтантай үл ойлголцож, бөмбөг дэлбэлнэ гэж сүрдүүлжээ. Энэ үед -Сэнтрал таур"-ын хамгаалалтын алба цагдаагаас тусламж хүсч, дуудлага өгсөн. Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албан хаагчид, нийслэлийн Онцгой байдлын газрын аврагчид ажиллаж байна гэж мэдээлсэн байна.
Өмнө нь буюуу 2013 онд Гал үндэстэн холбооныхон Төрийн ордоны гадаа буу дуугаргаж, “Сентрал таур”, Байгаль орчны яаманд гар аргаар хийсэн тэсрэх бөмбөг тавьсан гэж мэдэгдэн, тухайн өдөр онц байдал тогтоон тэдгээр байруудад болон ойр орчмын байгууллагуудын хүмүүсийг гаргаж, нэгжлэг хийж байсан. Тухайн үед сануулга өгөхийн тулд ажиллагаагүй бөмбөг тавьсан, санамсаргүй буу алдсан гэж тайлбарлаж байсан ч тус холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр энэ хэрэгтээ хоригдох ял эдлэн суллагдаж байсан юм.
Үүнээс хэдхэн хоногийн өмнө буюу өнгөрөгч амралтын өдрүүдээр Цэнхэр үст Цэрэн гэж алдаршсан Э.Цэрэндолгорын эзэмшлийн кафед үл мэдэгдэх хүмүүс цонхыг нь хагалан орж, компьютерийнх нь процессорыг хулгайлан явсан хэрэг мөн гарсан бөгөөд уг хэргийг цагдаагийнхан шалгаж байгаа гэж мэдээлсэн билээ.
Нэмэлт мэдээлэл:2017.01.09-ний 20.30 цаг
Хэргийг Тагнуулын ерөнхий газарт шилжүүлжээ
"Централ Таур"-ын зургадугаар давхарт бөмбөг дэлбэлэхээр сүрдүүлсэн хэргийн мөрөөр мэргэжлийн байгууллагууд шалгалт хийсээр байна. Одоогоор цагдаагийнхан ямар нэгэн бөмбөг болоод тэсэрч дэлбэрэх бодис олоогүй. Гэхдээ шалгалтыг нарийвчлан үргэлжлүүлж байгаа ажээ. Сүрдүүлэгч этгээд өөрийгөө Данийн иргэн гэж хэлсэн ч батлагдаагүй бололтой. Эл хэргийг Тагнуулын ерөнхий газарт шилжүүлэн шалгахаар болжээ.
Сэтгэгдэл байхгүй байна