Налайх дүүрэгт галзуу өвчин гарсан учир хөл хорио тогтоогоод байна. Энэ сарын 4-ны өдрийн 10.12 цагт Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт бэлчээрлэж явсан хонь руу золбин ноход дайрч барьжээ. Уг мэдээллийн дагуу Онцгой байдал, Цагдаа, Мэргэжлийн хяналт, ТҮК-ийн ажилтан албан хаагчид шуурхай ажиллаж, золбин нохдоос дээж аван нийслэлийн Мал эмнэлгийн ариун цэврийн лабораторид хүргүүлсэн аж. Лабораторийн шинжилгээний хариугаар мал, амьтны галзуу өвчнөөр өвчилсөн нь тогтоогдсон байна.
Тиймээс 2017 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр дүүргийн Онцгой комиссын “Хүн, мал амьтны халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх” шуурхай ажлын хэсэг яаралтай хуралдаж, Налайх дүүргийн 1-р хороонд 14 хоногийн хугацаанд хязгаарлалтын дэглэм тогтоогоод байна. Хязгаарлалтын дэглэм энэ сарын 19-ныг хүртэл үргэлжилнэ.
Галзуу өвчний тохиолдол гарсан тухай мэдээллийг 01 сарын 06-ны өдөр нийслэлийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг дүүрэгт ажиллах үеэр шуурхай танилцуулж, холбогдох арга хэмжээг шуурхай авч ажиллаж байна гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.
Харин Хөвсгөл аймгийн Жаргалант суманд өчигдөр буюу нэгдүгээр сарын 9-нөөс эхлэн энэ сарын 12-ныг хүртэл онц байдал зарлажээ. Учир нь тус сумын Хөнжилийн гол, Мааньт голын дагуух айл өрх гудамж, хороолол шар усны үерт автсан байна.
Онц байдал зарласантай холбогдуулан сумын төвийн айл өрхийн 18-50 насны иргэд, техник хэрэгслийн дайчилгааг зохион байгуулж үерт автсан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлж байгаа аж.
Сэтгэгдэл байхгүй байна