Нэг хэсэг шуугианы эзэн болж байсан “Доён” хочит У.Болдын талаар өнгөрсөн жилийн зургадугаар сард Туулын бургасан буу гарган зугаацсан гэсэн мэдээлэл гарч байсан. Тэгвэл түүнийг цагдаагийнхан баривчилжээ. Түүнтэй хамт т.Өлзийжаргал мөн баривчлагдсан. Тэд Туул голын бургасанд буудалцсан хэргийг шалгаж байх явцад мөрдөн байцаалтаас оргон зайлсан гэсэн мэдээлэл байна. Мөн “Доён” хочит У.Болдын ах Сэлэнгийн гэх хочтой У.Баатаржав, бусдыг айлган сүрдүүлж, дарамталсан Гандан бороо хочит Ч.Батхуяг нарыг цагдаа нар өнгөрсөн долоо хоногт баривчлан шалгаж эхлээд байгаа гэнэ.
Тухайн үед буюу өнгөрсөн зун гэрчүүдийн мэдээлснээр Туул гол орчимд буун дуу гармагц тэр орчимд эрэгтэй хүмүүс чанга инээлдэж эхэлсэн. Буун дуу гарснаас хагас цаг орчмын дараа Хан-Уул дүүргийн цагдаагийн алба хаагчид хэргийн газарт ирсэн боловч сэжигтэн хэргийн газраас зугтсан байсан аж. Уг хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж энэ хэргийг Доён Болд гэгч этгээд үйлдсэнийг эх сурвалжууд мэдээлснээр түүнийг эрэн сурвалжилж байгаа гэсэн юм.
“Доён” Болд гэгч өмнө нь “Центрпоинт”-ын хэрэг, Гүнтийн буудалцаан, баар, цэнгээний газар олон нийтийг сүрдүүлэн танхайрсан гэх мэт олон хэрэгт шалгагдаж явсан мөн залилангийн хэргээр хоригдож байсан. Нэг хэсэг Замын-Үүдийн чөлөөт бүсийн ашиглалтын өмнөх захиргааны ахлагч гэгдэж байсан. Түүний ах нь 2013 онд Улаанбаатар төмөр замын баруун талд байрлах авто зогсоолын газрыг хуурамч бичиг баримт бүрдүүлэн, эрх бүхий этгээдийг айлган сүрдүүлэх замаар өөрийн болгосон нь илэрч, хэрэг үүсгэн шалгагдсан боловч удалгүй түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон гэсэн мэдээлэл байдаг.
У.Болд Цонжинболдог амралтын газарт архидан согтуурсан үедээ “Ланд-200” маркийн машин унаж танхайран, амарч зугаалж явсан иргэдийг дайрч гэмтээн, явган хүний шат, хашлага мөргөж хохирол учруулсан, тухайн үед “Миний машины тоормос гэнэт ажиллагаагүй болж, мөн миний зүрх өвдөөд машин жолоодлогогүй болсон” гэж мэдүүлж, удалгүй хэрэг нь хаагдсан байдаг.
У.Болд 2004-2006 онд “Төв Азийн хөрөнгө оруулалт” хадгаламж зээлийн хоршооны захирал Г.Сүрхийсайханаас 400 сая төгрөг залилан авч түүгээрээ байр, машин худалдан авсан хэмээн Сүхбаатар дүүргийн шүүхээс хоёр жил дөрвөн сарын хугацаагаар хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэж байжээ.
Энэ удаагийн хэргийн хувьд буу буудаж, танхайрсан, зөвшөөрөлгүй галт зэвсэг хэрэглэсэн гэж түүнийг шалгах бололтой.
Сэтгэгдэл байхгүй байна