• Эхлэл
  • ҮАБЗ:Хотын захиргааны шийдвэрийг дэмжив

ҮАБЗ:Хотын захиргааны шийдвэрийг дэмжив

2017/01/10

Улаанбаатарын хувьд гамшиг болоод байгаа агаарын бохирдлуудын асуудлаар хэн хүнгүй, ярьж хэлж гасалж байна. Ээж, аавуудын утааны эсрэг эсэргүүцлийн ачаар ч тэр үү, хотын захиргаа, Засгийн газар, холбогдох яам нь ч дээр дооргүй хэмжээ хэмжээндээ дуугарч л байна. Хотын захиргааныхны хуввьд өчигдөр /2017.01.09/ хотын агаарын бохирдолтой танилцаж, Улаанбаатар хотын захирагч "угсраа" шийдвэрүүд гаргасан бол өнөөдөр /2017.01.09/ Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өргөтгөсөн хуралдаан хийлээ. Дээр өгүүлсэн "угсраа" шийдвэрүүдийн нэг Улаанбаатар хотын захирагч нийслэл рүү шилжих хөдөлгөөнийг 2018 оны нэгдүгээр сарын 1 хүртэл хязгаарласан нь олон нийтийн дунд шүүмжлэл, сайшаал өрнүүлж байгаа. Тэгвэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар Улаанбаатар хотын захирагч С.Батболдын гаргасан шийдвэрүүдийг дэмжиж зөвлөмж гаргахаар болжээ. Энэ зөвлөмжид шилжилт хөдөлгөөнийг хориглосон хугацааг сунгах боломжтой гэж үзсэн байна.

ҮАБЗ-ийн хуралдааны дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Би иргэдийнхээ эсрэг шахсан хавчсан шийдвэр гаргамааргүй байна. Миний гаргасан шийдвэр болгон иргэдийн төлөө байна. Утааны асуудлаас болж бидний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгаа. Тиймээс бүгд хамтдаа зүтгэж утааны ард гарах хэрэгтэй. 2017 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн Улаанбаатар хотын зах, худалдааны төвүүдэд энгийн хийцтэй зуух худалдаалахыг хориглоно. Нийслэл хотод мэргэжлийн байгууллагаас зөвшөөрөл авсан, стандартын хийцтэй зуух худалдаална. Ингэснээр одоо ашиглаж байгаа энгийн зуухыг үе шаттай халах арга хэмжээ авна. Хотын төв хэсэгт нэг ч яндангаас утаа гаргахгүй болгоно. Хэрэв дугуй түлэх зэргээр холбогдох дүрэм журмыг зөрчвөл торгуулийн арга хэмжээ авна. Хэн ч мөнгө санхүү, орлогогүйгээрээ далимдуулж болохгүй. Мэдээлэл өгсөн иргэдийг урамшуулна. Шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан явдал хүний эрхийг зөрчөөгүй. Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх Үндэсний хуулийн хамгийн эхэнд бичээстэй байгаа. Мөн нийслэлд шилжин ирсэн иргэдийг орон нутагт буцаах хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Тухайлбал, орон нутгийн удирдлагуудтай ярьж ажлын байр нэмэгдүүлэх, орон нутагт газар олгох, малжуулах талаар судалж эхэлсэн” гэлээ.

Мөн захирамжид ороогүй нэг зүйл бол авто машины утааны асуудал аж. Тэрбээр хэлэхдээ “Утаа их ялгаруулдаг машиныг Улаанбаатар хотын төвийн замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар төлөвлөж байгаа. Цаашид “hybrid” хөдөлгүүртэй авто машиныг нийтийн тээвэрт явуулна. Харин хувийн авто машины оношилгоог сайжруулна” гэлээ.

Мөн тэрээр:

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт агаарыг бохирдлыг 20 хувь бууруулна гэж төлөвлөсөн. Улаанбаатар хотын амьжиргааны баталгаажих түвшин доогуур орлоготой хүмүүст түүхий нүүрс өгдөг байсан. Одоо бол сайжруулсан түлш өгнө. Цаашид нийслэл хотын түүхий нүүрсний хэрэглээг халах замаар агаарын бохирдлыг бууруулна. Хот хэнийг ч ажлын байргүй болгохгүй. Дугуй засвар ажиллуулж байгаа хүмүүс нүүрс түлэхээ болих хэрэгтэй. Тэд сайжруулсан түлш, газ, халаагуур хэрэглэж болно. Хоёрдугаарт, Засгийн газрын зүгээс халаагуур болон бусад хэрэгслийг гаалийн татвараас чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ гэжээ.

Маргааш мөн агаарын бохирдлын асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч хэвлэлийнхэнтэй уулзалт хийх юм.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна