Өнгөрсөн долоо хоног чамгүй олон үйл явдал өрнөж, олны анхаарлыг татсан асуудлууд хурцатсан өдрүүд байв. Ингээл өнгөрсөн долоо хоногийн үйл явдлыг тоймлон хүргэж байна.
Үндсэн хууль баталсны 25 жилийн ой
Монгол Улс ардчилсан Үндсэн хуулиа баталсны 25 жилийн ой нэгдүгээр сарын 23-нд тохиов. Энэ өдөр Үндсэн хууль батлалцсан депутатуудыг Төрийн ордонд хүлээн авч хүндэтгэл үзүүлж, Жанжин Сүхбаатарын хөшөө, Их эзэн Чингис хааны хөшөөнд цэцэг өргөв. Мөн Үндсэн хуулийн 25 жилийн ой өдөр Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслол болж, шагналыг Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Должингийн Баярсайханд гардууллаа.
Нийслэлд гамшгийн бүс тогтоов
Олон жил яригдсан нь ч олигтой шийдэлд хүрэхгүй байгаа агаарын бохирдлын асуудлаар анх удаагаа шахам Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хаалтай хуралдаж, нь маргааш өргөтгөсөн хуралдаан хийж, зөвлөмж гаргаж, зөвлөмжийг УИХ, Засгийн газар, аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга зэрэг чиг үүрэг бүхий байгууллагад хүргүүлсэн юм. Нийслэлийн хэмжээнд онцгой байдлын горимоор ажиллаж, гамшгийн бүс тогтоож, шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргасан юм. Тодруулбал, 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл нийслэлийн гамшгийн бүст шилжин ирэгсдийг хязгаарлах шийдвэрийг Хотын дарга гаргасан. Мөн энэ шийдвэрийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар дэмжиж, шаардлага гэж үзвэл хугацааг сунгах нь зүйтэй гэсэн зөвлөмжийг гаргасан юм. Мөн зөвлөмжийн хүрээнд Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг батлах үүргийг Засгийн газар, УИХ-д өгсөн юм.
Ерөнхийлөгч сэтгүүлчидтэй уулзаж мэдээлэл хийв
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгүүлчдэд болон олон нийтэд мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Эхийн хэвлийд байгаа хүүхэд амьгүй болох хэмжээнд хүрсэн энэ гамшгийг гамшиг, аюул гэхгүй юм бол өөр юуг аюул гэх юм бэ. Утааны эсрэг төрийн бүх байгууллага үйл ажиллагаагаа нийцүүлэх хэрэгтэй. Утааны үеийнхэн гэдэг бүхэл бүтэн үе Монгол Улсад бий болж байна. Улаанбаатарт ирж байгаа хүмүүс аятайхан амьдрах гэж зорьж ирдэг. Түүнээс эрүүл мэндээрээ хохирч үлдэх гэж ирээгүй. Би 2009 онд Ерөнхийлөгчөөр сонгогдоод Улаанбаатар хот аюултай хот боллоо гэж сануулж хэлж байсан. Утааны асуудлыг олон нийтийн анхаарлын төвд оруулахын тулд маш удаан хугацаа зарцууллаа. УИХ, Засгийн газрыг шахаж байж Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль 2010 онд гаргасан. 2011 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг зөвхөн агаарын бохирдлын асуудлаар хуралдуулж байсан. Утааны асуудал үргэлж миний зүрхэнд байсан. Би зургаан жилийн өмнө утааг зүрхэндээ хар гэж хэлж байсан. Хэлнэ гэдэг бол хийхийн эхлэл. Хууль, зөвлөмж гаргаж байгаа нь хийхийн эхлэл. Та бүхэн 2-3 сарын дараа утаанаас өөр асуудалд анхаарлаа хандуулж мэдэх юм. Хэрэв тэгвэл энэ асуудал унана шүү. Ер нь утаа гэдэг бол иргэн бүрийн хүний хариуцлагатай холбоотой" гэв.
Ардчилсан намын даргын сунгаа үргэлжилсээр
Ардчилсан намын даргад нэр дэвшигчид 21 аймаг, есөн дүүргийн намын гишүүдтэй уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулах уулзалтаа хийж буй. Одоо нэр дэвшигчид Увс, Ховд, Баян-Өлгий, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймгууд, нийслэлийн долоон дүүрэгт ажиллах үлдээд байгаа юм. АН-ын дүрмийн дагуу нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа дуусахад 15 хоног үлдээд байгаа юм. Нэр дэвшигчдийн сурталчилгаа оны өмнө арванхоёрдугаар сарын 22-ны өдөр эхэлсэн. Сурталчилгаа нийт 40 хоног үргэлжлэх бөгөөд нэгдүгээр сарын 29-ний өдөр АН-ын шинэчилсэн бүртгэлд хамрагдсан гишүүд намын даргын сонгуульд санал өгөх юм.
АТГ-ын 10 жилийн ой
Авлигатай тэмцэх газар үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойг нэгдүгээр сарын 11-ний өдөр тохиов. Ойн хүрээнд авлигатай үр дүнтэй тэмцэх чиглэлээр асуудал дэвшүүлэн, шийдвэрлэх арга замаа тодорхойлж, цаашид нийгмийн бүлгүүдтэй хамтран ажиллах зорилгоор “Авлигын эсрэг үндэсний чуулган”-ыг зохион байгуулав.
УИХ-ын гишүүн С.Жавхлан экс гишүүн Г.Уянгатай хамтран Ерөнхийлөгчийг огцруулна гэв
Утааны талаар ярьсан Ерөнхийлөгчийг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж эсэргүүцэж үг хэлснийг сошиалаар шуугив. Үүний дараа гишүүн С.Жавхлан гишүүн асан Г.Уянгатай хамт хэвлэлийн хурал хийж 12 үндэслэлээр Ерөнхийлөгчийг огцруулна гэж мэдэгдээд байна.
Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу
Г.Уянга, С.Жавхлан нарын Ерөнхийлөгчийг огцруулах үндэслэл


Сэтгэгдэл байхгүй байна