Нийслэлийн гэмт хэргээс урдчилан сэргийлэх зөвлөлийн хурлын дараа холбогдох албаныхан таван иргэний хордсон шалтгааны талаар мэдээлэл өглөө. Баянгол дүүргийн 2-р хороонд нэгдүгээр сарын 16-нд таван иргэн хордож нас барснаар нэгдүгээр сарын 17-ноос нийслэлд архи, согтууруулах ундаа худалдаалахыг гурав хоногийн хугацаатай хориглосон. Хэдийгээр хорионы хугацаа нэгдүгээр сарын 20-нд дуусгавар болсон ч шинжилгээний дүнгийн талаар албан ёсны мэдээлэл гараагүй байсан юм.
Тэгвэл өнөөдөр хийсэн албан мэдээллээр бол нас барсан иргэдийн цуснаас метиллийн спирт илэрсэн гэсэн тайлбарыг л албаныхан өгч байна. Үүнд:Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга Ж.Эрдэнэболд
-Хэргийн газраас олдсон эд зүйлсийг шалгаж байгаа. Эд эсийн шинжилгээний хариу эцэслэж гараагүй. Хохирогчдын биеэс метилийн спиртийн найрлага илэрсэн. Хэргийн газраас олдсон "Найрсаг" архийг үйлдвэрлэдэг "Мөнхжин-Од" компанид шалгалт хийж, нэгдүгээр сарын 17-нд үйл ажиллагааг нь хаасан. Шинжилгээгээр "Найрсаг" архины хатуулгийн стандартын хэмжээ бага гарсан. Мөн "ЖЕМ интернэйшнл"-ийн бүтээгдэхүүнд шалтгалт хийхэд сорилын дүнгээр стандартын шаардлага хангасан гэв.
Шалгалтаар "Мөнхжин-Од" болон компанийн үйлдвэрлэсэн архи шошгон дээрээ 39 градус гэж бичсэн ч 32-37 буюу хатуулаг нь харин ч бага байсан гэнэ. Гэхдээ мэдээж энэ нь үхлийн шалтгаан болохгүй.
Өөрөөр хэлбэл, шалгалтаар архинд хийсэн шинжилгээнээс бол ноцтой зөрчил илрээгүй гэсэн үг. Гэхдээ тэд “Гайхмаараа” шил арчигч шингэний 40 хувь нь метонол буюу метилийн спирт байдаг, иймд иргэд спиртийн хольцтой ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийг анхаарал болгоомжтой хэрэглэх хэрэгтэй гэсэн анхааруулгыг өгч байв. Мэдээж архинд ч метилийн спирт агуулагддаг. Гэхдээ яг архинаас хордсон уу, шил арчигч шингэнээс хордсон уу гэдгийг нарийн тодорхой хэлсэнгүй. Басхүү Шүүхийн шинжилгээний газрын орлогч дарга н.Ганбаяр эсийн шинжилгээний нарийвчилсан дүн 7-14 хоногийн дараа илэрнэ гэж дахин тодотгов.
“Бүрхэг” гэмээр энэ мэдээллээр бол “Мөнхжин-Од” компанийн үйлдвэрлэсэн “Найрсаг” архинаас иргэд хордсон гэж үзэж хорио тогтоосон ч хэргийн газраас олдсон гэж буй “Гайхмаараа” шил арчигч шингэнээс хордсон байж болохыг үгүйсгэх аргагүй гэсэн тайлбар дагалдах бололтой.
Архинаас болж хордсон гэж хорио тогтоочихоод шил арчигчаас болсон гэж тодоор хэлэх нь албаныханд хүнд байсан бололтой. Харин албаныхан энэхүү мэдээллийн үеэр архи, согтууруулах ундаа худалдаалахыг хориглосон өдрүүдэд гэмт хэрэг хэрхэн буурсан талаар онцлон тодотгож мэдээлж байв. Басхүү “хордлого”-ын хэргээс улбаалаад дахин аж ахуйн нэгжүүдэд архи согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдан борлуулах эрх олгохгүй байх, шөнийн 04.00 цаг хүртэл ажиллаж байгаа зарим баар, цэнгээний газрын цагийн хуваарийг өөрчлөх, цаашилбал архи,согтууруулах ундаан дахь сптртийн хувь хэмжээний одоо хэрэглэж буй стандартыг өөрчлөх “чухал чухал” арга хэмжээнүүдийг авах шаардлагатай болсныг энэхүү “хордлого” харууллаа гэж албаны хүмүүс харин их тод хэлж байна.


Сэтгэгдэл байхгүй байна