БНАСАУ ойрын хугацаанд “Мусудан” дундын зайн тусгалтай баллистик пуужин харваж магадгүй гэж мэдэгдлээ. Тив хоорондын тусгалтай баллистик пуужингийн хөгжүүлэлт эцсийн шатандаа орсон гэж мэдэгдэж байсан ч технологийг илүү сайжруулах шаардлага гарсан гэж Хойд Солонгосын цэргийн өндөр тушаалтан мэдэгдсэн байна.
“Тив хоорондын тусгалтай баллистик пуужинг ойрын хугацаанд турших төлөвгүй байгаа. Гэхдээ Ким Чен ун удирдагч тушаал өгвөл дундын зайн тусгалтай баллистик пуужин харвахад бэлэн” гэж тус улсын Батлан хамгаалах яам мэдэгджээ.
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун шинэ оны илгээлтдээ “тив хоорондын тусгалтай баллистик пуужингийн хөгжүүлэлт эцсийн шатандаа орсон” хэмээж, АНУ-ын нутаг дэвсгэрт хүрч чадах цөмийн цэнэгт хошуу бүхий тив алгасах пуужин турших цаг удахгүй ирнэ гэсэн билээ.
Пхеньян 2016 оны дөрвөөс аравдугаар сарын хооронд найман удаа “Мусудан” пуужин туршсан ч бүтэлгүйтэж, нэг нь л тодорхой зайнд тусчээ. “Мусудан” пуужин нь 1,3 тонн цөмийн цэнэгт хошуу тээвэрлэн, 3000-3500 км буюу Номхон далайн баруун эрэгт орших АНУ-ын Гуам арал, эсвэл Японд хүрч тусах хүчин чадалтай гэнэ.
ЭХ СУРВАЛЖ: news.mn С.Цэлмэг
Сэтгэгдэл байхгүй байна