Монгол Улсын Засгийн газар ирэх гуравдугаар сарын 21-нд “Евро бонд”-ын 580 сая ам.долларын өрийг төлнө. Төлөх хугацаа ойртсон энэ үед эдийн засгийн хямралтай байгаа учраас Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Осоргарав 10 сая төгрөг, 10 адуу, алтан бөгж улсад хандивлаж, олон нийтээс дэмжлэг хүссэн. Харин үүнийг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан дэмжиж, хувиасаа 100 сая төгрөгийг улсад хандивлахаа мэдэгдсэн билээ.
Тэгвэл Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө” уриалгыг санаачлагч, гавьяат эдийн засагч Б.Осоргаравыг хүлээн авч уулзан талархал илэрхийлсэн юм. Уулзалтын үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Нэр хугарахаар яс хугар” гэж сургаж ирсэн, бидэнд эх орон хамгийн үнэ цэнэтэй. Энэ үүднээс би нэг удаагийн уулзалт дээр “Эдийн засгийн хямралыг эрсдэлгүй давах, эх орныхоо нэр хүндийг муугаар дуудуулахгүйн тулд шаардлагатай бол би ард түмэндээ ичихгүйгээр хандана” гэж хэлсэн удаатай. Гэхдээ өнөөдөртөө тийм байдал үүсээгүй байна. Монгол Улс авсан өрөө цаг хугацаанд нь бүрэн төлнө, эдийн засгийн хямралаа ч давж чадна. УИХ, Засгийн газар, холбогдох албаныхан ажиллаж байна. Хамгийн гол нь би таны эх оронч сэтгэл, ард түмнээ эв нэгдэлд дуудсан санаачилгыг хүндэлж, бас үнэлж байна" гэсэн юм.
Түүний хэлсэн үгнээс харахад хэдийгээр улс орон эдийн засгийн хямралтай байгаа ч иргэдийнхээ халаас руу орох хэмжээнд хүрээгүй байгаа гэнэ. Энэ удаагийн өрийг Засаг газар өөрсдийн нөөц бололцоогоор төлж барагдуулах аж. Мөн эдийн засгийн хямралаас гаргахад хандив өргөх данс нээгдэж, хандивын данс явагдаад буй нь хэн нэгэн этгээдийн хийж буй залилан байж болзошгүй байна. Иймд ард иргэд улсдаа хандив өргөх гэж байгаа бол баталгаатай нотолгоотой албаны хүмүүстэй уулзахыг зөвлөж байна.
Б.Анир
Сэтгэгдэл байхгүй байна