• Эхлэл
  • Таван хүүхэдтэй өрх толгойлсон аав гэртэй боллоо

Таван хүүхэдтэй өрх толгойлсон аав гэртэй боллоо

2017/02/06

Монголчууд ядарч, зүдэрсэн нэгэндээ туслах нандин ёстой. Тэр тусмаа сүүлийн үед өөрсдийн санаачлагаар хэн нэгэнд туслах сайн үйлсийн аян улам олширч байгаа нь сайшаалтай. Тухайлбал өнгөрсөн амралтын өрдүүд “Ачит үйлстэн сан”-гийнхан таван хүүхэдтэй, өрх толгойлсон аавд өргөө цагаан гэр барьж өгч тусалжээ.  

Энхтайван ой дөрвөн сартайгаас 13 нас хүртэл таван хүүхэдтэй. Гагнуурчин мэргэжлээрээ ажилладаг өөрийн гэсэн гэр оронгүй нийтийн байр түрээслэн амьдардаг байжээ. Гэтэл бага охин халуун тогоонд түлэгдэж, хөөрхий аавд дахин нэг зовлон тохиолджээ. Аав ажлаа таслахгүйгээр ажиллаж таван хүүхдээ тэжээх, түрээсийн байрны сар бүрийн 140 мянган төгрөг төлөх ёстой. 13 настай том хүү нь аавдаа нэмэр болон дөрвөн дүүгээ харж асардаг байсан ч эргээд харахын хооронд бяцхан дүү нь тогоотой хоол татаж түлэгджээ. Охин гар болон биеийн хэсэгтээ гүнзгий түлэгдсэн учраас арьс нөхөх хагалгаанд орох шаардлагатай. Түлэгдэлт гэдэг маш хүнд, зовиуртай басхүү эмчилгээний зардалд мөнгө шаардлагатай нь тодорхой.

Ингээд “Ачит үйлстэн” сангийнхан өрх толгойлсон аавд ядахдаа сар бүрийн байрны түрээсийн мөнгө төлөх зардлаас нь чөлөөлж туслахын тулд монгол гэр бэлэглэн, өөрсдөө барьж өгчээ. Бас сайхан сэтгэлтэй тэд охины хагалгааны зардлыг мөн гарган, эмчилгээнд туслаж байгаа юм байна. Ийм сайхан сэтгэлтэй хүмүүсийн буянаар охин удахгүй эдгэх буй за. Сайхан сэтгэлийн үйлс дэлгэрэх болтугай.

Дашрамд дурдахад тус сангийнхан өмнө бас олон хүнд туслаж буян үйлдэж, хүүхэд багачуудад сэтгэлийн бэлгээ түгээж ирсэн юм байна.

Тэдний ачлалт үйлсийн талаар ЭНД-ээс дэлгэрэнгүй мэдээлэл авч болох юм байна.

Сайхан сэтгэлт залуустаа уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна