• Эхлэл
  • Ж.Батзандан гишүүн ээ, та залуусаа хохироосоор байх уу?

Ж.Батзандан гишүүн ээ, та залуусаа хохироосоор байх уу?

2017/02/06

Шударга зарчим ярих дуртай Ж.Батзандан гишүүнээс болж, 40 гаруй залуу уран бүтээлээрээ хохирч болзошгүй болоод байна. Хэргийн учир гэвэл тэдний шинэ бүтээлийн постерыг эрхэм гишүүн Ардчилсан намын даргын сунгаанд ашиглачихжээ. Та бүхэн эрхэм гишүүний хөмсөг зангидсан чухал төрхтэй  “Улаанбаатар архигүй хот”-намайг дэмжсэн залуусдаа баярлалаа гэсэн постеруудыг санаж байгаа байх. Гэтэл энэ нь   SPACE энтертайментийн “Баатар” хэмээх төсөл, шинэ уран бүтээлийнх нь постер байж.

Гэтэл эрхэм гишүүний сонгуулийн сурталчилгааны нэг хэсэг байсан мэт сэтгэгдэл төрөхөөр болж, зарим ивээн тэтгэгчид нь тэдэнтэй хамтарч ажиллахаас татгалзаж эхэлжээ. Үндсэндээ улс төрийн үйл ажиллагаанд хутгалдсан гэсэн буруу ойлголт, үл ойлголцол хамтрагчид, ивээн тэтгэгчдэд нь төрсөн гэсэн үг. Ингээд залуу уран бүтээлчид Ж.Батзандан гишүүнд хандаж, албан бичиг илгээж, ядахдаа уучлал гуйж, буруу ойлголтыг залруулж өгөхийг гуйсан ч эрхэм гишүүн “гөлөөг ч гэсэн” хариу өгөхгүй байгаа гэнэ. Уг нь SPACE энтертайментийн залуус удахгүй баримтат киноныхоо нээлтийг хийхээр төлөвлөөд байгаа. Гэтэл одоо тун эвгүй, учир битүүлэг байдал үүсээд байгаа юм.

Оюуны өмчийг хамгийн том хулгай гэдэг. Гэтэл УИХ-ын гишүүн нь хулгай хийчихээд хариу ч өгөхгүй зугатаагаад байгааг юу ч гэж ойлгомоор юм бэ дээ? Цаашилбал, эрхэм гишүүн танаас болоод 40 гаруй уран бүтээлч залуу хохирохоор болчихоод байна. Эрхэм гишүүн та, ямар нэгэн хариу хэлж, уучлал гуйж болдоггүй юм уу?

Жич:УИХ-ын гишүүн Ж.Батзанданд илгээсэн бичгийг хавсаргав.

 

УИХ-ын гишүүн хууль зүйн ухааны доктор Ж.Батзандан танаа.

SPACE энтертаймент нь гадаадад болон дотоодод урлагийн чиглэлээр сургууль төгссөн мэргэжлийн 40 гаруй залуу уран бүтээлчдийн нэгдэл билээ. Бидний нийгэм рүү чиглэсэн томоохон төслийн эхлэл болох Баатар нэртэй баримтат киноны маркетинг 6 сарын өмнө төлөвлөгдсөн юм.

Баатар төсөл нь манай нийгэмд тулгамдаад буй томоохон асуудлуудын нэг болох архины эсрэг нийгмийг уриалах, ашгийн бус уран бүтээлчдийн дуу хоолой болсон бүтээл юм. Гэтэл таны албан ёсны пейж хуудсанд манай сошиал маркетингийн нэг хэсэг болох постер буюу оюуны хөдөлмөрийг маань ашигласан байгаа нь бидний нэр хүнд хийгээд зорилго, төслийн маань хэрэгжилтэд маш том саад болж байна.

Баатар нэртэй энэхүү төслийг бид ямар нэгэн улс төрийн зорилго агуулаагүй бүтээсэн бөгөөд нийгмийнхээ сайн сайхны төлөө хийсэн бүтээлийг маань олон нийт нам, улс төрчийн PR мэтээр ташаа ойлгохын зэрэгцээ бидэнтэй гэрээ хийж хамтран ажиллаж буй компаниуд гэрээгээ цуцлах хэмжээнд хүрээд байна.

Иймд дараах арга хэмжээг авч өгч тусална уу!

Үүнд: Уг асуудалтай холбоотой бидэнд үүссэн хохирлыг та олон нийтэд зөвөөр ойлгуулж мэдээлэл хийхийг хүсэж байна.

Баатар баримтат кино маань хоёрдугаар сарын 16-нд нээлтээ хийхээр төлөвлөгдсөн. Тиймээс та бидний оюуны хөдөлмөрийг маань хүндэтгэж албан ёсоор уучлал хүсэж, бидэнд учруулсан бодит болон бодит бус хохирлыг маань барагдуулна уу.

Мөн яаралтай өөрийн ашигласан постер зургаа устгаж. Өөрийн зүгээс пейж хуудсандаа бидний төслийг таны сонгуультай холбогдолгүй болохыг албан ёсоор илэрхийлнэ үү!

Хүндэтгэсэн SPACE ЭНТЕРТАЙМЕНТ

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна