УИХ-ын намрын чуулганыг хоёрдугаар сарын 10-нд буюу энэ долоо хоногийн баасан гаригт хаахаар төлөвлөжээ. УИХ-ын даргын зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаж, энэ долоо хоногт 17 хууль, тогтоолын төсөл хэлэлцэн намрын чуулганыг өндөрлүүлэх боломжтой гэж үзсэн байна.
Хэлэлцэх асуудлын жагсаалтад Цагдаагийн албаны тухай, Дотоодын цэргийн тухай, Хөдөлмөрийн тухай, Зөрчлийн тухай, Эрүүгийн тухай хуулийн төсөл болон Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн хэвшилд худалдсан асуудлыг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг сонсохоор төлөвлөсөн байна.
УИХ-ын намрын чуулган ихэнхдээ есдүгээр сард нээлтээ хийж, сар шинийн баяраар өндөрлөдөг. Хаврын чуулганы нээлтийг ханш нээх өдөр эхлүүлдэг уламжлал ерөнхийдөө тогтсон. Гэхдээ хэлэлцэх асуудлуудын явц болон, цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан хаалтыг хийх болон ээлжит бус чуулган зарлах эсэхийг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл шийдвэрлэдэг.
Дашрамд дурдахад Эрдэнэтийн 49 хувийг ОХУ-аас худалдан авсан нь хууль зөрчсөн эсэх тухай асуудлыг өнгөрсөн долоо хоногт байнгын хороодоор хэлэлцсэн. Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу энэ долоо хоногт уг асуудлыг нэгдсэн чуулганаар хэлэлцэх ёстой. Тэгэхээр энэ долоо хоногтоо багтаан Эрдэнэтийн 49 хувь гэж нэршээд байгаа анхаарал татсан асуудлыг чуулганаар хэлэлцэн, намрын чуулганы хаалтаа хийх бололтой.
А.Ану
Сэтгэгдэл байхгүй байна