• Эхлэл
  • Ц.Амгаланбаатар нарын давж заалдах хурал хэзээ болох вэ?

Ц.Амгаланбаатар нарын давж заалдах хурал хэзээ болох вэ?

2017/02/08

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зоригийн амийг хөнөөсөн хэргийг 18 жилийн дараа буюу өнгөрсөн оны арванхоёрдугаар сард анх удаагаа анхан шатны шүүхээр хэлэлэцэн Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт 24-25 жилийн ял оноосон билээ. Хорих 461 дүгээр ангид хаалттай болсон энэ хурлын талаар олон нийтийн дунд чамгүй шүүмж, маргаан өрнөж байсан. Яллагдагч Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн хилс хэрэгт гүтгэгдсэн хэмээн  хэвлэлийн бага хурал зарлаж, тайван жагсаал ч хийсэн. Хилс хэрэг гэж үзэж байгаа учраас давж заалдах, мөн давж заалдах шатны шүүх хурлыг нээлттэй явуулах шаардлага тавина гэж байсан билээ. 

Тэгвэл өнгөрсөн баасан гаригт  /2017.02.03/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс давж заалдах шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Дээр өгүүлсэн гурван хүнд захиалгат аллага үйлдсэн, өмнөх хэргээ нуун далдлахын тулд гэр бүлийн дөрвөн хүн /эхнэр нөхөр, хоёр хүүхэд/-ийг галдан шатаасан гэсэн хэрэгт ялласан. Нэгэнт захиалгат аллага гэж тодорхойлсон ч захиалагчийн талаар одоохондоо тодорхойгүй байгаа бөгөөд Ц.Амгаланбаатар нарын хэргээс аллагын захиалагчийн хэргийг тусгаарлаж, Тагнуулын Ерөнхий газрын мөрдөн байцаах хэлтэс, Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөн байцаагч нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж буй гэсэн мэдээлэл л байгаа. Уг ажлын хэсгийн ажил ямар шатанд яваа нь одоогоор тодорхойгүй байна.

Харин дөрвөн хүнийг галдаж амь насыг нь хөнөөсөн хэргийн тухайд тухайн үедээ цахилгаан хэрэгслээс үүдэлтэй гэж байсан ч одоо энэ хэрэгт холбогдуулах болсон нь тун  тодорхойгүй гэж байгаа. Галд нас барсан өрхийн тэргүүн залууг УИХ-ын асан Ш.Отгонбилэгийн бие хамгаалагч байсан гэсэн яриа гарсан ч үүнийг мөн хэн ч нотлоогүй, харин ч үгүйсгэж байгаа. Энэ мэтчилэн олон нийтийн дунд оньсого таавар мэт олон асуулт тараагаад байгаа хэргийн давж заалдах шатны шүүх хурал хэзээ болох нь одоогоор тодорхойгүй. Процетурын дагуу хавтаст хэргийг шүүх хүлээн авч шүүгч, шүүгч хэрэгтэй танилцах гэх мэт тодорхой хугацаа шаардлагатай байдаг билээ.

А.АНУ 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    ЗӨВ ШҮҮ
    2017 оны 02 сарын 09