Ардчилсан намын VII их хурал хоёрдугаар сарын 12-нд Улаанбаатар хотод боллоо. Тус нам арван жил тасалдаад байсан их хурлаа “сэргээж”, түүхэндээ зургаа дахь их хурлаа өнгөрсөн арванхоёрдугаар сарын 6,7-нд хийсэн. Энэхүү VI их хурлаараа намынхаа шинэ даргыг бүх гишүүдийн саналаар сонгохоор тунхагласан. Ийн сунгаа явуулсны эцэст нь шинэ даргаа VII их хурлаараа баталгаажуулна гэж зарласны дагуу хоёрдугаар сарын 12-нд их хурлаа хийж байгаа юм.
Сануулахад VI их хурлын шийдвэрийн дагуу Ардчилсан намын даргад таван нэр дэвшигч өрсөлдөн өнгөрсөн нэгдүгээр сарын 29-нд болсон санал хураалтаар С.Эрдэнэ намын гишүүдийн олонхийн саналаар ялалт байгуулсныг өнөөдрийн их хурлаараа баталгаажуулж, намын даргын тамгыг өмнөх дарга З.Энхболд гардуулан өглөө.
Хуралд Ардчилсан намын 180 мянган гишүүнийг төлөөлж 2854 төлөөлөгч оролцов. Өмнөх VI хуралд 1206 гишүүн оролцсон юм.
Шинэчлэл хийнэ гэж зарласан Ардчилсан нам энэ хурлаараа дээр өгүүлснээр намын шинэ дагаа ёслон баталснаас гадна Үндэсний зөвлөлдөх хорооны нэр, гишүүдийг өөрчлөв. Өмнө намын удирдлага болох Үндэсний зөвлөлдөх хороо нь 240 гишүүнтэй байсан бөгөөд одоо Үндэсний бодлогын хороо нэртэй 380 төлөөлөгчтэй боллоо.
Мөн энэ хурлаар Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргыг сонгож, батламжилна гэж байсан ч шинэ генесекээ сонгож чадсангүй. Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргад Ц.Тувааныг томилно гэсэн мэдээлэл байгаа ч МоАХ-аас Г.Байгальмааг томилуулах хэлэлцээг эхлүүлсэн тухай яриа гарч байсан байна.
Шинэчилсэн дүрмийн дагуу Ерөнхий нарийн бичгийн даргыг намын дарга санал болгох учраас ирэх долоо хоногт багтан Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын нэрийг тодорхой болгож томилох аж.
Хуралдаанаас Ардчилсан намын VIII их хурлыг тавдугаар сарын эхээр хийхээр товложээ.
А.Ану
Сэтгэгдэл байхгүй байна