Исламын шашинтай долоон орны иргэдийг АНУ-д нэвтрүүлэхийг хориглосон шийдвэр нь эсэргүүцэлтэй тулгарч, шүүхээс хориг тавьсан ч Дональд Трамп бууж өгсөнгүй. АНУ-ын аюулгүй байдалд аюул занал учруулж мэдэх нэр бүхий хэдэн орны иргэдийг нутаг дэвсгэртээ оруулахгүй байх шинэ хоригийг батлахаар зэхэж байгаа тухай ВВС мэдээлэв.
Air Force One онгоцноос хийсэн мэдэгдэлдээ тэр “цоо шинэ хориг”-ийг даваа, эсвэл мягмар гаригт гаргана гэсэн байна.
Дональд Трампын нэгдүгээр сарын 28-нд гаргасан хоригт исламын шүтлэгт иргэд давамгайлдаг Иран, Ирак, Сири, Судан, Йемен, Ливи, Сомали гэсэн долоон орны иргэдийг 90 хоногийн хугацаанд АНУ руу нэвтрүүлэхгүй байхаар заасан юм. Мөн 120 хоногийн хугацаанд Сириийн дүрвэгч иргэдийг хүлээн авахгүй байх тухай асуудал мөн багтсан. Ихээхэн эсэргүүцэл, шүүмжлэлтэй тулгарсан түүний шийдвэрт Сиэттл хотын Холбооны шүүх хориг тавьж, улмаар Сан Франциско хотын Давж заалдах шатны шүүх хоригийг хэвээр үлдэхээр шийдвэрлэсэн билээ.
Энэ дагуу АНУ-ын ерөнхийлөгч цагаачлалын асуудлаар шинэ зарлиг гаргахаар болсон бололтой. Одоогоор шинэ хоригт ямар асуудлыг тусгах, өмнөхөөс ямар ялгаатай байх нь тодорхойгүй байна. Дональд Трамп хуучин хоригоос “бага зэрэг өөрчлөгдөнө” гэдгээс өөр нарийвчилсан мэдээлэл өгөөгүй юм.
Цагаачлалын шинэ хориг гаргахаар хэлэлцэж буй хэдий ч Трампын засаг захиргаа шүүхээс царцаасан өмнөх хоригийн асуудлаар давж заалдана гэдгээ мэдэгдсэн байна. Дональд Трамп “Бид энэ тэмцэлд ялах болно” хэмээгээд, “Харамсалтай нь цаг хугацаа дэмий үрж байна. Гэхдээ цоо шинэ хориг батлах зэргээр бидэнд өөр олон хувилбар бий” гэжээ.
Трампын “цагаачлалын хориг” гэгдээд буй шийдвэр одоогоор царцмал байдал байгаа. Нэгэнт шүүхээс ерөнхийлөгчийн шийдвэрт хориг тавьсан тул АНУ-д нэвтрэх виз бүхий дээр дурдсан долоон орны иргэд, мөн Сирийн дүрвэгсэд АНУ-ын хилээр нэвтрэх эрх нь нээлттэй хэвээр байгаа юм. Харин АНУ-ын нэг жилд хүлээн авах дүрвэгсдийн тоог 50 мянга болгож бууруулсан Дональд Трампын шийдвэр хүчин төгөлдөр ажээ.
ЭХ СУРВАЛЖ: news.mn
Сэтгэгдэл байхгүй байна