Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Малайзын олон улсын нисэх буудалд бусдад хорлогдож амиа алдсан тухай Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллээ.
Умардын удирдагч асан Ким Чен Ирийн ууган хүү Ким Жун-нам Куала Лумпур хотын нисэх буудалд гэнэтхэн ухаан алдаж унажээ. Түүнийг яаралтай түргэн тусламжийн тэргээр авч явсан боловч эмнэлэгт хүргэгдэж чадалгүй замдаа нас барсан тухай Малайзын цагдаагийн байгууллага мэдэгдсэн байна. Тэрээр Малайзаас Макао руу нисэх гэж байжээ.
45 настай Ким Жун-намыг нисэх буудалд хоёр эмэгтэй хүн хортой зүүгээр хатгаж хордуулсан, тэдгээр нь Хойд Солонгосын тусгай ажилтнууд байсан зэрэг мэдээлэл Малайзын телевизээр цацагдлаа.
Путражая хотын эмнэлгийн Задлан шинжилгээний хэсэг рүү орох замыг хааж, эмнэлгийн хамгаалалтын ажилтнууд хамгаалалтад гарчээ. Ким Жун-нам Куала Лумпурын нисэх буудлаар эмнэлэг хүргэгдэх замдаа нас барсан болохыг Малайзын цагдаагийн байгууллага мэдэгдэв.
Ким Жун-намын биеийн байдал муудсаны дараа хоёр эмэгтэй такси бариад, нэн даруй зугтсан гэж Малайзын засгийн газрын хэд хэдэн эх сурвалжийн мэдээлэл цацагджээ.
Малайзын цагдаагийн байгууллага нисэх буудалд бие нь гэнэт муудаж, улмаар амиа алдсан хүн нь Хойд Солонгосын иргэн Ким Жун-нам байсан, хохирогч Макао руу нисэх гэж байсан зэрэг мэдээллийг баталсан байна.
Селангор мужийн цагдаагийн газрын дарга Абу Самах Мат хэргийн талаар “Биед нь ямар нэг шингэн зүйл цацсаны дараа зовиурлаж, бие нь тавгүйрхсэн хэмээн нисэх буудлын тусламжид хандсан, удалгүй Путражая эмнэлэгт хүргэгдэх замдаа амьсгал хураасан” гэх мэдээлэл өгсөн байна.
Цагтаа Хойд Солонгосын залгамж халааг авах ирээдүйн удирдагч гэгдэж байсан Ким Жун-нам 2001 онд хуурамч пасспорт ашиглан Японы Диснейлэндэд очих гэж байгаад эх орноосоо гарч чадалгүй баригдсан юм. Тухайн үед эцгийнхээ нэр нүүрийг барсан, ичгэвтэр, шившигтэй байдалд оруулсан гэж шүүмжлэлд өртөж байжээ.
Тэрээр Ким Чен Ирийн анхны амраг гэгдэх жүжигчин Сун Хе-римийн хүү юм.
Тэр явдлаас хойш амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа гэгдэж байсан Ким Жун-нам эх орноосоо дайжиж, сүүлийн хэдэн жил гадаад орнуудаар, тэр дундаа Хятадын Макаод голдуу амьдарч байжээ.
2011 оны арванхоёрдугаар сард эцэг нь таалал төгссөний дараа Ким Чен Ун Хойд Солонгосын удирдагч болсон юм. Тэрбээр цөмийн болон алсын тусгалтай пуужингийн хөтөлбөрөөр далайлган дотооддоо төдийгүй олон улсад нэр алдраа баталгаажуулж, хүлээн зөвшөөрүүлэхээр хичээж ирсэн юм. Хамгийн сүүлд өнгөрсөн ням гаригийн /2017.02.12/ өглөө дундын зайн тусгалтай баллистик пуужин туршсан нь амжилттай болсон гэж мэдэгдээд байгаа.
Харин Ким Жун-нам умардад шинэчлэл хийх ёстой гэж үздэг байсан бөгөөд хэдэн жилийн өмнө Японы хэвлэлд өгсөн ярилцлагадаа Хойд Солонгосын төрийн эрхийг өв залгамжлан дамжуулах явдлыг эсэргүүцдэг гэдгээ хэлж байжээ.
2012 онд япон сэтгүүлчтэй цахим шуудангаар дамжуулж харилцсан ярилцлагадаа тэр дүү Ким Чен Уны талаар таагүй сэтгэгдэлтэй явдгаа нуулгүй илчилж, зах замбараагаа алдсан авлига, хээл хахууль нь Хойд Солонгосын мөхөлд хүргэж мэднэ гэж дурдаж байв.
2001 онд тэр Пан Сьон /бүдүүн баавгай гэсэн утгатай хятад үг/ гэх нэртэй хуурамч пасспорт ашиглан Япон руу явах гэж байгаад баригджээ. Тэр цагаас хойш Ким Жун-нам гадаад орнуудаар, ялангуяа Макаод голдуу амьдрах болсон байна.
Хэрэв Ким Жун-намыг Хойд Солонгосын удирдагчийн даалгавраар тусгай ажилтнууд хордуулж хороосон нь батлагдвал Ким Чен Уны дэглэмийн үед гарсан хоёр дахь дуулиантай үхэл нь энэ байх болно. Ким Чен Ун өмнө нь 2013 оны арванхоёрдугаар сард нагац ах Жан Сун-тэкийг цаазаар авсан юм.
Ким Чен Ирийн анхны амраг Сун Хе-римээс төрсөн Ким Жун-намыг эцэг нь хавчин дарладаг байсан гэдэг. Ким Чен Унд залгамж халаагаа шилжүүлэхэд түүнийг саад болно гэж үздэг байсан гэх мэдээлэл байдаг.
Сүүлд 2014 онд Ким Жун-нам өнөөгийн удирдагч Ким Чен Уны дэглэмийг шүүмжлэх болсон тул амь нас нь аюулын ирмэгт байж болзошгүй гэж эмээж буйгаа ярьж байжээ. Өмнө нь 2011 онд түүнийг Макаод байхад Хойд Солонгосын төлөөлөгч түүний амйг хөнөөхийг завдаж байсан, гэвч Жун-намын бие хамгаалагчдад буудуулсан гэж өөр нэгэн эх сурвалж мэдээлсэн байдаг. Дараа нь Жун-нам өөр хот руу зугтжээ.
Жун-нам нагац ах Жан Сун-тэктэй ойр дотно харилцаатай байсан гэдэг. Жан овогт Хойд Солонгосын хоёр дахь нөлөө бүхий эрхэм байсан бөгөөд өнөөгийн удирдагч Ким Чен Уны улс төрийн зөвлөх нь байсан аж. Дараа нь 2012 оны аравдугаар сард Өмнөд Солонгосын прокурорын газраас Ким Жун-намыг авто ослоор амиа алдсан мэт харагдуулахаар 2010 онд Хятадад аллага үйлдэхийг завдсан, үүнд Хойд Солонгосын тагнуулч оролцсон гэх мэдээллийг дэлгэж байв.
2014 онд Ким Жун-нам Индонезид байгаа гэх мэдээлэл гарсан бөгөөд өнгөрсөн хугацаанд Сингапур, Индонез, Малайз болон Францын хооронд ирж очин байсан гэнэ. 2014 онд Ким Жун-нам өнөөгийн удирдагч Ким Чен Уны дэглэмийг шүүмжлэх болсон тул амь нас нь аюулын ирмэгт байж болзошгүй гэж эмээж буйгаа ярьж байжээ.
2012 онд Москвагийн хэвлэлд Ким Жун-нам санхүүгийн бэрхшээлд орсон гэх мэдээлэл гарч байв. Долоо хоног тутмын “Аргументы и Факты” сонинд түүнийг 15 мянган ам.долларын өртэй болсон тул Макао дахь тансаг зочид буудлаас хөөгдсөн тухай мэдээлж байжээ.
1975 оны нэгдүгээр сар. Армийн дүрэмт хувцастай Ким Жун-нам багадаа эмээгийн хамт. Жун-намын ээж нь 1960-аад онд мандаж байсан алдартай жүжигчин байжээ.
ЭХ СУРВАЛЖ:NEWS.MN
Сэтгэгдэл байхгүй байна