УИХ дахь МАН-ын бүлэг намрын чуулганыг дүгнэж өчигдөр /2017.02.14/ хэвлэлийн хурал хийсэн билээ. Энэ үеэр бүлгийн дарга Д.Хаянхярваатай зарим асуудлаар ярилцсан юм.
-“Эрдэнэ”-ийн 49 хувийг хууль зөрчин худалдан авсан гэдэг дүгнэлтийг Хууль зүйн Байнгын хорооноос томилогдсон Ажлын хэсэг гаргасан. Тэгвэл хууль зөрчсөн хүмүүст хариуцлага тооцох уу?
-Засгийн газрын зүгээс хуулийн байгууллагад хандсан. Энэ хүсэлтийн хариуд нийслэлийн Прокурорын газраас хэрэг үүсгэх боломжгүй гэдэг хариу өгсөн. Засгийн газар “Эрдэнэт”-ийг төрийн мэдэлд авахдаа хууль зөрчсөн гэж үзвэл дараагийн шатанд хууль хяналтын байгууллагад хандаад явах эрх нь нээлттэй байгаа.
-“Эрдэнэт”-ийг хууль бусаар хувьчиллаа гээд төр авахаар болж байна. Тэгвэл төр буцаан авах процесс нь мөн л хууль зөрчиж байна гэж байр сууриа илэрхийлэх хүмүүс бий. Тэгэхээр төр “Эрдэнэт”-ийг эргүүлж авах процесс яаж явагдах вэ?
-УИХ-аас тогтоол гаргасан. Энэ тогтоолд “Эрдэнэт”-ийг авсан, ХХБ-ны холбогдох хүмүүстэй тооцоо нийлнэ гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт”-ийг төрийн мэдэлд байлгаж байгаад тэр хүмүүстэй тооцоо хийнэ гэсэн үг. Төрөөс ямар хэмжээний мөнгө, өөрсдөөс нь ямар хэмжээний хөрөнгө гарсан юм гэдгийг тогтооно. Эцэст нь энэ хэсгийг төрийн мөнгөөр, үүнийг нь хувийнхаа мөнгөөр авчээ гэдэг ялгаа заагийг гаргаж байж шийдэх болов уу гэж харж байгаа. Тэр хүртэлх хугацаанд “Эрдэнэт”-ийн 49 хувь төрийн мэдэлд байна.
-Ерөнхийлөгч намрын чуулганы хаалтын үеэр “МАН-ын зарим гишүүд “Эрдэнэт”-ээр шантааж хийн Засгийн газраа огцруулах гээд байна” гэж байсан. Ер нь Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа энэ Засгийн газрыг огцруулна гэх яриа ч гараад байгаа. Үүн дээр ямар байр суурьтай байна вэ?
-Ерөнхийлөгч тийм үг дурдаад өнгөрнө билээ. Манай намаас тийм зүйлийг хүлээгээд хэрэггүй байх гэдэг хариулт л хэлмээр байна. Бид Засгийн газраа шүүмжилнэ, шахна. Буруу зүйл хийх юм бол хариуцлагын асуудлыг хөндөж тавина. Энэ бүхнийг нийгэмд Ардын нам задарч байгаа юм байна, Засгаа унагаах гэж байна гэж тайлбарлах шаардлага байхгүй. Засгийн газар энэ бүрэн эрхийн хугацаанд ажиллаад явж чадна гэж итгэж болно.
-“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувьтай холбоотой асуудал юу болж байна вэ? “Эрдэнэт”-ийг барьцаанд тавьсан, 460 тэрбум төгрөгийн өрийг Монгол Улсын Засгийн газар төлөхөөр болсон гэх мэдээлэл цацагдаа байгаа. Үүн дээр тайлбар өгөөч.
-“Эрдэнэт” болоод томоохон төрийн өмчит улсын үйлдвэрийн газруудыг нээлттэй компани болгох тухай асуудал яригдаж байгаа. Нээлттэй компани гэдэг бол шударга, ил тод, тодорхой хэсэг нь IPO гаргаж хөрөнгийн биржээр худалдаа хийнэ гэсэн үг.
Арбитрын шүүхийн асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаан дээр авсан. 50 сая ам.долларыг нь хохирол учруулсан гэж байгаа “Жаст” группийн талынхан барагдуулсан, одоо үлдэгдэл байгаа гэсэн асуудал яригдсан. Яг өнөөдрийн байдлаар Арбитрын шүүхээс шийдвэр гараад, Монгол Улсын Засгийн газар тийм төлбөр хийнэ гэсэн эцсийн шийд гараагүй байна. Гэхдээ залилан хийсэн хүмүүс нь тодорхой учир Засгийн газарт бус тэр хүмүүст шийдвэр нь очих болов уу гэж бодож байна.
-МАН төр барьж байх хугацаандаа Тавантолгойн төслийн эргэлтэд оруулах боломжтой юу?
-Тавантолгойтой холбогдсон асуудлыг эргэлтэд оруулах асуудлыг энэ Засгийн газар нухацтай судалж байгаа юм билээ. Бүлэг дээр танилцуулсан. Аль болох богино хугацаанд Таван толгойг эргэлтэд оруулах тэгэхдээ бүрэн утгаар нь ажиллуулах шаардлага байгаа. Тийм учраас Засгийн газар хаврын чуулганд багтаад энэ асуудлыг Их хуралд оруулж ирэх болов уу гэж найдаж байна.
Эдийн засгийг хямралаас гаргахад том төслүүдээ яаралтай хөдөлгөх шаардлага бий. Энэ асуудалд дөрөв дэх засаглал болсон хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид та бүхний үнэн бодит мэдээлэл ус агаар шиг хэрэгтэй байна. Засгийн газар, УИХ, буруу зүйл хийж байгаа улстөрчдийн алдаа дутагдлыг сэтгүүлчид ил тод нээлттэй тавих ёстой, бид ч тэрийг хүлээж авах учиртай. Ингэж зарчимтай ажиллаж чадвал бидэнд том төслөө хөдөлгөх боломж байгаа шүү. Тиймээс төр засгаа дэмжиж хамтран ажиллахыг хэвлэл мэдээллийн та бүхнээсээ хүсч байна.
-УИХ дахь АН-ын бүлгээс намрын чуулганаар батлагдсан хуулиуд дунд эдийн засгийг сэргээх зорилготой хууль бараг батлагдсангүй. Харин ч халамжийн хуулиуд батлагдаа. Эдийн засаг хүнд байгаа үед халамжийн хууль батлагдах нь сөрөг нөлөөтэй гэж байсан. Энэ нь хэр зөв зүйтэй юм бэ?
-МАН зүүний чиглэлийн нам. Эдийн засгийн боломжоо бид маш сайн тооцсон. Өнөөдөр Монгол Улс дан зүүний чиглэлийн намтай болсон. АН ч яг л зүүний намын үзэл баримтлалаар ажиллаж байгаа.
ЭХ СУРВАЛЖ:NEW.MN
Т.НОМИН
Сэтгэгдэл байхгүй байна