Зүүн аймгуудад малын гоц халдварт өвчин дэгдэж, тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хяналтын цэгүүд ажиллуулж буй. Сүхбаатар, Дорнод аймгаас ирж буй автомашин, зорчигчдыг шалгахаар Дорноговь аймгийн Засаг дарга Мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх явуулын хяналтын цэг ажиллуулах захирамж гаргажээ. Тус аймгийн Эрдэнэ сумын Улаан-Уул багийн нутагт ажиллаж байсан явуулын хяналтын цэгийн байр шатаж, төрийн хоёр албан хаагч амиа алдав.
Энэ сарын 13-14-нд шилжих шөнө уг золгүй явдал болжээ. Гал гарсан шөнө тус байранд Эрдэнэ сумын Мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга Д, аймгийн Онцгой байдлын газрын ажилтан Ө нар байсан аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар хяналтын байр 04.00 цаг орчимд шатсан байх магадлалтай гэнэ. Учир нь тус сумын нутгаар явж байсан галт тэрэгний зорчигч чингэлэг шатаж байхыг хараад, холбогдох албадад мэдэгджээ.
Эрдэнэ сумын ЗДТГ-ын дарга И.Батсүрэн “Урьдчилан сэргийлэх пост ажиллуулаад удаагүй байсан юм. Д бид хоёр олон жил хамтран ажилласан. Ийм хэрэг гарсанд харамсаж байна. Д-гийн эхнэр нь 13-ны 20.00 цагийн орчимд хоол хүргэж өгсөн гэсэн. Тэгэхэд хоёулаа шалгалтаа хийж байсан юм билээ. Үүрээр хөдөлгөөн багассан үед байцаагч нар маань унтсан болов уу гэж таамаглаж байна. Талийгаач Ө эхнэр, хүүхэдгүй, 30 дөнгөж гарч яваа залуу шүү дээ” гэв.
Хэргийн газарт ажилласан Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын офицер Н.Батсүхээс нөхцөл байдлыг тодруулахад “Гал гарсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Мөрдөн шалгах ажлыг цагдаагийн хэлтсийнхэн эхлүүлсэн. Тэд гал түлж, байраа халаадаг байсан юм билээ” гэлээ.
Сэтгэгдэл байхгүй байна