-2014 онд 50 тэрбумын алдагдалтай гарсан “МИАТ” ХК 2016 онд таван тэрбумын ашигтай ажиллажээ-
“МИАТ” ХК-д компанид Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар шалгалт хийж эхэлжээ. Шалгалтын багийнхан 2015, 2016 оны санхүүгийн тайланд анхаарлаа хандуулж байгаа аж. Санхүүгийн зөрчлийг илрүүлж, дахин гаргуулахгүй байхад шалгалтын зорилго чиглэжээ.
Өнгөрсөн жил Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар улсын хэмжээнд тооллого зохион байгуулж, төрийн болон орон нутгийн өмчийн 6086 хуулийн этгээдийн 31 их наядын хөрөнгөтэй болсныг шинэчлэн тогтоосон юм.
“МИАТ” ХК бол 100 хувь төрийн өмчит компани. 2014 онд 50 тэрбумын алдагдалтай ажилласан бол тодорхой менежмэнт хэрэгжүүлж ажилласнаар 2016 онд таван тэрбумын ашигтай ажиллажээ. Ингэхдээ алдагдал хүлээж байсан Сингапурын нислэгээ зогсоож, гаднаас худалдан авдаг хоолны үйлчилгээний зардлаа бууруулж, мөн гадны авиа компаниудын агаарын хөлөгт засвар үйлчилгээг хийдэг болсон нь алдагдлаа нөхөх, ашигтай ажиллах боломжийг бүрдүүлжээ. Энэ онд “МИАТ” гадаадын 20 агаарын хөлөгт засвар хийж, орлого олох зорилт тавиад байна.
“МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО”-НООС 2.6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ
“Монголын цахилгаан холбоо” компанийн 40 хувь нь “Korea Telecom” бол 54 хувь нь Монголын Засгийн газрынх юм.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас “Монголын цахилгаан холбоо” компанийн 2015, 2016 оны эхний хагас жилийн санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд шалгалт хийгээд нийт 2.6 тэрбумын зөрчил илрүүлжээ. Шалгалтаар орлогын төлөвлөгөөг 2015 онд 2,168,11 сая төгрөгөөр, 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 570,8 орчим сая төгрөгөөр тасалдуулсан зөрчил илэрсэн байна.
Мөн 1,893,88 сая төгрөгийн үлдэгдэл өртөгтэй хөрөнгийн хөдлөл хөдөлгөөн хийх асуудлыг зохих байгууллагад тавьж шийдүүлээгүйгээс эдийн засгийн үзүүлэлт, хөрөнгийн өгөөжид сөргөөр нөлөөлсөн байна. Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тайлан гаргахдаа зардалд шингэсэн худалдан авалтыг орхигдуулсан, зохих журмын дагуу 820 сая төгрөгийн худалдан авалтын гэрээ шинэчлээгүй, бага үнийн дүнтэй шууд худалдан авалт хийгдсэн гэрээнүүдээс компанид хохирол учраагүй ч нийт 10 бэлтгэн нийлүүлэгчээс 75,6 сая төгрөгийн урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргуулж аваагүй зэрэг зөрчил илэрсэн аж. Тиймээс тус газрынхан Монголын цахилгаан холбоо компанийнханд зөрчлөө арилгаж, цаашид дахин ийм зөрчил гаргахгүй байхад анхаарч ажиллахыг үүрэг болгожээ.
“ЭРДЭНЭТ”-ИЙГ Ч БАС ШАЛГАЖ БАЙНА
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос өгсөн чиглэлийн дагуу "Эрдэнэт" үйлдвэрт Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь Сангийн яамтай хамтран шалгалт хийж байна.
Шалгалт үйлдвэрлэл, санхүү, эдийн засаг, үр ашгийн байдал, төрийн өмчийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, мөнгөн хөрөнгийн зарцуулалт, авлага, өглөгийн дүн, худалдан авалт, гэрээ хэлцлийн үр дүн зэрэг чиглэлээр хийгдэж буй аж. Цаашид Үндэсний Аудитын газраар ахлуулсан Монгол банк, Сангийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хамтарсан шалгалт оруулахаар төлөвлөжээ. Хамтарсан шалгалт оруулснаар эдийн засаг, санхүүгийн зөрчил, маргаантай байгаа асуудлуудад нэгдсэн дүгнэлт өгөх юм байна.
Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Засгийн газар, 49 хувийг “Монголын зэс” компани эзэмшдэг. Гэвч УИХ намрын чуулганыг завсарлуулахын өмнө “Монголын зэс” компанийн эзэмшиж буй 49 хувийг төрийн мэдэлд шилжүүлэх шийдвэр гаргасан. Энэ ажлыг Засгийн газар гүйцэтгэх ёстой ч маргаантай олон асуудал байгаа.
Онцлоход, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас нь төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд хийж байгаа шалгалт цаашид ч үргэлжилнэ. Ирэх гуравдугаар сар дуустал үргэлжлэх төлөвтэй юм байна. Эхний шалгалт нь дээрх газруудад хийгдэж буй аж.
ЭХ СУРВАЛЖ:NEWS.MN
Г.ХОРОЛ
Сэтгэгдэл байхгүй байна