• Эхлэл
  • ОУВС-гийн шинэ нөхцөлтэй танилц

ОУВС-гийн шинэ нөхцөлтэй танилц

2017/02/17

Олон улсын валютын сангийн зээлийн талаарх асуудал ид анхаарал татаж байна. Ж.Эрдэнэбатын Засгийн газар өнгөрсөн жил буюу бараг байгуулагдсан даруйдаа ОУВС болон бусад улсуудаас зээл авах шаардлагатай хэмээн яриа хэлэлцээрүүдийг эхлүүлсэн. Мөн ОУВС-гийн шинжээчид болон, ажлын хэсгийн Монголд ажиллаж байгаа талаар мэдээж байсан билээ.

Тэгвэл ОУВС өмнө манай улсад үзүүлсэн “Standby Credit Facility”буюу "Стэнд бай" хөтөлбөрийн бус “Extended Credit Facitility” буюу урт хугацаат өргөтгөсөн зээл олгохоор яригдаж байгаа аж. Энэ талаар өчигдөр эрх баригч МАН-ын бүлэг яаралтай ээлжит бус хурал зарласан бол өнөөдөр мөн Засгийн газрын ээлжит бус хуралдаан зарлаад байгаа юм. ОУВС-гийн хөтөлбөрийн хувьд зөвхөн зээл олгох бус санхүүгийн сахилга батыг сайжруулах гэх мэт нөхцлүүдийг биелүүлэхийг шаарддаг.  

УИХ дахь МАН-ын бүлгийн хувьд энэхүү нөхцлүүдийг хүнд гэж дургүйцсэн сураг байна. Тэд удтал хуралдсан учир нэлээд асуудлуудыг ярилцсан бололтой.  Одоо байгаа мэдээллээр бол МАН-ын бүлэг тус сангийн хөтөлбөрт хамрагдахын тулд шаардлагуудыг нь хүлээн авах чиглэлийг Засгийн газарт өгсөн гэжээ. Мөн бүлгээс тухайлсан салбаруудад хамаарах асуудлуудаар дахин хэлэлцээр хийх шаардлагатай гэж үзсэн тул Засгийн газрын хуралдаанаар уг энэ талаар хэлэлцэнэ гэх таамаг байна. 

Харин энэ талаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар NEWS агентлагт өгсөн ярилцлагадаа ОУВС хүнд биш, харин ч зөв шаардлага тавьсан гэж ярьсан байна. 

Д.Цогтбаатар: Бодит үнэнийг ОУВС хэлж өгсөн

-МАН-ын бүлэг өчигдөр /2017.02.16/ ээлжит бус хурал зарлаж нэлээд олон цаг хуралдсан. Бүлгээр Олон улсын валютын сан /ОУВС/-гийн тавьж буй саналыг авч хэлэлцсэн байсан. Тус сангийнхан манайд яг ямар хөтөлбөр санал болгосон юм бэ?

-ОУВС-тай хийж буй хэлэлцээр харьцангуй урагшилж эхэлж байна. Үүнийгээ үр дүнд хүргэх хэрэгтэй. Засгийн газарт тодорхой чиглэл бодлого УИХ-аас гаргаж өгөх шаардлага гарах байх. Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн төвшин 1990-ээд оныхоос өөр болсон. Эдийн засгийн хөгжил, нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ өөрчлөгдсөн учраас “Стэнд бай”-аас арай өөр томьёололтой ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжих чиглэлтэй байна.

-ОУВС-гаас манай улсад ямар шаардлага тавьж байгаа юм бэ?

-“Стэнд бай” ч хатуу шаардлагатай. Тэр бол хөнгөн хөтөлбөр биш. Гэхдээ хатуу гэдэг нь муу биш. Хатуу гэдэг нь нийгмийн чиглэлийн зарим бодлогоо шинээр дүгнэж цэгнэх хэрэгтэй байна. Яагаад гэвэл нийгмийн бодлого нь хэтэрхий их ачаалалтай байх юм бол эдийн засаг хүндрэлээс гарахад хэцүү. Үйлдвэрлэж байгаагаасаа ихийг зарцуулаад байвал эдийн засаг сэхэхгүй нь ойлгомжтой. Тэгэхээр бидний харахыг хүсэхгүй байгаа бодит үнэнийг ОУВС хэлж өгсөн. Тэр утгаараа хүнд шаардлага биш харин үнэн, зөв шаардлага тавиад байгаа юм.

-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахыг МАН-ын бүлэг дэмжсэн гэсэн үг үү?

-Ер нь бол ОУВС-тай яриа хэлэлцээрээ үргэлжлүүл гэсэн чиглэлтэй байгаа.

эх сурвалж:news.mn 

Мөн бид ОУВС-гийн хөтөлбөрүүдийн талаарх "Засгийн газрын мэдээ" сонины мэдээллийг хүргэж байна. 

 

Энэ хөтөлбөр нь “Стэнд бай”-аас урт хугацааг хамарна

Монгол Улсын Засгийн газар, Олон улсын валютын сантай урьдчилсан тохиролцоонд хүрчээ. Сангийн сайд Б.Чойжилсүрэн өнгөрсөн долоо хоногт АНУ-ыг зорьж, Вашингтонд төвтэй ОУВС-гийн төлөөлөлтэй уулзсан байна. Энэ үеэр Монголд хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөрийн эхний зураглалыг гаргажээ. Эх сурвалжийн мэдээллээр энэ удаад тус сангийн “Extended Credit Facitility” буюу урт хугацаат, өргөтгөсөн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тохирчээ. Монгол Улсад 3-4 жил хэрэгжүүлэх тус хөтөлбөрийн хүрээнд нийт 450 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох төлөвтэй байна.

Ийнхүү Монгол Улс, ОУВС хөгжлийн хөтөлбөрийн үндсэн нөхцөлүүдээ тохирсон. Одоо энэ хүсэлтээ валютын сангийн удирдах зөвлөлд албан ёсоор хүргүүлнэ. Зөвлөл нэг сарын дотор эцэслэн шийдвэрлэх журамтай аж. Засгийн газраас энэ талаар ойрын хугацаанд олон нийтэд албан ёсоор мэдээлнэ гэдгээ албаныхан мэдэгдлээ.

Дэлхийн 189 орныг эгнээндээ нэгтгэсэн ОУВС нь хөнгөлөлттэй зээлийн гурван хувилбарыг санал болгодог. Тодруулбал, “Extended Credit Facility” буюу урт хугацаат зээлийн хөтөлбөр, “Standby Credit Facility” буюу “Стэнд бай” хөтөлбөр, мөн “Rapid Credit Facility” шуурхай зээлийн хөтөлбөрийг гишүүн орнууддаа олгож ирсэн. Ялангуяа “Extended Credit Facility” нь төлбөрийн тэнцлийн сорилттой тулгарсан улсуудад зориулсан санхүүгийн тусламж аж. Энэ хөтөлбөр нь хугацааны хувьд “Стэнд бай”-аас урт. Монгол Улсын 2007-2008 онд хэрэгжүүлсэн “Стэнд бай” хөтөлбөр нь 12-24 сарыг хамардаг. Харин урт хугацаат зээлийн хөтөлбөр нь голлон 3-4 жил хэрэгждэг. Мөн үүнээс дээш буюу таван жилийн хугацаанд хэрэгжих боломжтой.

Тэр утгаар дунд болоод урт хугацаанд улс орны макро эдийн засгийг тогтворжуулахад чиглэдэг байна. Цаашлаад бага, дунд орлоготой орнуудын эдийн засгийг төрөлжүүлж, ядуурлыг бууруулан, итгэлийг нэмэгдүүлэхээр зорьдгийг Олон улсын валютын сангийн цахим хуудсанд дурджээ. Тэрчлэн өрийн дарамт, төлбөрийн тэнцлийн хямралд орсон орнуудын төлөөгүй өр, зээлийг харгалзан санхүүжилт олгодог байна.

Тиймээс энэ төрлийн хөтөлбөрийг төлбөрийн тэнцлийн хямралд өртсөн орнууд хэрэгжүүлдэг. Тухайлбал, өнгөрсөн сард Африкийн Того улс “Extended Credit Facility”-ийг хэрэгжүүлж буйгаа зарласан юм. Уг хөтөлбөрийг тус улсад гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд нийт 238 сая ам.долларын санхүүжилт олгохоор болоод байгаа аж. Энэхүү санхүүжилт нь тус улсын макро эдийн засгийг тогтворжуулж, өрийн менежментийг сайжруулахад чиглэхийг тус улсын Засгийн газраас мэдээлэв.

Мөн Африк тивд орших Гана улс дээрх төрлийн хөтөлбөрт хамрагдаад байгаа. Тус улсад 2015 оны тавдугаар сараас уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж, эхний ээлжинд нэн даруй 114 сая ам.долларын санхүүжилт олгож байжээ. Улмаар нийт 918 сая ам.долларын санхүүжилт олгохоор тохирчээ. Энэ нь Ганын өрийн дарамтыг бууруулж, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэж байв. Ганын эдийн засаг хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр нэг жилийн дараа буюу өнгөрсөн оны эхний улиралд 4.9 хувиар өсчээ.

ОУВС-гаас гадна Монгол Улсын хөгжлийн түнш болох Япон улс, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкнаас санхүүжилт татах яриа үргэлжилж байгааг Засгийн газраас мэдээллээ.

ЭХ СУРВАЛЖ:Засгийн газрын мэдээ сонин

 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • зочин
    Уг нь чи би гэж хэн нэг рүү гээ чихэж байхаар ямар учраас эдийн засаг ийм байдалд хүрсэн ийг ОУВС-ААР дүгнэлт гардуулах нь зөв дөө.
    2017 оны 02 сарын 19
  • зочин
    АН-ЫН ХАН гарч ирж 4 жил улсаар тоглож өрөөнд оруулаад МАН-ЫНХАН гарч ирж стендбай хөтөлбөр хэрэгжүүлээд л байдаг болох нээ дээ.
    2017 оны 02 сарын 19