• Эхлэл
  • Парламентын боловсрол Монголд хэрэгтэй юу

Парламентын боловсрол Монголд хэрэгтэй юу

2021/12/27

Нийтлэлч У.Оргилмаагийн нийтлэлийг хүргэж байна. 

УИХ-ын сонгуулийн үйл ажиллагаа улс орны хэмжээний баяр ёслолын хэмжээнд болдог байсан он жилүүд ард хоцорч нийгэмд болж бүтэхгүй байгаа гажуудал бүхэнд бухимдахдаа “Та нарын сонгосон төрийн байгаа царай энэ” гэж хэзээ, хэнд саналаа өгсөн нь үл мэдэгдэх хүмүүс “ам асуух” болж. Угтаа үнэний ортой. Учир нь бид “ямархуу царайтай төртэй” байхаа улс төрийн сонгуулиар шийддэг болоод, энэ нь бидний хайрлаж эрхэмлэдэг ардчиллын үнэт зүйлсийн эд, эсэд тооцогдоод30жилийг үдчихээд байна. Өөрөөр хэлбэл Төрийн эрх барих дээд байгууллагаа “Улсын Их Хурал” гэж тодорхойлсон, түүнийг бүрдүүлэх эрх мэдэл нь сонгуулийн насны иргэдэд байгаа хэвээр. Тэгвэл яагаад олонхийн хүсээгүй үр дүн гарчихлаа гэж халаглаад байгаа хэрэг вэ? Яг эндээс монголчуудад “парламентын боловсрол” хэрэгтэй юм гэдэг дүгнэлтэд хүрч байгаа юм.

Өнөөдөр бид алдаа, оноотой сонголт хийж, амьжиргаанд баригдан “санал худалдах” гэгч гажуудал руу хэрэв орсон бол хойч үе маань сонгуулийн утга учрыг гүнээ ойлгож байж сонгуулийн үйл ажиллагаа цэвэршиж төр цэгцрэх болов уу? Тэгэхээр бид цэвэр ариун сэтгэлгээтэй, гүн бат мэдлэгтэй Ирээдүйн сонгогчдыг бэлтгэх цаг болжээ. Хүүхэд залуучуудад “Парламент гэж юу вэ”, ”Яагаад манай улс Үндсэн хуульдаа эрхэмлэн зааж энэ замыг сонгосон юм бэ”, ”Юу хийдэг газар учраас ямар хүмүүсийг, ямар үзүүлэлтээр сонгож саналаа өгөх вэ” гэдгийг өнөөдөр ойлгуулсны үр дүн хожмын өдөр, гэхдээ тун удалгүй гарах юм.

Энэ талаар Швейцарийн хөгжлийн агентлагийн Монгол Улсын Их Хуралтай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд ёстой л “алсын хараатай” төлөвлөгөөтэй ажиллаж эхэлсэн нь туйлын зөв зам болов уу гэж бодож байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар Хүүхэд залууст парламентын үйл ажиллагааны талаар мэдлэг, мэдээлэл олгож, парламентын үйл ажиллагаанд хандах оролцоо идэвхийг нь дэмжих зорилгоор “Парламентын боловсрол” хөтөлбөрийг санаачилж, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан боловсруулсан байдаг. Хөтөлбөрийн сэдэв, агуулга, хичээлийн арга зүйг иргэдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулан боловсруулах ажлыг хоёр жилийн турш ажилласан байгаа юм. Тухайлбал “Парламент”, “Улсын Их Хурал”, “Үндсэн хууль” гэдэг албаны сонсогддог үгийн цаад утга учир мөн чаналыг хүүхэд залууст энгийн хэллэгээр ойлгуулж бичихийн тулд УИХ-ын Тамгын газрын зөвлөх Р.Хатанбаатар, Н.Лувсанжав, Ц.Товуусүрэн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш О.Мөнхсайхан нарын олон судлаач, эрдэмтэд, нийгмийн ухааны болон монгол хэлний багш нар ажиллажээ. Мөн сурагч хүүхдүүдтэй ярилцаж туршилтын хичээл явуулах зэргээр сурагчдын саналыг бас тусгасан байна. Ингээд энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг УИХ-ын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөнд тусгажээ.

Ингэхдээ “Парламентын боловсрол” гэж юу вэ гэхээр “Парламентат ёсны түүх, хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаа, түүнтэй холбоотой нийтлэг мэдлэгийг олон нийтэд хүргэх, иргэн ба парламентын хоорондын эерэг харилцааг дэмжих, хууль тогтоох үйл ажиллагаанд оролцох чадвартай иргэдийг төлөвшүүлэх” гэж тодорхойлсон нь өнөөгийн нийгмийн шаардлагад нийцэж байна гэж үзэхээр байгаа юм. Өөрөөр хэлбэл нийгмийн өнөөгийн нөхцөл байдлаас урган гарсан хүлээлтийг зөв тодорхойлжээ.

Цаашилбал ардчилал дахь иргэдийн үүрэг зөвхөн өөрийн төлөөллийн байгууллага болох парламентыг сонгосноор дуусахгүй. Парламент нь иргэдийн хүсэл сонирхол, хэрэгцээ шаардлагыг мэдэрч байнгын харилцаатай байх ёстой. Иргэд парламент юу хийж байгаа талаар шинэ, үнэн бодит мэдээллээр хангагдаж үүний үндсэн дээр парламентын ажилд оролцох боломж үргэлж нээлтэй байх учиртай. Тийм ч учраас “Парламентын боловсрол” хөтөлбөрийг парламентат ёс өндөр хөгжсөн орнуудад хэрэгжүүлдэг туршлага бий.

Парламентын боловсрол эзэмшсэн иргэн л төр засаг, орон нутгийн засаг захиргаа, улс төрийн намын ажиллагааг илүү сайжруулах өөрчлөлтөд бодит нөлөөлөл үзүүлж чаддаг гэдгийг дэлхий дахинд хүлээн зөвшөөрчихөөд байна. Иргэний улс төрийн оролцоо гэдэг нь улс төрийн бүхий л үйл явцад үзэл бодол, дуу хоолойгоо хүргэж зохих түвшинд шаардлага тавьж шийдвэр гаргах үйл явцад нөлөөлөх хүртэлх өргөн хүрээг хамарсан маш том хүч юм. Үүнтэй холбоотой тоо баримтаас харахад бид парламентын боловсролд санаа зовохгүй байхын аргагүй.

 Тухайлбал, “Монгол Улсын улс төрийн тогтолцоо, үйл ажиллагааны талаарх судалгаа”-нд дурдсанаар Улсын Их Хуралд иргэдийн итгэх итгэл 2010 онд 52.5 хувьтай байсан бол 2019 онд хийсэн судалгаагаар 36.1 хувь болж буурчээ. Мөн иргэний оролцоог зохицуулсан 181 хуулийн 860 заалт байгаагаас 36 орчим хувь нь хангалтгүй буюу хэсэгчлэн хэрэгжсэн, 33 орчим хувь нь огт хэрэгждэггүй гэсэн үзүүлэлттэй байх юм. Орон нутгийн ИТХ-ын сонгуульд залуу сонгогчдын дөнгөж 5.6 хувь нь л оролцож байна. Нийт хүн амынх нь 35 хувийг залуучууд эзэлдэг улс орны хувьд чамлалттай үзүүлэлт! Сонгуулийн ирцийн 45 хувийг дангаараа бүрдүүлдэг 18-35 насны сонгогчдын ирц сонгуулиас сонгуулийн хооронд улам буурч 50 хувьд ч хүрч чадахгүй болоод байгаад анхаарлаа хандуулах цаг болсон. Эндээс харахад залуу сонгогчдын улс төрийн мэдлэг боловсрол дутмаг, улс төрийн оролцооны ач холбогдлыг ойлгохгүй байгаад анхаарч идэвхтэй иргэн, харицлагатай сонгогчийг эртнээс бэлтгэх цаг болжээ. 

Тиймээс парламент, төлөөллийн ардчиллын талаарх зөв ойлголт, мэдлэг мэдээллийг иргэдийнхээ нас бие,сэтгэхүйн онцлогт тохируулан тогтмол өгдөгг байх, манлайлагч залуу үийг бэлтгэж ухаалаг, ухамсартай сонгуульд бэлтгэх шаардлагатай байна. Үүний тулд парламентын боловсрол хөтөлбөр идэвхтэй ажиллаж, ирэх өдрүүдэд, айсуй сонгуулиудад Эрхэм хүндэт сонгогчид сонгуульд саналаа өгөх нь ямар утга учиртай, нэр дэвшигчдийг олны танил, эсвэл гоё сайхан эмэгтэй, эрэгтэй гэхээс илүү дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг нь хэрхэн шинжих, ямар шалгуур үзүүлэлтийг шаардах, хэлэлцүүлэг, мэтгэлцээнийг утгаар нь ашиглах зэрэгт суралцаж харамсахааргүй, үндэслэлтэй, итгэл төгс саналаа өгдөг болгоход бэлтгэх юм. 

Үүний учир Швейцарийн хөгжлийн агентлагийн УИХ, түүний Тамгын газартай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад парламентын ардчиллын бэхжүүлэх нь” төсөл, “Парламентын боловсрол” хөтөлбөрт анхаарал хандуулж ач холбогдол өгч дэмжихийг олон нийт, сонгогчид, иргэдээсээ хүсч байна. “Бид ирээдүйн сонгогчийг бэлтгэнэ”.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин