• Эхлэл
  • Иерусалимын бороотой өвөл

Иерусалимын бороотой өвөл

2024/10/03

Нийтлэлч Д.Баярхүүгийн нийтлэлийг хүргэж байна. 

Зүсэр бороотой зэврүүн өглөө би Бен-Гурионы олон улсын нисэх буудалд газардлаа. Израильд дахинтаа зочлон очлоо. Энэ удаа Иерусалимд хэд хонох далимдаа дэлхийн ууган гурван шашны ариун дагшин газраар нэг сайн аялаад авъя гэж шийдлээ. Өмнө нь ч очиж байсан, анх би 1996 онд энд ирж байлаа. Дараа нь алба амины ажлаар хэд хэдэн удаа ирж, ирэх тоолондоо өөртөө түүх соёл, үнэт өвийн шинэ зүйл нээж, нэг ёсондоо бол үзээд баршгүй түүхийн өв дотор орж явчихдаг юм. Зуны бүгчим халуунд хүүхдүүд, ачтайгаа ирж байсан тухай миний энэ блогийн 2011 оны Иерусалимд өнгөрүүлсэн үл мартагдах нэг өдөр хэмээх фото нийтлэлийг Та эндээс эргээд үзэж болно. Тайлбар нь айхтар давхцахгүй, гэхдээ мэдээж үг санаа давтагдана. Гээд шинэ фото нийтлэлээ мэдлэг мэдээлэл болгох үүднээс дор толилуулъя.

Тэгсгээд бороо зогсож наран мандлаа. Өвөл гэхэд агаарын температур 22 градусыг зааж байна. Хотын төвд, хуучин хотын ойролцоо гайгүйхэн шиг буудал захиадхаарай хэмээн манай Өргөмжит консул Ами Оркабидаа захисан чинь Prima Kings Jerusalem хэмээх буудал олжээ. Тэр нь  хуучин хотоосоо барагцаагаар нэг километр орчим газар, ертөнцийн зүгээр бол баруун талд нь бололтой. Ами Оркаби надтай уулзахаар Тель-Авиваас давхиж ирлээ. Тэрээр намайгаа хүндэтгэн үдийн зоог барилаа. Тэр бол энэ улсад Монгол Улсын эрх ашгийг төлөөлөн суугаа Өргөмжит консул. Тэндхийн монголчуудтай нэн ойр ажилладаг гялалзсан эр дээ.

Буудлын эргэн тойрныг би энд тольдлоо. Иерусалим бол уулархаг өндөрлөг газар, манайхаар бол хангайн бүсэд орших нэн эртний хот. Айхтар өндөр сүрлэг шил толин байшин байхгүй. Ер нь барилгажилт нэг их хийгдээд байдаггүй, мөнх ногооноороо хот. Өвлийн сүүл сарын өдрүүдийн байж байгаа өнгө төрх нь ердөө л энэ. Манайхаар бол 9 дүгээр сарын нарлаг өдөр шиг л санагдаж байлаа.  

Миний буусан буудлын чанх хойно ийм нэг лут сүм бий. Синагог буюу жүүдийн шашны мөргөлийн газрыг сүм л гэхээс, ямар хийд гэлтэй биш. Энд бүр “Аугаа их сүм” гэж бичсэн байгаа юм. Энэ хотын гол сүм нь. Арынх нь залгаа байшин бол Дэлхийн жүүдүүдийн агентлагийн төв байр. Бас л их хүндтэй байгууллага. Тэр цаана ханан дээр буй зураг бол Теодор Херцль хэмээх түүхт эрхэм. Даян дэлхийн хэрмэл тэнэмэл адлагдсан жүүдүүдийг цуглуулж төр–улсаа дахин эмхлэн байгуулъя хэмээн XIX зуунд зориглосон хүн аж. Тиймдээ ч энэ улсын эцэг нь гэж хүндлэгдэх авай. Тээр цаана моддын дээгүүр харагдах дөрвөлжин хавтгай оройт цагаан байшин байна. Төрийн далбаагаа мандуулжээ. Манай улс төрчдөд бол нэн танил байшин. Энэ улсын парламентын төв байр. Кнессет гэж нэрлэнэ. Миний буусан буудлаас бас холгүй юм. Уруудаж алхаад л хүрчихнэ.  

Иерусалимд үүр цайлаа. Энэ өдөр л нөгөө хүсэн хүлээсэн, үзээд үзээд баршгүй хуучин хот руугаа эртлэн гарна даа. Алхаж явтал ийм нэг нөхөр гарын үсэг зуруулахаар тосоод ирлээ. Ялангуяа азийн би нүдэнд нь шууд л өртлөө. Улс төрийн айхтар том зорилго агуулжээ. “Хуваагдашгүй Иерусалим” хэмээх хөдөлгөөн гэнэ. Ухаан нь палестинчууд төр улсаа байгуулж бүрэн тусгаар тогтноод авбал нийслэлээ мөн энэ хотод зарлана гээд нөгөө талд нь лалын ертөнцийг шуугиулж байгаа юм гэв. Би ч тэгсгээд эвтэйхэн саллаа. Цаашаа явлаа. Зорьж яваа газар маань энд харагдаж байна. Энэ зургийг би үдийн хойно авсан юм. Гэхдээ хуучин хот гээд бүрхэгдүү биччихсэн болохоор зорьж яваа газраа зургаар илэрхийлж буй хэрэг.

Иерусалимын хуучин хотын нэрийн хуудас, имиж нь. Гаслангийн хана (хэрэм), тэр цаана Аль-Акса мечетийн орой. 0.9 км² талбай бүхий гэхээр том хот биш гэсэн үг. 1860 оныг хүртэл бүх Иерусалим хот энэ хэрмэн дотор байсан гэж байгаа. Энэ хэрмэн хашаан дотор тэр үед 4 хороолол байсан, одоо ч байгаа. Тэр хорооллууд бол шашны агуулгаар тусгаарлагдсан: мусульманы, христианчуудын, жүүдийн, армяны хороолол ажгуу.

Иерусалимын хуучин хот дотор дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн, хосгүй дурсгалт онгон дагшин газрууд олон бий. Жүүдүүдийн нэг нэрийн хуудас болдог, энд бол алхам тутамдаа таарч болох ортодокс жүүд буюу “доос” хэмээх нөхөр надтай хуучлаад зогсож байна. Санчигны үсээ насан туршдаа ургуулна, цав цагаан цамцан дээр тас хар пальто, пижаж өмсөнө. Тас хар бүрх малгайнаас салахгүй. Сонссоноор бол ажил эрхлэхгүй, ердөө л Гаслангийн ханандаа мөргөөд сүмд мөргөлийн дуу дуулаад мааниа уншаад суух үүрэгтэй. Израилийн бусад хотуудад төдийлөн тааралдаад байдаггүй “доос”-ууд харин хуучин хотын өөрийн хороолол дотор бол багширч байх нь тэр. Тэр хана руугаа эр эмээрээ хуваагдаж очиж (тэр тусгаарласан сийрсэн ханыг дээрээс нь харуулав) мөргөж залбирах ба зарим нэг нь бүр мансуураад элий балай болчихсон, чулуун хана руу духаараа түг түг хийтэл мөргөөд уйлж дуулаад байх нь харийн надад бол сонин л харагддаг юм.

Гаслангийн ханын дэргэд тохиосон нэгэн сонин үйл явдал. Шинэ цэргүүд тангарагаа өргөж байна гэж би ойлголоо. Эсвэл тангарагийн дайтай жүүдийн нэгэн ёслолыг үйлдэж байгаа юм болов уу. Тэгээд дан охид шүү. Дунд сургууль дүүргэсэн эр эм жүүд залуус дээд сургуульд элсэх хуульгүй. Заавал цэргийн алба хаана. “Эр цэргийн алба” хэмээн бидний ярьж ойлгодог нь тэнд тийм биш. “Эм цэргийн албанд” 2 жил, “эр цэргийн албанд” 3 жил явах үүрэгтэй. Доосууд л сайн дураараа явдаг бололтой юм. Тэр охид тангарагаа дуусгаад үдийн хоолоо идэж байхад нь би хэргээр очиж танилцангаа зураг татуулсан юм. 4000 жилийн тэртээх хэрмийг ухаж гаргасан, энэ хана руу очихдоо ямагт уруудаж очдог тул “Сүмийн уулс” хэмээн энэ хавийг нэрлэдэг.

Гаслангийн хананаасаа цаашаа ийм шатаар өгсөөд уулынхаа нөгөө орой дээр гараад ирж байгаа юм. “Анхаар, ийшээ унаж ойчив”, “Анхаар, малтлага явагдаж байна” гэх зарууд нэг бус удаа тааралдлаа. Эртний Ромын сүрлэг багана ч харагдах шиг. Малтагчдын археологийн майхан ч байх шиг. Уулын нөгөө орой дээр, тэгш өндөрлөг дээр лалын ариун дагшин газар руу би зүглэж яваа.

Даян дэлхийн мусульманчуудын онгон дагшин гурав дахь газарт хөл тавьж байна. Иерусалимын хуучин хотын бас нэг гол нэрийн хуудас, имиж нь. Мекка, Мединагийн дараагийн гурав дахь нь болох Аль-Акса мечет, энэ алтан Бөмбөгөр  оройт хадан цохион мечет. Уг нь хадан цохион дээр барьсан шиг байгаа юм. Сүүлдээ Dome of the Rock буюу чулуун байшин гэж нэрлэгдэх болж, би монголчилохдоо дээрхи үгийг сонголоо. Буруу зөв нь гол биш, “Масжид Кубатас-Сахра” гэж лалынхан нэрлэдэг нь Гаслангийн хананаас өндөр уулын оройд босгосон гэсэн санаа юм гэнэ лээ. Энэ бол аугаа сүрлэг мечет. Уг нь аялагчдыг чөлөөтэй нэвтрүүлдэг байсан бол сүүлдээ зөвхөн мусульманчууд гэж явцуурдаг болсон гэв үү.  

Лалын аугаа энэ сүмийн гадна дотно чимэглэл гэж хосгүй. 1996 онд би бүр дотор нь орж, их зөнч Мухаммедын саран дээрээс морьтойгоо нисч бууж ирэн дахин төрлөө олсон гэх чулуун хавцгайн дэргэд очиж байсан юмсан. Энэ удаа оруулсангүй. Эрчүүдийг хавьтуулах юм биш. Одоо бол эмэгтэйчүүдийн мөргөлийн мечет болсон гэж байна. Иймд гадуур нь тойрч алхан зургаа татуулахаас өөр аргагүй. 

Мечетийн дэргэдэх талбайгаас чанх зүүншээ бол үнэн алдартны алтан оройт ийм нэгэн сүм алсаас харагдаж аж. Гэхдээ хуучин ханын цаана юм. Ер нь хуучин хот дотроо мусульманы хороолол нь эзлэх талбай, хүн амаараа бол хамгийн томдоо орно.  Хуучин хотын зүүн хойд дүүрэг тэр чигтээ лалынх. Тийшээ шууд очдог хэд хэдэн орц гарц бий. Даманскийн хаалга, Арслангийн хаалга, Иродын хаалга гэх мэт. Хамгийн сүүлд лалын хорооллын хүн амыг тоолоход 22 000 хүн байнга оршин суудаг гэх тоо гарч байсан юм билээ. Одоо би энэ өндөр сүрлэг загалмайтны цамхгаар дамжаад цаашаа христианчуудын ба армяны хороолол руу нөгөө талаас нь аялна.

Нүдэнд төдийлөн тусахгүй, бас эндхийн мусульманчууд зааж өгөхдөө хойрго ханддаг ийм нэгэн сүм бий дээ. Энэ бол христианчуудын их бурхны бунхан сүм гэгч. Ер нь бол даян дэлхийн хэдэн тэрбум христианчуудын очиж үзэх, мөргөж залбирах онгон дагшин ариун газар нь. Ватикан бол дэргэд нь харьцуулах юм биш.

Энэ чулуун хавтан бол нөгөө ариун газрын маань нэг хэсэг нь, хаалгаар ороход нь тааралдана. Чулуун хавтан нь чийгтэй нойтон байх ба энэ хавтан дээр Исүс Христосын цогцосыг хэвтүүлж байсан юм билээ. Мөргөлчдийн мөргөж адис авах нь тасралтгүй. Уйлсан дуулсан улс ч мэр сэр байх.

Нөгөө их бурхны бунхан сүм гэгчийн маань гол газар нь буюу Исүс Христосын бунхан маань сүм дотор байна. Хурц гэрэл  тусахгүй, гэхдээ эргэн тойрон олон давхар шаттай тул зургийг хаанаас нь ч авч болохоор.

Би энэ зургийг хэргээр авсан юм. Исүс Христосын бунханд зочлохоор ийм олон мусульманчууд оочерлоод зогсож байна. Оочер нь дийлдэх юм биш. Би өмнө нь ирж байсан тул энэ цуваанд орсонгүй.

Нөгөө их бурхны бунхан сүм гэгчийн маань орой харагдаж байна. Нарны ёлтгор гэрэл цухуйх төдий. Бунхан ордог их цувааны өмнө би очлоо. Эргэн тойрны чимэг зүүлт, хөшөө дурсгал гэж хосгүй дээ.

Исүс Христосын үхлийн зураг энэ байна. Түүнийг цовдолж алсан хэрээс мод гэдгийг би өмнө нь үзэж байсан. Энэ удаа толгой эргээд энэ олны хөлд эрж чадсангүй. Цовдлуулаад үхсэнийх нь дараа үнэнч шавь нар нь түүнийг буулгаж, нөгөө тэр 41, 42-р зураг дээрхи чийглэг чулуун хавтан дээр хэвтүүлэн арчилж тордоод бөсөөр биеийг ороож энэ бунхан руу оруулсан түүхийг хожим уран зурагт ийнхүү дүрсэлжээ.

Энэ сүмээс гараад христианы хороолол руу орно. Хороолол ч гэж бид зах зээл рүү л орлоо. Бэлэг дурсгалын зүйлс, иконууд төрөл төрлөөрөө. Би уг нь анх хуучин хот руу баруун цайзын Яффо хаалгаар нэвтэрсэн. Тэр нь манай буудлаас шууд наашаа ирэхэд тааралдсан гол хаалга. 2011 онд ч хүүхдүүдтэйгээ түүгээр нэвтэрч байсан. Яффогоос доошоо уруудахад баруун гар талд армяны хороолол, зүүн гар талд христиан хороолол, дундуураа зах зээл мухлагаар тусгаарлагдсан. Армяны хороолол бол хамгийн жижиг нь, хуучин хотын баруун өмнөд этгээдэд байрлана.

Нар жаргасан хойно гарч ирлээ. Гадаа бороо цутгаж байна. Хүний хөл намжжээ. Харин эргүүл, харуулын цэргүүд энд тэндгүй. Энэ цэрэг миний аюулгүй байдлыг хангаж намайг Яффо хаалга хүртэл гаргаж өглөө. Нүдээ хөх няц болтол палестинчуудтай зодолдоо юу гээд асуугаадах чинь “үгүй ээ, хэргээр тэгж буддаг”, бараг л хамгаалалтын зориулалттай гэх юм.

Яффо хаалга руу явж байх зуур янз бүрийн зах зээл мухлаг дайралдах. Бэлэг дурсгал гэж алаглаж байнаа. Яффо (арабаар Jaffa) хаалга руу дөхлөө. Энэ нь арк, хаалга, орц гарц гэж яаж ч нэрлэж болохоор чулуун том хаалга юм. Хоёр том цамхгийн дунд оршино. Давидын цамхаг, Сион цамхгийн голд. Сион хаалгаар өмнө талаас нь армяны хороолол руу бид 1996 онд нэвтэрч байсан юм.

Яффо хаалга руу ордог аман дээр ийм нэг ченжийн мухлаг бий. Манайхан тийшээ очвол мөнгө солихоор орж магад. Христосын шашинт палестин ах дүү хоёр өвгөн. Би хэд хэдэн удаа очихдоо танил болж зөвхөн энэ нөхөр дээр ирж мөнгө солих ба басхүү цуглуулгадаа нэмэрлэх гадаадын дэвсгэртүүдийг эндээс авдаг юм. Монгол төгрөг төрөл төрлөөрөө овоолгоостой байвал миний аваачиж өгсөн гэж бодоорой.

Ийнхүү хуучин хот дахь аялал маань өндөрлөлөө. Хоёр өдөр бүтэн яваад олигтой юм үзсэнгүй гэсээр буцлаа. Түүх сөхвөл  Европын загалмайтнууд Иерусалимыг захирч байх үед ертөнцийн 4 зүгээс нэвтрэх 4 гол хаалгыг арк хэлбэртэй байгуулжээ. Одоо энэ байгаа цагаан шаргал чулуун хэрэм маань эргэн тойрондоо 43 цамхагтай, 11 хаалгатай түүнээс 7 нь байнга нээлттэй байна. Xристианчуудын хороолол тэлсэн тул нэмж хамгийн сүүлчийн хаалгыг нээсэн гэж байна лээ. Иерусалимыг зорих монголчуудад бага ч атугай мэдлэг мэдээлэл өглөө шүү!


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин