“Монголчуудын бослого” хэмээх мэдээ Зөвлөлт Орос Улсын “Правда” сонины 68 дахь дугаарт 1921 оны 3-р сарын 30-ны өдөр нийтлэгджээ. Оросын мэдээллийн агентлаг РОСТА-гийн нэр дээр явуулсан “МОНТА мэдээлэв” хэмээх эх сурвалжтай уг мэдээ нь Хиагтыг гамин цэргээс чөлөөлсөн Ардын журамт цэргийн анхны томоохон ялалтын тухай байсан нь Монгол Улсаас гадаад улсад дамжуулсан анхны цахилгаан мэдээ байв. Чухам эндээс түүхээ эхлүүлдэг МОНЦАМЭ агентлаг “Дэлхийг Монголд, Монголыг дэлхийд” гэсэн уриан дор 100 гаруй жилийн турш Монгол Улсын төр засгийн мэдээний албан ёсны, баталгаат эх сурвалж болж, улс орны дотоод үйл амьдралын мэдээ, мэдээллийг гадаад ертөнцөд түгээх, дэлхийн нэр хүндтэй мэдээллийн агентлагуудтай мэдээ, мэдээллээ солилцох үүргийг гүйцэтгэж ирсэн юм. Ингээд 105 жилийн ойтой холбогдуулан тус агентлагийн ахмад ажилтнуудын дурсамжаас хуваалцъя.
Мэдээлэл, Радио, Телевизийн Улсын Хорооны дарга асан, төр, нийгмийн зүтгэлтэн С.Жалан-Аажав: МОНЦАМЭ агентлагийн үйл ажиллагаа бол Монгол Улсын шинэ үеийн түүхтэй салшгүй холбоотой. Өнгөрсөн хугацаанд МОНЦАМЭ агентлагаас улс орныхоо дотоод болон гадаадад тараасан бүх мэдээг Монгол Улсын 80 гаруй жилийн түүх гэж хэлж болох ажээ...
МОНЦАМЭ агентлаг Монгол Улсад өдөр тутам болж буй улс төр, нийгэм, эдийн засгийн зэрэг чухал үйл явдлыг гадаадад буюу дэлхий дахинд үнэн бодитой, шуурхай мэдээлж байх албан ёсны эрх үүрэг бүхий газар юм...
...Тус агентлаг өөрийн мэдээлийн бодлого практик үйл ажиллагаандаа мэдээ мэдээллийн үнэн бодитой шуурхай байх зарчмыг өнөөдрийг хүртэл гуйвалтгүй хэрэгжүүлж ирсэн цор ганц байгууллага гэж би үздэг.
МОНЦАМЭ-гийн мэдээнүүдэд худал хуурамч, үгүйсгэсэн, туйлшруулсан, улс төржүүлсэн, мушгин гуйвуулсан, гүтгэн гүжирдсэн, байгууллага хувь хүний нэр төрийг гутаасан мэдээлэл нэг ч гарч байгаагүй гэдгийг онцлон тэмдэглэх хэрэгтэй... /”Туулсан замд төрсөн бодол” номоос/.

МОНЦАМЭ агентлагийн дарга асан, Ардын багш, доктор, профессор Т.Баасансүрэн: МОНТА буюу МОНЦАМЭ агентлагийн тухай олон зүйлийг тэмдэглэн хэлж болно. Тэдгээрээс гурван зүйлийг онцлон дурдах ёстой. Нэг, Шинэ Монгол Улсын түүхэнд хэвлэл мэдээллийн систем үүсэн хөгжиж, бүрэлдэн төлөвших эхлэлийг тавьжээ. 1921 онд Монголд мэдээллийн агентлаг, 1935 онд радио, 1967 онд телевиз үүсэн байгуулагдсанаар мэдээлэл, радио, телевизийн бүхэл бүтэн систем бүрэлдэж буй болсон байна. Анхных нь дугаар 1913 онд хэвлэгдсэн “Шинэ толь хэмээх бичиг” сониноор эхэлсэн Монголын тогтмол хэвлэл 1920 онд “Монголын Үнэн”, 1921 онд “Уриа”, улмаар 1922-1923 онд “Хураангуй сэтгүүл”, “Бюллетень МОНТА” сониноор баяжиж үргэлжилсэн байдаг. МОНЦАМЭ агентлаг түүний хөгжилд хүчтэй нөлөө үзүүлж 1922 онд анхны түгээмэл гадаад хэлээрх “Бюллетень МОНТА” сониныг гаргажээ. Эдүгээ англи, орос, хятад, япон, солонгос зэрэг түгээмэл гадаад хэлээр сонин, сэтгүүлүүдээ үргэлжлүүлэн гаргаж Монгол Улсыг дэлхий дахинд сурталчлан таниулж байна. Хоёр, Шинэ Монгол Улсын сэтгүүл зүйн түүхэнд МОНЦАМЭ агентлаг, тус агентлагийн үе үеийн уран бүтээлч, сэтгүүлчид өөрсдийн хүндтэй хувь нэмрийг оруулжээ. Энэ нь мэдээллийн агентлагийн түргэн шуурхай байдал, түүнийг дагалдсан товч тодорхой бичлэгээр юуны өмнө тодорхойлогдоно. Бага зайд их мэдээ мэдээлэл багтаах шаардлага буюу “Хэзээ, хаана, юу” гэсэн асуултад хариулагдах идэвхтэй, ашигтай, шинэ мэдээллийн эх үүсвэрийг МОНЦАМЭ агентлаг, МОНЦАМЭ-гийнхэн Монголын сэтгүүл зүйд үүсгэн хөгжүүлж, төлөвшүүлсэн нь үнэн мөн болно. Гурав, Монгол Улс, Монголын сэтгүүл зүйн түүхэнд үйл ажиллагааны анхны “Алтан дүрэм”-ийг боловсруулан мөрдөж хэрэгжүүлсэн, үнэнийг дээдэлж ёс зүйг ягштал баримталж ажилладаг нь бас л үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийнхан гэж нэмж тодотгомоор байна. МОНЦАМЭ агентлаг бол Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд дотроос мэдээний стандарт, сэтгүүлчдийн ёс зүй, үйл ажиллагааны зарчмыг тогтоосон “Алтан дүрэм” буюу редакцын бодлогыг анх тунхагласан байгууллага юм. Энэхүү үйл ажиллагааны зарчим нь өнөөдөр ч МОНЦАМЭ агентлагт редакцын үйл ажиллагааны гол зарчим болон мөрдөгдөж байна.

Зурагт зүүн гар талын эхэнд Ч.Эрдэнэ
МОНЦАМЭ агентлагийн дарга асан, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, орчуулагч, судлаач Ч.Эрдэнэ:...Дэлхий нийтийн жишгээр авч үзвэл, тусгаар тогтносон бүрэн эрхт улс орнууд тухай бүр үндэсний мэдээллийн агентлагтай байна. Өөрөөр хэлбэл, үндэсний мэдээллийн агентлаг нь тусгаар тогтнолын зайлшгүй нэг элемент, бэлгэ тэмдэг юм. Энэ нь Монгол Улсын ба МОНЦАМЭ агентлагийн түүхэнд онцгой хамаарна. Хуучин тогтолцооны үед БНМАУ-ын Мэдээлэл, Радио, Телевизийн Улсын Хороо байлаа. Энэхүү нэрэнд мэдээлэлд тэргүүлэх зэргийн ач холбогдол өгсөн байх ба түүнийг албан ёсоор МОНЦАМЭ агентлаг төлөөлж, мэдээллийн урсгалын 3 чиглэлийг хангаж байв.
Үүнд:
1.Дотоод мэдээлэл
2.Гадаад мэдээлэл
3.Гадаадад мэдээлэх
Эл гурван чиглэлийн тусгай үйл ажиллагааг хариуцан гүйцэтгэхийн тулд МОНЦАМЭ агентлаг албан ёсны онцгой статусаар хангагдаж байв. Энэ статусыг Монголын Засгийн газрын официоз гэдэг. Энэхүү статус нь дээр дурдсан 3 чиглэлийн мэдээллийн хангалттай өргөн эрх чөлөөг хангахаас гадна төр засгийн мэдээллийн баталгаатай эх сурвалж байх эрх, үүрэг ногдуулж байсан юм.
АГЕНТЛАГИЙН АЖИЛД ЭХЛЭЛ Ч БАЙДАГГҮЙ, ТӨГСГӨЛ Ч БАЙДАГГҮЙ
МОНЦАМЭ агентлагийн ахмад ажилтан, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Адьяа: Сонин бол маргаашийнхаа дугаарын нүүрт орох материалаа бүрдүүлж дуусвал амарчихаж болдог. Харин агентлагийн ажилд эхлэл ч байдаггүй, төгсгөл ч байдаггүй. Бөмбөрцөг дэлхий эргэж л байдаг хойно, үйл явдал өрнөж л байдаг. Мэдээ материал ч хөвөрч байдаг-энэ бол орчин үеийн агентлагийн үйл ажиллагааны зүй тогтол. Мэдээ материал ирж байвал агентлаг ажиллаж л байдаг. Ийм зарчмаар ажиллаж байлаа...
Зурагт: Нүүрэн талын баруун гар талын эхэнд Г.Адьяа
Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Нацагийн Багабанди: МОНЦАМЭ бол Монгол Улсын үе үеийн гарамгай сэхээтнүүд ажиллаж, бүтээж, туурвиж ирсэн ариун номын ордон мөн.

“МОНЦАМЭ-гийн хурдан цагаан” хэмээн нэрлэгдсэн, ахмад сэтгүүлч Гажидын Баатарчулуун: Сүхбаатар аймагт 3 жил Эвлэлийн үүрийн даргаар ажиллаж байгаад 1958 оны 7 дугаар сарын 5-наас Төв хорооны даалгавраар МОНЦАМЭ-д тоймч сурвалжлагч, намын үүрийн даргаар томилогдсон. Тэр үед МОНЦАМЭ дөнгөж дахин байгуулж байсан учраас жаахан хатуу хяналт хэрэгтэй гээд л ажил сайжруулах үүрэг өгсөн юм. Манай дарга Зундуй гэж орос хэлтэй мундаг хүн байсан. Тэр үед МОНЦАМЭ-д 70 шахам хүн ажиллаж байлаа. Манай албанд хөдөө ажиллаж байгаад ирсэн туршлагатай хүнийг л авна. Хэд хоног ажиллуулж байгаад нэг бол тэндээ ажиллуулна, эсвэл дээш, доош нь явуулна, нэг бол бүр ажлаас хална. Манай цаг үе, мэдээллийн алба бол улс орны бүх л үйл явдлын мэдээг шуурхай мэдээлж, “Үнэн” сонин, Монголын радиод мэдээ бэлтгэж өгдөг болохоор завгүй, их ажилтай байсан. Бид бүгдээрээ л их ч суралцаж, мэргэшсэн мэдээний хүмүүс болж байсныг дурсахад сайхан байна. Тухайн үед гадаадад сэтгүүлчийн сургууль төгссөн нь би, бусад нь дотооддоо, Үнэн сонинд ажилласан туршлагатай нөхөд байлаа. Тэр үеэс надад яваагүй аймаг байхгүй, очиж үзээгүй сум ч бараг байхгүй. Миний бичсэн түүвэр номд “Хоньчин өвгөний хот дүүрэн” гэх мэт газар дээрээс нь хийсэн олон мэдээ, тэмдэглэл, нийтлэл орсон байдаг юм.
МОНЦАМЭ-гийн сурвалжлагч бол Монголын бүх газар нутагт хаана ч орж, албан газар, үйлдвэр гээд бүгдийг сурвалжлах эрхтэй гэсэн тэр үеийн хуруу зузаан улаан үнэмлэх надад одоо ч хадгалаастай байгаа. Тэр үнэмлэх ямар ч газраар ороход саадгүй байсан болохоор МОНЦАМЭ гэдэг нэр их түгэн, дэлгэрсэн дээ.
Тэр үед МОНЦАМЭ гэдэг ганц үг, хүний нэр шиг л содон байлаа. Бүр тухайн үед МОНЦАМЭ гэж нөхөр надтай хамт цэрэгт байсан юм. Овоо сахилга баттай нөхөр байсан, одоо их л бичдэг болж гэсэн яриа олны дунд түгсэн нь үнэхээр бодитой юм шүү.
Тухайн үед МОНЦАМЭ-гийн нэрээр Засгийн газарт орох үнэмлэхийг ганц надад л өгсөн байсан. Би тэр үнэмлэхээ 20 хэдэн жил үзүүлж явлаа. Би Ю.Цэдэнбал даргыг 28 жил дагаж сурвалжилсан юм билээ. Эх орон дотроо хаашаа л явна, тэр газар руу би л дагаж явдаг байв. Бал дарга “Новости Монголии” сонинг өглөө бүр уншина. Тэгээд зөвлөгөө өгнө.
Зураг дээр, тэргүүн эгнээний зүүн гар талын эхэнд
МОНЦАМЭ агентлагийн ахмад ажилтан, франц хэлний гарамгай орчуулагч Х.Оюун: “Тухайн үеийн Засгийн газрын бодлого нь гадаад сурталчилгаанд их анхаардаг байсан гэж боддог. Франц, англи хэлний бюллетенийг тус бүр 300 гаруй хувь хэвлэж үнэ төлбөргүй тараадаг байлаа. Орос хэлээр бол телетайпаар дамжуулж явуулдаг байсан. Франц хэлээр 25 жил гарсан бюллетенийг хаасны дараа НҮБ-ын Женев дэх Номын сангаас “МОНЦАМЭ-гийн франц хэлээр гардаг бюллетень яагаад ирэхгүй байна вэ, авмаар байна” гэж захиа ирүүлж байсан юм. Тухайн цаг үед бюллетень маань гоё сайхан хэвлэгддэггүй байсан ч хэрэгтэй газраа манай мэдээлэл чухал, үнэт зүйл байжээ.
Өөр нэг жишээ дурдахад, Францын эдийн засагч Леон Лавали гэж хүн Монголд огт ирж үзээгүй ч манай эдийн засаг, улс төрийн тухай судалгааны ном гаргасан. Номонд нь орсон судалгааны материалын дийлэнх нь МОНЦАМЭ агентлагаас орос хэлээр гаргадаг “Новости Монголии” сонин, англи, франц хэлээр гаргадаг бюллетений мэдээ, баримт дээр тулгуурласан байгаа юм.
САНСРЫН 101 ДЭХ НИСЭГЧ Ж.ГҮРРАГЧААГ ЭХ ДЭЛХИЙДЭЭ ГАЗАРДАХАД
МОНЦАМЭ АГЕНТЛАГИЙН СУРВАЛЖЛАГЧ АНХНЫ ЯРИЛЦЛАГЫГ ХИЙВ
МОНЦАМЭ агентлагийн ахмад ажилтан, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Т.Галдан: ...Миний ээлж болж микрофон авч, сансрын нисэгч Ж.Гүррагчаатай ярилцаж эхлэх зуураа тэд буусны дараа зөндөө их удсан юм шиг санагдаж, сайн явж ирэв үү? гэж мэндлэх цаг үе нь өнгөрсөн юм шиг санагдаж билээ. Үнэндээ минут гаруйн хугацаа өнгөрсөн ч зөндөө удсан мэт санагдсан нь үйл явдал сансрын айзмаар явж байсантай холбоотой, нөгөө талаас Зөвлөлт, Монголын сурвалжлагчдын хооронд ганцхан микрофон тавьж олгосон, бас Зөвлөлтийн нисэгчтэй эхний ээлжинд ярилцлага авах дээд газрын заавартай байсан зэрэг нь хоёр нисэгчтэй ээлжлэн ярилцах шаардлагыг зайлшгүй мэт болгосон билээ...

Зураг дээр, тэргүүн эгнээний баруун гар талын эхэнд
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, гэрэл зурагчин С.Батсүх: Би 1970 оноос Улсын гэрэл зургийн газарт ажилласан. Улсын гэрэл зургийн газар нь МОНЦАМЭ агентлаг болон архивыг зургаар хангах үүрэгтэй байсан тул 1978 оноос МОНЦАМЭ агентлагт бүрэн шилжүүлсэн юм. Ингэж энэ байгууллагатай холбогдсон түүхтэй. МОНЦАМЭ агентлагийн харьяа Улсын гэрэл зургийн газар маш өргөн бүрэлдэхүүнтэй, сонинуудыг гэрэл зургаар хангадаг, улсын архив бүрдүүлдэг, элчингүүдэд шаардлагатай гэрэл зургийг явуулдаг чөлөө завгүй байгууллага байлаа. Энэхүү байгууллагад ажиллаж байхад надад монгол хүн сансарт нисэх үйл явдлыг 1978-1988 он хүртэл гэрэл зургаар баталгаажуулах дахин олдохгүй завшаан, ховор тохиол тохиож байв. Тэгээд “Сансрын зурагчин” хэмээх хүндтэй алдрын эзэн болсон билээ.
ГОВЬ ҮЙЛДВЭРИЙН НЭЭЛТИЙГ МОНЦАМЭ СУРВАЛЖИЛЖ БАЙСАН 
Ахмад сэтгүүлч Г.Далантай: Монголчуудын хэлж ярьж заншсанаар “Говь” комбинатын нээлт 1981 онд болж Монголын хэвлэл мэдээллийн байгууллагаас МОНЦАМЭ агентлаг болон “Үнэн” сонины гэсэн хоёрхон байгууллагаас сурвалжилж байж билээ. Сурвалжлах үүргийг надад Мэдээлэл, радио, телевизийн Улсын хорооны дарга С.Жалан-Аажаваас авсан. Тухайн үед манай МОНЦАМЭ агентлагийн гадаад, дотоод мэдээний алба цуг, нэг даргатай байв. Үйлдвэр дээр очоод төрсөн сэтгэгдэл гэвэл, том үйлдвэр дуу чимээ нь нүргэж байх юм гэж бодсон чинь чимээ, шуугиангүй, тоног төхөөрөмж нь нүргээнгүй, бараг хөгжим дуугарч байгаа юм шиг санагдаж байж билээ. Хуучин бид Хөнгөн, Хүнсний Үйлдвэрийн Яамны харьяа ноосны үйлдвэрийн нэгдэл, арьс ширний үйлдвэрийн нэгдэл гэж 20 гаруй үйлдвэрийг хариуцан сурвалжилдаг, бидэнд хуваарилаад өгдөг байсан юм. Нэг ёсондоо хариуцсан салбар маань байлаа. Жишээ нь, Гутлын үйлдвэрээр ороход ажилчид нь хоорондоо бараг хашхирах шахуу ярьдаг, тийм дуу чимээтэй байв. Үйлдвэр гэхээр нь тэр нь шигээ санахгүй юу. Тэгсэн “Говь” үйлдвэр нам жим, чимээгүй, аятайхан санагдсан. Нэхэх цехэд нь ороход цэв цэмцгэр, цэлийсэн харагдсан. Тэр үед манай мэдээний редакцийн ахлах редактороор Дэмбэрэл, хариуцлагатай редактороор Б.Зоригт нар ажиллаж байлаа. Бид мэдээгээ бичгийн машинаар цохьдог, мэдээгээ 3 хувь болгон нэгийг нь ахлах редактортоо өгдөг, бас нэг хувийг телевизийн гэсэн нэг хавтаст хийдэг байлаа. Ахлах редакторт өгсөн хувийг манай гадаад мэдээнийхэн аваад цааш нь орчуулж мэдээлдэг байв. Мэдээлэл, Радио, Телевизийн Улсын хороонд МОНЦАМЭ, радио, телевиз харьяалагддаг байсан учир бидний мэдээ телевизээр бас явдаг байлаа. Телевизээр явуулсан мэдээний шагнал гэж бас бидэнд өгдөг байсан.
Биднийг тэр үед хуучин ЗХУ-ын мэдээллийн ТАСС агентлагийн жишээгээр мэдээ товч бичиж мэдээлэхийг сургаж байлаа. Тэр үед МОНЦАМЭ-гийн мэдээ радиогоор 2 цаг тутамд явдаг, бид чинь мэдээгээ авчихаад бушуухан редакц руу гүйдэг байсан
Ройтерс агентлагийн сурвалжлагчаар олон жил Монголд ажилласан Иръя Халаш:
...Тухайн үед өрнөж байсан ардчилсан хувьсгалын талаар үнэн бодитой тодорхой мэдээллийг дэлхий дахинд хүргэхийн тулд Ройтерс агентлагийн сурвалжлагчийн хувьд би МОНЦАМЭ агентлагийн сэтгүүлч, сурвалжлагч, гэрэл зурагчид зэрэг мэргэжил нэгт нөхөдтэйгөө Улаанбаатарын гудамжинд ихэнх цагаа өнгөрөөдөг байлаа. Тэдний дотроос МОНЦАМЭ агентлагийн сэтгүүлчид байнга надад тусалж, тухайн үед улс оронд өрнөж байсан улс төрийн өөрчлөлтийн талаар мэдээлэл өгдөг байсан.
МОНГОЛ ТЕЛЕВИЗ 1967 ОНД БАЙГУУЛАГДАХАД ТЕЛЕВИЗИЙН ГАДААД МЭДЭЭГ МОНЦАМЭ БЭЛТГЭДЭГ БАЙВ
Гадаад мэдээний тоймч асан Ц.Даваажав: Миний бие 1970 оны наймдугаар сарын 12-ноос МОНЦАМЭ агентлагийн Гадаад мэдээний хэлтэст орчуулагч редактораар ажиллах болсон билээ. Хэлтсийн дарга нь Гончигийн Балдандорж хэмээх их цэвэр цэмцгэр, ажилтнууддаа хатуу шаардлага тавьдаг хүн байв. Намайг анх ирэхэд манай хэлтсийн орчуулагч-редакторууд мэдээнүүдээ авч уншиж танилцаад шууд бичээчид дуудаж өгөн орчуулдаг байсан. Харахаар гайхмаар ч, бахархмаар ч байдаг сан. Хэсэг хугацааны дараа би ч гэсэн шууд дуудаж орчуулдаг болсон доо. Тухайн үеийн тогтолцооны эрхээр ЗХУКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Брежневийн хэлсэн үг бүрийг орчуулж, “Үнэн” сонинд өгнө. Тэрбээр байн байн энд тэнд үг хэлнэ, орчуулахад 30-40 хуудас болно. Залгуулаад “перестройка” буюу өөрчлөн байгуулалт эхлэхэд ЗХУКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга М.Горбачевын хэлсэн үг бүрийг бас орчуулна. Хэлсэн үг нь орчуулахад бас л 30-40 хуудас болно. Цагийн зөрөөнөөс болоод үдээс хойш 17-18 цагийн үеэс тэдний хэлсэн үг телетайпаар цувж эхэлнэ. Маргаашийн “Үнэн” сонинд заавал нийтлүүлэх учиртай тул манай хэлтсийнхэн шөнөжин сууж орчуулж дуусгана, “Үнэн” сониныхон сахиж сууж байгаад аваад явдаг сан. Гадаад мэдээний хэлтэс гадаад мэдээ мэдээлэл бэлтгэхийн зэрэгцээ бас нэг гол үүрэг нь бямба гараг бүр “Орчин үе, олон улсын байдал” байдал 20 минутын нэвтрүүлэг бэлтгэнэ. Мөн долоо хоногийн ням гараг бүр нэг сэдвээр 15 минутын нэвтрүүлэг бэлтгэнэ. Үүнээс гадна дарга нарын даалгавраар хагас сайн өдөр өөр албан байгууллагуудад очиж тухайн үед тогтмолжсон байсан өглөөний сонсгол дээр олон улсын байдлын асуудлаар мэдээлэл хийнэ, лекц уншина. /Зурагт: Зүүн гар талаас эхэнд Ц.Даваажав/
Ахмад орчуулагч Я.Сүхбаатар: МОНЦАМЭ тэр үед төр засгийн ганц мэдээллийн агентлаг болохоор радио, сонин бүгд л манай бэлтгэсэн дэлхий дахины үйл явдлын мэдээг авдаг байлаа. Тус агентлагийн гадаад мэдээний редактор, орчуулагчдын ажил өглөө маш эрт эхэлнэ. Монголын радио гэхэд л өглөө 6.00 цагаас, хамгийн түрүүнд МОНЦАМЭ-гийн бэлтгэсэн шинэ мэдээг сонсогчдод хүргэдэг байлаа. Тиймээс Гадаад мэдээний редакц хоёр ээлжээр, өглөө 6-14 цаг хүртэл, оройн ээлж 14-20 цаг хүртэл тасралтгүй ажиллаж дэлхий дахины мэдээ, мэдээллийг орчуулан гаргаж радио, сонин, телевизэд түгээж байсан. Мөн Монгол телевиз 1967 онд байгуулагдахад телевизийн гадаад мэдээг бид бэлтгээд, уншдаг байлаа. Тэр үеийн ЗХУ-ын Коммунист Намын Төв Хорооны бүгд хурал, их хурлын хэдэн арван хуудас материал ТАСС-аас ирнэ. Үүнийг нь МОНЦАМЭ-гийн орчуулагчид өдөр шөнөгүй сууж орчуулсныг маргааш нь “Үнэн” сонинд нийтэлдэг байсан.


Сэтгэгдэл байхгүй байна