Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Баянзүрх дүүргийн Засаг даргаар Э.Бат-Амгаланг томилох захирамж гаргаснаар Баянзүрх дүүрэгт үймээн үүсээд байгаа талаар бид мэдээлсэн. Өнгөрсөн баасан гаригт дүүргийн Тамгын газрын байранд суулт хийж байсан иргэдийг цагдаа хүчээр тарааснаас үүдэн цагдаагийнхан нулимс асгаруулагч хий хэрэглэсэн эсэх маргаан ч дэгдээд байгаа. Тэгвэл өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын Баянзүрх дүүргийн Засаг даргаар Э.Бат-Амгаланг томилох захирамжийн үйлчлэлийг түр түдгэлзүүлсэн байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд шүүхийн энэ шийдвэрийг хүндэтгэн хүлээн авч байгаагаа илэрхийлээд шүүхийн дараагийн шатанд хууль зүйн үндэслэлээ гаргаж тавина гэлээ. Ингэснээр С.Батболдын захирамжийн үйлчлэл зогсон Баянзүрх дүүргийн Засаг даргаар О.Пүрэвдаваа нөхөн сонгууль болтол хэвээр ажиллах нь. Тус дүүргийн зургаан тойрогт маргаан гарсан бөгөөд нөхөн сонгуулийг ирэх аравдугаар сард явуулах юм.
С.Батболд:Шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байна
-Өнгөрсөн аравдугаар сард болсон аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулиар Баянзүрх дүүргийн 41 тойргийн ургаан тойрогт маргаан үүссэн. Дээрх суудалд нэр дэвшигчдийн талаарх шүүхийн шийдвэр эцэслэн гарах хүртэл би хүлээцтэй хандсан. Таван сарын хугацаанд хүлээсэн. Дүүргийн ИТХ асуудлаа шийдэх ёстой гэж хүлээсэн. Саяхан хоёрдугаар сарын 23-ны өдөр дүүргийн сонгуулийн хорооноос зургаан тойрогт дахин сонгууль явуулах ёстой гэсэн шийдвэр гарсан. Тиймээс олонх нь болох 35 төлөөлөгчийн саналыг харгалзан гаргасан ИТХ-ын шийдвэрийг үндэслэн Э.Бат-Амгаланг дүүргийн Засаг даргаар батламжилсан. Миний гаргасан захирамж хууль зүйн үндэслэлтэй, үүнийгээ би хаана ч хамгаална.
Харин өнөө өглөө /2017.03.06/ Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Баянзүрх дүүргийн Засаг даргыг томилсон захирамжийн үйлчлэлийг түдгэлзүүлж байна гэсэн. Би УИХ-ын гишүүн байсан хүн. Шүүхийн өмнө гаргасан шийдвэрээ нотлох болно. Гэхдээ шүүхийн шийдвэрийг хүндэтгэн хүлээн авч байна. Тиймээс миний гаргасан захирамжийн үйлчлэл зогсож байна. Захирамжийн үйлчлэл зогссон учир хуучин нөхцөл дахиад сэргэнэ гэлээ.
Сонгуулийн шинэ хуулийн дагуу Баянзүрх дүүргийн маргаантай байгаа зургаан тойргийн сонгууль ирэх аравдугаар сард дахин явагдана гэж хотын мэр тайлбарлалаа.
Мөн энэ өдөр /2017.03.06/ 11.00 цагт Нийслэлийн Ардчилсан намын зүгээс Баянзүрх дүүрэгт үүсээд байгаа нөхцөл байдлын талаар хэвлэлийн бага хурал хийж, байр сууриа илэрхийллээ.
Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл: МАН шүүхийн хараат бус байдлыг алдагдуулж байна
-Баянзүрх дүүрэгт үүсэж буй нөхцөл байдал ямар ноцтой болж байгааг олон түмэнд зориуд сонордуулах үүднээс би энэ хэвлэлийн хуралд ирээд байна. Баян зүрх дүүрэг дээр болж буй шиг ийм үйл явц орон даяар өрнөж байна. Орон нутгийн сонгуулиар АН 104 суманд ялалт байгуулсан. Завхан аймагт ялсан АН цэвэр ялсан учир аймгийн засаг дарга болон сумдын засаг дарга нар хуулийн дагуу явагдсан.
Ганц, Баянзүрх дүүрэг гэлтгүй, бусад 74 сумын засаг дарга нарыг томилоогүй байна. Орон нутгийн сонгууль явагдаад таван сар өнгөрчихлөө. Сүхбаатар аймгийн засаг даргыг батламжлахгүй, Баянзүрхтэй адилхан өөр хүнийг шууд батламжлах үйл ажиллагаа явагдаж байна. Хуулиараа засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байж, хууль бусаар булаахыг хориглосон. Гэтэл ард түмний эрх мэдлийг МАН хүчээр булааж байна. Үүгээр зогсохгүй, шүүхийн хараат бус байдлыг алдагдуулж, шүүхийн шийдвэрт хүртэл нөлөөлж байна” гэж тодотгосон юм.
Холбоотой мэдээллийг дор дарж үзнэ үү
Баянзүрхийн үймээн буюу Засаг даргын томилгоо
Сэтгэгдэл байхгүй байна