• Эхлэл
  • Ц.Амгаланбаатар нарын шүүх хурал үргэлжилж байна

Ц.Амгаланбаатар нарын шүүх хурал үргэлжилж байна

2017/03/14

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт шүүхээс ял сонссон Т.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Х.Чимгээ нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал нийслэл дэх Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн байранд 09.30 цагт эхэллээ.

Олны анхаарлын төвд буй уг шүүх хуралд С.Зориг агсны ах С.Баяр анх удаа оролцохоор ирээд байна. Мөн С.Зориг агсны дүү С.Оюуны г төлөөлж өмгөөлөгч Л.Энхсайхан шүүх хуралд оролцож байна.

 

Өмнө буюу өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 24-нд болсон шүүх хуралд С.Зориг агсны гэр бүлийнхнээс оролцоогүй, харин С.Оюуны өмгөөлөгч шүүх хуралд оролцсон. Мөн УИХ-ын гишүүн асан С.Зоригийн дүү С.Оюун давж заалдах шатны шүүх хуралдааныг нээлттэй хийх хүсэлт илэрхийлж байсан ч энэ удаагийн шүүх хурал мөн хаалттай, зөвхөн шүүх хуралдааны эхлэл болон төгсгөлд хэвлэлийнхнийг байлцуулав.

Уг шүүх хуралд шүүгдэгчид хуралд цахимаар холбогдон, оролцож байгаа бөгөөд Т.Содномдаржаагийн өмгөөлөгч Л.Мөнхтөр, Х.Чимгээгийн өмгөөлөгч С.Оюунцэцэг, Ц.Амгаланбаатарын өмгөөлөгчөөр Д.Дашдорж нар шүүх хуралд биечлэн оролцож байна.

Анхан шатны шүүхээс Амгаланбаатарт 25, Б.Содномдаржаад 25, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноосон.

Тодруулбал, Ц.Амгаланбаатарт оноосон 25 жилийн 20-ыг гянданд, үлдсэнийг нь онцгой дэглэмтэй хорих ангид, Б.Содномдаржаад оноосон 25 жилийн 23-ыг нь гянданд, үлдсэнийг нь онцгой дэглэмтэй хорих ангид, Т.Чимгээгийн 24 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Сануулахад:Ц.Амгаланбаатар нарыг төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөснөөс гадна өмнөх гэмт хэргээ нуун дарагдуулахын тулд гэр бүлийн дөрвөн хүнийг /эхнэр нөхөр болон хоёр хүүхдийн хамт/ галдан шатааж, амь насыг нь хөнөөсөн хэрэгт буруутгаж байгаа аж. Энэхүү гал түймрийн хэрэг нь 2006 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр Орхон аймагт гарсан бөгөөд тухайн үедээ цахилгааны утаснаас буюу хоол хийж идээд халуун тогоогоо асаалттай унтаж, уг тогооны утаснаас гал гарсан гэж дүгнэж байсан юм. Харин 11 жилийн дараа энэ хэргийг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй яагаад холбоотой болсон нь олон нийтийн хувьд тодорхойгүй байгаа бөгөөд галд нас барсан Б.Отгонбаатар УИХ-ын гишүүн асан Ш.Отгонбилэгийн хамгаалагч байсан гэсэн яриа гарсан боловч үүнийг ар гэрийнхэн нь үгүйсгэсэн юм.

Энэхүү ярианаас үүдээд уг хэргийн захиалагч нь УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэг агсан гэсэн яриа гараад байгаа боловч С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн захиалагчийг Ц.Амгаланбаатар нарын хэргээс тусгаарлан шалгаж байгаа гэсэн албан мэдээлэл байгаа. Гэвч мөн хэнийг захиалагчаар шалгаж байгаа нь ч тодорхойгүй. Гэхдээ Ц.Амгаланбаатар нарыг захиалгатайгаар бусдын амь насыг хөнөөсөн гэсэн зүйл ангиар яллаад байгаа юм.

Шүүх хурал үргэлжилж байгаа бөгөөд 15,30 цагт завсарлана. 

Нэмэлт мэдээлэл:

Яллагдагч Т.Содномдаржаа, Т.Чимгээ нарын өмгөөлөгч болон С.Зориг агсны ах С.Баяр нар шүүх хуралдааныг нээлттэй явуулахыг хүссэн боловч шүүх бүрэлдэхүүн хаалттай явуулахаар боллоо. Мөн УИХ-ын гишүүн асан С.Оюуны өмгөөлөгч Л.Энхсайхан ч шүүх хуралдааны нээлттэй явуулах хүсэлт гаргажээ.  С.Оюун гадаадад томилолтоор ажиллаж байгаа аж. Харин шүүгдэгч Ц.Амгаланбаатар ямар нэгэн санал хэлээгүй байна.

Харин Ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэ

-35 дугаар хавтаст хэргийн 215-220 дугаар хуудсанд шинжээчийн дүгнэлт бий. 1998 оны аравдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн энэ хэрэг маш нууцыг зэрэглэлд хамаарах болсон. Тиймээс хүсэлтийг хүлээж авахаас татгалзаж, хуралдааныг хаалттай явуулахаар боллоо” гэж мэдэгдлээ. 

Ийнхүү Давж заалдах шатны шүүх хуралдаан хаалтай горимоор үргэлжилж байна.

Шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлтийг хүлээж аваагүй учраас С.Зориг агсны ах С.Баяр шүүх хуралдаанд оролцохгүй хэмээн хуралдааныг орхин гарсан байна. Өмнө нь мөн түүний дүү С.Оюун нэгэнт хаалттай хуралдаан хийж байгаа тохиолдолд би тэр процессынх нь нэг хэсэг болохыг хүсэхгүй байна хэмээн хуралдаанд оролцохоос татгалзаж, өмгөөлөгчөө оролцуулж байсан. Мөн өмнөх анхан шатны шүүх хуралдаанд галд нас барсан гэж буй гэр бүлийнхний хохирогчоор оролцсон эгч нь "Үнэндээ шүүх хурлын үеэр энэ хэргийн талаар огт яригдаагүй шахам. Надаас гомдолтой эсэхийг асуухад нэгэнт гал цахилгааны утаснаас болсон гэж өмнө мэдэгдэж байсан болохоор гомдолгүй гэж хариулсан" гэж мэдэгдэж байсан юм.    

А.Ану  

Холбоотой мэдээллийг дор дарж үзнэ үү. 

Шүүх хурал түр завсарлав

С.Зориг-Ш.Отгонбилэгийн хамгаалагч-галын хэрэг

С.Оюун:Би тэр процессын нэг хэсэг болохыг хүсээгүй

 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Hahaha
    Arai ugui bailgui dee?!
    2017 оны 03 сарын 14