• Эхлэл
  • Э.НОМИН: Хөтөлбөрт хамрагдсан оюутнууд маань гадаадад суралцана гэсэн том зорилготой ирдэг

Э.НОМИН: Хөтөлбөрт хамрагдсан оюутнууд маань гадаадад суралцана гэсэн том зорилготой ирдэг

2019/05/17

Монгол Улс, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан "ОН ЦАГИЙН ХЭЛХЭЭС" цуврал ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.

Энэ удаад “Отгонтэнгэр” их сургуулийн Гадаад харилцаа хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал, доктор, дэд профессор Энхбатын Номинтой уулзаж ярилцлаа.

-Таныг  Гадаад хэлний тэнхимийн эрхлэгч, багшаар ажилладаг гэж байсан. Та дэд захирал болжээ..?

-Би энэ сургуулийнхаа Гадаад харилцаа хамтын ажиллагаа эрхлэсэн дэд захирал гэдэг чухал албыг өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн авч ажиллаж байна.

-Танд баяр хүргэе. Хоёулаа ярилцлагаа Таны хятад хэл сурсан түүхээс эхлэе гэж бодлоо. Таныг бага насаа Хятадад өнгөрүүлсэн, бага сургуулиа ч тэнд дүүргэсэн гэж байсан. Танай гэрийнхэн тэнд сурч, ажиллаж байв уу?

-Аав маань 1992 онд Бээжин хотод худалдааны төлөөлөгчөөр ажиллах болж бид гэр бүлээрээ тэнд амьдрахаар нүүж очсон. Би тэр үед зургаан настай байлаа. Тэгэхээр миний бичиг үсгийн гараа “Фан сао ди” /Fang cao di International school/ хэмээх олон улсын бага сургуульд орсноор эхэлж, бүх мэдлэгээ тэндээс авч байлаа. 1998 онд бага сургуулиа дүүргээд монголдоо ирээд Хятад Монголын “Найрамдал” дунд сургуульд сурч, 2004 онд их сургуульд элсэн суралцсан түүхтэй.

-Та эхээс хэдүүлээ вэ?

-Гурван охинтой айлын том нь.

-Танай аав худалдааны төлөөлөгч хийдэг гэхээр хятад хэлтэй байх нь ээ дээ?

-Үгүй ээ. Яг мэргэжлээрээ тэнд очиж ажилласан. Англи хэл дээр илүү түлхүү ярьж, ажилладаг байсан байх. Би тэр үед хүүхэд байсан болохоор аавынхаа яг ямар ажил, яаж хийж байгааг тэр бүр сайн мэдэхгүй. Бидний үүрэг бол сургуульдаа явж эрдэм ном сайн сурах л байлаа.

-Ээж тань Бээжинд ажил хийдэг байв уу. Охидуудаа сургуульд нь хүргэж өгнө, авна гээд их л ажилтай байсан байх даа..?

-Ээж маань гэртээ байдаг байсан. Шаардлага гарвал элчинд очиж ажиллана. Биднийг хүргэж өгөх авах асуудал харьцангуй гайгүй. Бээжин маш аюулгүй хот. Мөн бид элчингийн бүст амьдардаг байсан болохоор сургууль руугаа бүгдээрээ хамтдаа алхаад явчихна. Өдөр ирж хооллочихоод дахиад алхаад явцгаачихдаг. Ээжийн маань биднийг хичээлээ сайн хийж, мэдлэгээ өөрийн болгох тал дээр илүү анхаарч зөвлөн чиглүүлдэг байсан.

-Хятад хэл сурахад хэцүү юү. Ханз сурахад хэцүү байх гэж санагддаг?

-Олон хүн хятад хэл сурахад хэцүү гэсэн ойлголттой байдаг. Эхлэн сурахад хүндрэлтэй, хэцүү юү гэвэл хэцүү. Гэхдээ хамгийн  хэцүү болох анхан шатаа давчихвал маш хөгжилтэй,  сурахад их сайхан хэл гэж би хэлнэ.  Үсгээр сурч байгаа монгол хэл, англи хэлийг бодвол маш их дүрс бүхий ханзтай. Ер нь Хятад хэлийг сураад тодорхой түвшний дараа дотоод логик холбоо уялдааг нь ойлгосноороо дараа дараагийнхаа ханзыг ойлгох, шинэ үгээ мэдэх, яаж дуудах нь  маш амархан болдог.

-Их хөгжилтэй гээд байгаа. Ханз нь логорифм буюу дүрсэнд суурилан зохиогдсон  бичиг гэдэг утгаар нь хүүхдүүдэд сурахад их дөхөмтэй байх нь уу?

-Ер нь анх ханз маань дүрс үсгээс үүссэн байдаг. Үндсэн ханз  байгаль дээрх уул, ус, тэнгэр, дүрстэй холбоотой. Түүгээр нь бид ойлгож болдог. Тэр дүрсээсээ  үүссэн маш олон зурлага, хэлбэрүүд байдаг. Тэр нь тодорхой хэмжээний утга агуулгатай байдаг болохоор утгаа ойлгочиж болно. Тодорхой хэмжээний ханзнууд нь дуудлагаа илэрхийлдэг болохоор тэрийгээ ойлгосноор энэ үгийг яаж дуудах чиглэлээ олоод авчихна. Энэ болгон дээр үндэслээд хятад хэлийг сурахад гайгүй. Хүмүүс олон ханзтай, олон үгтэй, дуудлага нь хэцүү гээд халширдаг. Энэ бүгд эхний шатны  хүндрэл. Эхний шатанд багахан унтаад, нэлээдгүй сайн чээжлээд авах юм бол дараагийн шатууд нь хөнгөн. Хөнгөн гэдэг маань дүрэмтэй холбоотой. Хятад хэл дүрмийн хатуу шаардлага  харьцангуй багатай. Янз янзын байдлаар нэг утгыг олон хэлбэрээр илэрхийлэх боломжтой учраас хатуу дүрэмд захирагдаад байхгүйгээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой.

-Хятад бичиг их эртний урамжлалтай, түүхтэй бичиг. Энэ бичгийг зээлдэж хэрэглэдэг улс орон маш их байдаг. Энд жишээлэхэд Тайланьд,  Япон, Өмнөд Солонгос гээд улсыг нэрлэж болно.  Хойд Солонгос хэрэглэж байгаад дараа нь халчихсан..?

-Яг ханзаар хэрэглэдэг албан ёсны улс орон гэх юм бол Япон ханз бол байгаа, Тайвань, Хонгконг хуучин /хуучны бичилтээр/-ы ханзыг хэрэглэдэг. Зүүн өмнөд азийн Хятад үндэстэнүүд амьдардаг газар тодорхой хэмжээгээр мөн ханз хэрэглэдэг. Гэхдээ их газрын Хятад улсаас бусад нь дийлэнх нь хуучны ханзыг хэрэглэж байгаа. Хятадад 70-аад оноос хойш хялбаршуулсан ханзыг илүүтэйгээр ашиглаж байгаа үүнийг үндсэн  ханз гэж ойлгож байгаа.

-Толь бичгүүд нь байж байгаад л өөрчлөгдөөд байх шиг байгаа юм. Манайд Я.Цэвэлийн  30 000 үгтэй  Монгол хэлний товч тайлбар толь бичиг гэж бий. Бид одоо ч хэрэглэгддэг. Гэтэл Хятадад тав, арван жил болоод л толь бичгийнх нь агууламж нэмэгдээд л хэвлэгдээд байх шиг. Ямар учиртай юм бол..?

-Одоогоос хоёр жилийн өмнө зургаа дахь орчин цагийн хятад хэлний толь бичиг хэвлэгдэн гарсан. Энэ нь орчин цагт маш их шинэ үг хэллэг, шинэ нэр томъёо  бий болж байна гэсэн үг. Эдгээрийг тайлбарласан тайлбар толь зайлшгүй шаардлагатай. Энэ утгаараа шинэ үгийг шинэ үгээр баяжуулах, ашиглагдахаа больсон хуучин үгсийг тодорхой хэмжээгээр халж, утга шилжсэн байх юм бол шилжсэн утгыг нь нэмж тайлбарласан байдлаар толь бичиг дахин хэвлэгдсэн байгаа.

-Та бага наснаасаа хятад хэл сураад энэ мэдлэгээ ажил мэргэжлээ болгоод ажиллахаар их дөхөм санагдлаа. Хүүхэд байхад том болоод ийм, тийм мэргэжилтэй болно гээд л мөрөөддөг. Таны хувьд ямар мэргэжилтэй болно гэж бодож, мөрөөддөг байв?

-Миний хувьд гуравдугаар курст ортлоо багш болох тухай бодож явсангүй. Би их сургуулиа төгсчихөөд дахин сурч сэтгэл судлаач эсвэл түүхч болно гэдэг бодолтой байсан. Гуравдугаар курст боловсрол судлал гэдэг хичээл орж, багш болохын сайхныг ойлгосон. Тэгээд л багш болохоор шийдсэн. Сургуулиа дүүргэсний дараагаар маш азтайгаар манай сургууль надад үргэлжлүүлэн багшаар ажиллах санал тавьсан. Багш болъё гэсэн бодолтой явсан миний хувьд энэ бол алтан боломж. Ингээд л сургуульдаа үлдэж багшийнхаа ажлын гарааг эхэлсэн.

-Та “Отгонтэнгэр” их сургуулийг ямар мэргэжлээр сурч төгслөө?

-Би англи хэл, багш, орчуулагчийн мэргэжлээр төгссөн. Багаасаа хятад хэл сурсан болохоор оюутан байхдаа хятад хэлний олон олимпиадад ордог байлаа. Намайг суралцаж байхад анх удаа өнөөдрийн оюутан болгоны оролцохыг хүсдэг  хятад хэлний “Гүүр” хэмээх тэмцээн болж амжилттай оролцож байлаа. Мөн анхны хятад хэлний  HSK-н тэмцээн болж, тэр түвшин тогтоох шалгалтад гайгүй үнэлгээ авч байлаа.

-Ямар дүн авч байв. HSK нь хэдэн түвшинтэй  байлаа?

-Тухайн үед анхан, дунд, дээд гээд 11 хүртэлх зэрэг олгодог байсан. Дунд шатанд нь наймдугаар зэрэг хүртэл олгодог байлаа. Би наймдугаар зэрэг авсан. Тэр үед энэ шалгалтыг өгөх монголчууд их цөөхөн. Дам сонсоход монголчууд дундаа хамгийн өндөр оноог  нь би авсан юм билээ. Тэгээд Бээжингийн тухайн үеийн Хэл соёлын их сургуульд нэг жил сурах эрхээр шагнуулсан. Оюутан байхдаа давхар Бээжинд нэг жил сураад ирсэн.

-Ингээд таны түүхийг сонсоод байхад бага сургуулиа Бээжинд, дараа нь монголд ирээд хятад хэлний “Найрамдал” сургуульд сурч төгссөн гэж байгаа. Тэгэхээр монгол хэлээ хэзээ нь сурав?

-Монголд ирээд л сурсан гэж ойлгож болно. Бээжинд байхдаа гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгөө Монголоороо ярьчихна. Монголд ирэхээсээ өмнө хавар дөрөвдүгээр сард анх крилл үсгээ сурсан. Наймдугаар сард нь Монголд ирээд тэр намраа сургуульд орсон. “Найрамдал” сургуульд сурч байхдаа Монгол гуравдугаар дунд сургуульд өглөө нь давхар сурдаг байлаа. Монгол хүүхдүүд дунд, монгол багшаар заалгаад хурдан сайжирсан. Их сургуульд ороод хэлээ зүгшрүүлэх, хэл бичгээ академик түвшинд эзэмшихэд “Отгонтэнгэр” их сургуулийн багш нар маань багагүй туслаж өнөөдрийн түвшинд хүргэсэн.

-15 жил багшилж байгаа гэсэн. Оюутан залуус Хятад хэлийг хэр их сонгон суралцаж байна вэ. Танай сургууль хэдэн хэлээр сургаж төгсгөж байгаа билээ?

-“Отгонтэнгэр” их сургуулийн хувьд  гадаад хэлний чиглэлээр англи хэлний багш, хятад хэлний орчуулагч, Солонгос хэлний орчуулагч гэсэн мэргэжлээр сургаж төгссөж байгаа. Гэхдээ  бусад мэргэжлээр сурч буй оюутнууд маань  хэрэв сонирхох юм бол бусад хэлийг сонгон суралцах эрх үргэлж нээлттэй байдаг. Хятад хэлийг сонирхон сонгон суралцагчдын тоо нэмэгдэж байгаа. Үүнд бүх насныхан орно. Мөн Хятад хэлний, хос хэлтэй бага сургууль,  дунд сургуулийн тоо нэмэгдэж байна. Их сургууль болгон хятад хэлний ангитай болчихсон. Ер нь Хятад хэлийг сонгон суралцах мэргэжлийн хичээлийг нээлттэй болгож байна.

-Танай сургуульд жилдээ хэдэн хүүхэд Хятад хэлний ангид элсэн суралцдаг вэ?

-Тухайн жилийн ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн  тооноос шалтгаалаад заримдаа нэг, заримдаа хоёр, гурван анги хүүхэд элсдэг. Нэг ангид 30 хүүхэд сурдаг.

-Танай сургуулийн дипломыг олон улсад хүлээн зөвшөөрдөг үү. Магадлан итгэмжлэлээр орсон уу?

-Манай сургууль байгууллагын гурав дахь удаагийн магадлан итгэмжлэлээр орсон. Үйл ажиллагаа маань олон улсын стандарт шаардлагыг хангасан гэж үзэж болно. Гурав дахь удаагийн  магадлан итгэмжлэлийн өөрийнх нь шалгуур нь олон улсын стандартаа барьж боловсруулагдсанд байдаг юм. Энүүгээрээ онцлог. Хөтөлбөрийн хувьд манай хөтөлбөр үндэсний магадлан итгэмжлэлээр баталгаажсан. Олон улсын магадлалын хувьд гэвэл бид Хятад хэл болон Англи  хэлийг олон улсын түвшинд хаана магадлуулах эх сурвалжаа арайхан олж чадаагүй байгаа. Дотоодынхоо магадлан итгэмжлэлд  бол хамрагдсан. Манай сургуулийн бизнесийн удирдлагын сургуулийн хөтөлбөрийн хувьд олон улсын магадлан итгэмжлэлээр магадлагдсан.

-Танай сургууль оюутнуудаа гадаадад оюутан солилцоогоор явуулдаг гэж байсан..?

-Бид хүүхдүүддээ хэл гэдэг бол дэлхий ертөнцтэй харилцах гүүр гэж ойлгуулдаг. Хэлээ сайжруулснаар хүүхэд маш их мэдээллийн эх сурвалжийг маш дөхөм замаар олж авах боломжтой. Суралцаж байх хугацаандаа оюутнууд урт болон богино хугацааны оюутан солилцоонд хамрагдаж болно.

Хоёр, гуравдугаар курсын оюутнуудын англи хэл болон хятад хэлний мэдлэг нь дундаж түвшинд хүрсэн бол хамтран ажилладаг гадаадын сургуулиудад оюутан солилцоогоор нэг улирал очиж суралцах боломж нээлттэй. Ингэж явах тохиолдол цаад сургуульдаа төлбөр төлөхгүйгээр, энд сургуульдаа төлсөн төлбөрөөрөө суралцана. Үүнийг бид хөнгөлөлттэйгөөр сурах гэж хэлж байгаа юм. Оюутнууд маань Хятад, Англи хэл дээр холбогдох хичээлүүдээ үзэж судлана гэсэн үг.

Хятад хэлний ангийн оюутнууд маань Хятадын гурван сургуулиас сонгон оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдан суралцах боломжтой. Үүнд, Лиаонинийн их сургууль /Liaoning University/, Шэнянь багшийн их сургууль /Shen yang Normal University/, Зилин гадаад хэлний их сургууль / Zilin Foreign Language University/гээд сургуулиуд байна. Шалгуур маань маш энгийн. “Отгонтэнгэр” их сургуулийн оюутан байх шаардлагатай. Мөн хятад хэлний түвшин тогтоох шалгалт өгнө. Сонсох, хэл зүй бичих болон аман ярианы шалгалт  авдаг. Шалгалтаа бид өөрсдөө  боловсруулж авдаг.

-Гадаадад суралцах том боломж байна.

-Том боломж гэж бид ойлгодог. Хөтөлбөрт хамрагдсан оюутнууд маань эргэж ирээд маш их хичээн суралцдаг. Сургуулиа дүүргэсний дараа гадаадад суралцана гэсэн том зорилготой ирдэг. Энэ хөтөлбөрт хамрагдсан дийлэнх оюутнууд маань үргэлжлүүлэн суралцсан.

- БНХАУ-ын дарга Ши Зиньпин  2014 онд манай улсад төрийн айлчлал хийсэн. Тэр үед Хятадын Засгийн газрын тэтгэлгээр жилд 1000 оюутныг таван жилийн хугацаанд суралцуулах баримт бичигтад гарын үсэг зурсан. Тэгэхээр танай сургуулийн төгсөгчдөд энэ тэтгэлэгт хамрагдан Хятад улсад суралцах боломж их байна гэж харж байна..?

-Манай сургуулийн хувьд суралцах хүсэлтэй оюутнууддаа зөвлөгөө өгч чиглүүлэхээсээ гадна хамтран ажилладаг Лиаонинийн их сургууль /Liaoning University/-д шилдэг төгсөгчдөө Засгийн газрын тэтгэлэгтэйгээр суралцах боломжийг олгодог. Жилд  дунджаар “Отгонтэнгэр” дээд сургуулийн шилдэг  зургаан төгсөгч Хятадад Засгийн газрын тэтгэлгээр магистрын сургалтад  хамрагдаж байна.

-Тэтгэлэг нь хэдэн хувь байх уу?

-Манай төгсөгчид бүгд 100 хувийн тэтгэлэг авдаг. Сургалтын төлбөр,  дотуур байр, даатгал, амьжиргааны зардал орно. Ирж очих зардлыг оюутан өөрөө гаргана.

 -Сайхан боломж байна. Та айлын том охин, доороо хоёр дүүтэй. Дүү нар нь мөн Хятадад боловсрол эзэмшсэн үү?

-Миний доод талын дүү хятадад сурч байсан. Хятад хэлтэй. Одоогоор Хятад хэлнийхээ чиглэлээр ажиллаж байгаа. Бага дүү маань бага байсан учраас хятад хэл сураагүй, монголдоо сурсан. ШУТИС-д сурч төгсөөд мэргэжлээрээ ажиллаж байна.

-Та хэл шинжлэлийн ухааны доктор хүн. Орчуулгын ажил хэр их хийдэг вэ?

- Миний хувьд бичгийн гэхээсээ илүүтэй аман орчуулгыг  түлхүү хийсэн. Сүүлийн жилүүдэд багш, орчуулагч, эрдэмтэн гэдэг утгаар бичгийн орчуулгыг хийж эхэлсэн. Хамгийн анхны орчуулгаа Бээжинд  докторантурт сурч байхдаа “Хятад хэлийг түгээн дэлгэрүүлэх төв”-өөс эрхлэн хэвлүүлж байсан Хятад, Монгол хэлний хүүхдийн болон насанд хүрэгчдийн зурагт толин дээр ажиллаж бүтээлээ гаргаж байсан. Дараа нь “Отгонтэнгэр” их сургуулийн гадаад хэлний тэнхимийн багш нартайгаа хамтран “Шидтэн” хэмээх гадаадын шилдэг өгүүллэгийн түүвэр бүтээл дээр ажиллаж хоёр өгүүллэгийг нь хэвлэсэн.  Дараа нь оюутнуудтайгаа хамтран  “Уншигч” хэмээх орчуулгын өгүүллэгүүдийн бүтээлийг гаргасан.

-Та гэр бүлийнхээ хүнийг танилцуулаач?

-Манай нөхрийг А.Намхайравдандорж гэдэг. Гэр бүл болоод 15 жил болж байна. Сургуулиа төгсдөг жилээ танилцсан. Танилцаад нэг жилийн дараа гэр бүл болж,  хүүхэдтэй болсон. Манай нөхөр эдийн засаг, маркетингийн чиглэлээр сурч төгссөн. Хятадад сурч магистрынхаа зэргийг хамгаалсан. Одоо хувиараа бизнес эрхлэж байгаа.

-Танай нөхөр хятад хэлтэй байх нь..?

-Ер нь хятад хэл сургасан гэж хэлж болно. Би докторт сурах төлөвлөгөөгөө гаргаж байх явцад манай хүн бас суралцъя, мэдлэгээ дээшлүүлье гэж шийдээд  Күнзийн институтийн анхны тэтгэлэгт материалаа өгч тэнцээд Хятадын Шандуны их сургуульд маркетингийн чиглэлээр сурч,  магистр хамгаалсан. Бид хамтдаа явж хамтдаа сурсан.

-Та Күнзийн институттай хамтран ажилладаг гэж байсан. Күнзийн институт дэлхийн 140 оронд байгуулагдсан, монголд л гэхэд гурван институт байдаг..?

-Дан ганц манайх биш магадгүй хятад хэлний сургалт явуулдаг бүх сургууль,  бүх багш,  сургалтад нь хамрагддаг оюутнууд энэхүү институттай нягт ойр байдаг гэж ойлгодог. Институтын гол зорилго нь Хятад хэлийг түгээн дэлгэрүүлэх. Энэ утгаараа улс орон болгонд маш олон арга хэмжээг зохион байгуулдаг. Оюутнууд маань тэндээс зохион байгуулдаг тэмцээн уралдаанд оролцдог. Багш нар тэндээс зохион байгуулдаг сургалт, судалгаа, мэргэжил дээшлүүлэх ажилд нь өргөнөөр хамрагддаг. Бид бүхэн хүүхдүүдийнхээ мэдлэгийн үр дүнг харах, мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх зорилгоор нягт  хамтран ажилладаг.

-Хятад хэлний түвшин тогтоох HSK-ийн шалгалтыг жилд хэдэн удаа авдаг юм бэ. Танай сургуулийн төгсөгчид энэ шалгалтын хэддүгээр түвшинд байна..?

-Хятад хэлийг хөндлөнгийн зүгээс түвшинг нь тогтоох  зургаан зэрэг бүхий HSK-ийн шалгалтыг монголд жилд дөрвөн удаа авдаг. МУИС, МУБИС дээр хавар намартаа нэг, нэг удаа гээд тооцохоор дөрвөн удаа авдаг. Хэлний түвшинг бодитойгоор дүгнэдэг шалгалт гэж би ойлгож байгаа. Манай сургуулийн хувьд дөрөвдүгээр курсээ өгссөн оюутан тавдугаар зэрэгтэй байх ёстой гэдэг  шаардлагыг тавьдаг. Гэхдээ өнөөдрийн түвшинд оюутан болгоныг тавдугаар зэргийн шалгалтыг өг гэсэн хатуу шаардлагыг тавьдаггүй. Цаашид үргэлжлүүлэн сурах боломжоо харах үүднээс цаашдаа сургалтынхаа төлөвлөгөөнд  өөрчлөлт оруулан дөрөвдүгээр күрсээ төгсөхдөө HSK-ийн тавдугаар зэргийн гэрчилгээгээ авсан байхаар зохион  байгуулалтыг хийнэ гэж төлөвлөж байгаа. Хүмүүс хятад хэлний шалгалт гэхээр зөвхөн HSK-ээр төсөөлдөг. Гэтэл үүнтэй ижил амаар авдаг түвшин тогтоох HSKК шалгалт бас бий. Бизнесийн HSK гээд бас нэг төрлийн шалгалт байдаг. Багш нарын хувьд  мөн шалгалт өгөөд хятад хэлний олон улсын багш нарын гэрчилгээ гэдгийг авдаг. Багш нарын боловсрол судлалын мэдлэг, сурган хүмүүжүүлэх ухаан, сэтгэл судлал, холбогдох онолоо мэдэж байна уу, үгүй юү гэдгийг нь үнэлдэг. Сургалтаа хэрхэн зохион байгуулж байна, хятад хэлийг гадны хүнд яг үр дүнтэйгээр зааж сургаж байна уу гэдгийг нь үнэлж олон улсын сертификат олгодог шалгалт байдаг. Энэ шалгалтыг Монголд аваад эхэлчихсэн, багш нар маань ч өгч байгаа.

-Монголд Хятад хэлний багш хэр их байдаг юм бол оо?

-Багш нарыг хоёр төрөлд ангилж болно. Хятад хэл заадаг Монгол багш, Хятад хэлийг зааж буй Хятад багш нар гэж. Их, дээд сургуульд Монгол багш нар түлхүү хичээл заадаг. Хятад багш нар дэмжин туслах үүрэгтэйгээр ярианы хичээл заадаг. Ерөнхий боловсролын сургуульд ихэвчлэн Хятад багш нар хичээл заадаг. Монгол багш нарын тоо цөөхөн.

-Та Монголд ирээд “Найрамдал” сургуульд сурсан. Тэр сургуулийн багш нар Монгол уу, Хятад уу?

-Намайг сурч байхад “Найрамдал” сургууль Монголд байгаа цагаач хятад иргэдийн хүүхдийг сургадаг хятад сургууль байсан.  Намайг сурч төгсч байхад надаас бусад нь хятад хүүхдүүд.  Багш нар нь ч мөн Хятад байлаа. Харин доод ангиудад монгол хүүхдүүд сурч  байсан. Одоо энэ сургуульд дийлэнх нь монгол сурагчид.  Хятад, Монгол багш нарын тоо нь ойролцоо болсон байна лээ.

-Хятад хэл сурах сонирхолтой оюутан залуусын тоо нэмэгдсэн байна. Үүнд БНХАУ-ын Засгийн гараас олгож буй тэтгэлэг нөлөөлж байна уу. Эсвэл хөрш улс гэдгээр нь сонгон суралцаад байна уу?

-Ер нь Хятад хэлийг сонгон суралцах оюутны тоо их болсон. Үүнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хувьд эцэг эхийн сонголт түлхүү нөлөөлж байна. Хүүхдээ хятад хэл сурчихвал хөрш улсынхаа зах зээл рүү чөлөөтэй нэвтрэх, орчуулагчгүйгээр чөлөөтэй харилцах  боломж байна гэж харж байгаа байх.  Хүн амынхаа тоотойгоо тэнцэхүйц хүн Хятад рүү явж ирж байна шүү дээ. Мөн Хятадын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах  боломж их.  Төгсөөд ирлээ гэхэд ажилд ороход хятад хэлний мэдлэг нь том давуу тал болж чадаж байна.

Хэдэн жилийн өмнө бид хятад хэлийг үндсэн мэргэжил гээд баклаврын зэрэгтэй багш, орчуулагч сургаж төгсгөж байсан. Гэтэл өнөөдөр ерөнхий боловсролын сургуульд сурагчид хятад хэлийг хоёр дахь хэлээ болгон сонгон суралцаж байна. Мөн өөр мэргэжлээр сурч байх явцдаа сонгон байдлаар суралцдаг. Сонирхон суралцаж буй тохиолдолд сургалт дамжаанд хамрагдан хэлний мэдлэгээ дээшлүүлж  байна. Монгол хүүхдүүдийн нэг онцлог нь  хэл сурахдаа их авъяастай. Энэ утгаараа богино хугацаанд, үр дүнтэй сурах боломж их байдаг.

-Монгол Улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, хоёр улсын найрсаг харилцаа хамтын ажиллагааны шинэчилсэн гэрээ байгуулсны 25 жилийн ой тохиож байгаа энэ цаг үед Таныг БНХАУ-д боловсрол эзэмшин Монгол Улсдаа амжилттай  ажиллаж  яваа залуу эрдэмтэн, залуу захирлын хувьд уулзаж ярилцлаа.

-БНХАУ-д суралцаж төгссөн Монголын олон салбарт амжилттай ажиллаж, ихийг бүтээж яваа  олон залуус, эрдэмтэн, судлаачид байгаа. Тэр дундаас намайг сонгож ярилцсан та бүхэндээ баярлалаа.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин