• Эхлэл
  • Хиросимаг бөмбөгдсөн нисгэгч өөрийгөө чандарлахыг хүсчээ

Хиросимаг бөмбөгдсөн нисгэгч өөрийгөө чандарлахыг хүсчээ

2019/08/07

Өдгөөгөөс 74 жилийн өмнө энэ өдөр АНУ-ын нисэх хүчин Японы Хиросима хотод цөмийн бөмбөг хаян олон мянган хүний амь насыг хөнөөсөн юм.

Энэ өдөр буюу 1945 оны наймдугаар сарын 7-ны өдөр Японы Хиросима хотод атомын бөмбөг хаясан АНУ-ын цэргийн нисэх хүчний нисгэгч Пол Тиббетс 2007 оны нэгдүгээр сард нас барсан юм байна. Түүнийг аль ч оршуулгын газарт оршоосонгүй, өөрийн нь хүсэлтээр чандарлаж, чандрыг нь Ла-Маншийн хоолой дээгүүр цацсан байна. Америкийн нисгэгч яагаад ийм хүсэлт гаргасан тухай interesnienovosti321.ru хэвлэлд нийтэлжээ.
Атомын бөмбөг хаясан В-29 онгоцны экипажийн дарга, хурандаа Пол Тиббетс 1945 онд Хиросима хотноо “Little Boy” буюу “Жаал хүү” нэртэй бөмбөг хаясныхаа дараа нэрд гарч алдаршсан юм. Тиббетс даалгавар биелүүлэхээр нисэхийнхээ өмнө онгоцоо өөрийнхөө ээжийн нэрээр “Enola Gay” гэж нэрлэсэн байдаг. 
Дэлхийн хоёрдугаар дайны үед Пол Тиббетс харьцангуй залуу байсан ч, туршлагатай нисгэгчийн тоонд багтаж байснаас атомын бөмбөг хаях чухал даалгаврыг түүнд хариуцуулжээ. Гэхдээ Пол Тиббетс Японы бүхэл бүтэн хотыг сүйрүүлж, хэдэн зуун мянган хүний амийг хөнөөсөндөө хэзээ ч харамсдаггүй, харин ч Америкийн олон мянган залуусын амийг аврахын төлөө хийсэн ажил гэж үздэг байсан байна. Тэгээд ч 1976 онд Техасын нисэхийн салонд В-29 онгоцыг сэргээж, 1945 оны түүхэн нислэгээ давтан, хиймэл “атомын бөмбөг” хаяж олон жилийн өмнөх дурсамжаа сэргээж байжээ. Энэ нь Японы эрх баригчдын ундууцлыг төрүүлж, хэдэн өдрийн дараа америкийн дипломатууд Японоос уучлал гуйснаар энэ явдал өндөрлөсөн байдаг.

Тиббетс бас “Enola Gay” В-29 онгоц байрлуулсан үзэсгэлэнг АНУ-ын нисэх хүчин, сансар судлалын музей болгож нээсэнд сэтгэл дундуур байдаг байжээ. Үзэсгэлэн дайны үед японы ард иргэдийн хохирсон, гамшиг зовлонд илүү ач холбогдол өгсөн атлаа япон цэргүүд эсрэг талынхаа цэрэг дайчдын эсрэг явуулж байсан харгислалын тухай бага үзүүлж байна гэж эмзэглэдэг байсан гэнэ. 
Энэ бүхнээсээ ч болсон юм уу, Пол Тиббетс нас барахынхаа өмнө өөрийг нь гэрийнх нь ойролцоо ч юм уу, Арлингтоны оршуулгын газарт дайчин нөхөдтэй нь оршуулахыг хүссэнгүй, харин цогцсыг нь чандарлаад чандрыг нь дайны үед байнга нисч өнгөрдөг байсан Ла-Машийн хоолой дээгүүр цацахыг гэрээслэсэн гэнэ. 
Тэр өөрийг нь хаа нэгтэй оршуулах юм бол цөмийн зэвсэг эсэргүүцэгчид тэнд нь эсэргүүцэл илэрхийлэх, өөрийг нь буруутгадаг түүхчид ч очсоор байж магад хэмээн ийн чандарлаж ул мөргүй болгохыг гэрээслэжээ. Түүний гэрээслэлийг ёсоор болгосон гэдэг.


1945 оны наймдугаар сарын 7-ны өглөөгүүр Тиббетсийн багийнхны японы Хиросима хотод хаясан атомын бөмбөг 400-600 метрийн өндөрт дэлбэрсэн юм. Дэлбэрэлтийн төвөөс 800 метрийн радиуст байсан ихэнх хүн амь үрэгдсэн. Гэрлийн туяа нь хүмүүсийн арьсыг нь шатаан, хүний биеийн сүүдрийг ханан дээр үлдээсэн юм. Дэлбэрэлтийн үеэр болон дараа нь цацрагийн хордлого, түлэгдлийн улмаас нас барсан хүний тоо 200 мянга хүрсэн байна. 
Үүнээс гурав хоногийн дараа Нагасаки хотод атомын бөмбөг хаясны улмаас 140 мянган хүн амь үрэгдсэн юм.

ЭХ СУРВАЛЖ:ATIMES.MN


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин