• Эхлэл
  • А.Адьяасүрэн:20 жил бизнес хийж байна даа

А.Адьяасүрэн:20 жил бизнес хийж байна даа

2020/05/11

А.АДЬЯАСҮРЭН: Давс, чихэр хоёр холилдож байж амьдралын жор таардаг 

2020 оны 5 сарын 7

 

А.Адьяасүрэн захирал хэдийнэ нийтэд ил хүн болжээ. Амьдралынхаа 20 жилийг бизнесийн талбарт эрчүүдтэй мөр зэрэгцэн өнгөрүүлсэн энэ турьхан бүсгүй хийсэн бүтээснээрээ олныг гайхашруулж байгаа. Хөдөлмөрч, дайчин гэдэг үгс бүсгүйчүүдийн нэрний урд бичигдэнэ гэдэг ховорхон тохиолдол. Өөрийнхөөрөө шулуухан яриатай ярилцагч. Түс тас, ойлголцоход амар мэдрэмж төрүүлж байв. Түүнтэй 20 жилийнх нь амьдралын амжилт ололт, алдаа онооны талаар ярилцлаа. 20 настай гэр бүлийн амьдралд хөл тавьсан бүсгүй, хоёр хүүхдийн ээж, сайн хань, сайн захирал гээд юм бүхнийг тэнцүүхэн авч явдаг нууцынх нь зах зух энд гарсан гэж бодож байна. 

-“Номгон Санчир” авто сургууль үүсгэн байгуулагдаад 20 жилийг үджээ. Таны тухай “Гранд” сэтгүүлдээ “Автозамын хатан хаан” гээд мэдээ бичиж байсан маань саяхан юм шиг санагдаж байна. Тэр чинь 5 жилийн өмнөх явдал. Өнөөдөр сонгодог утгаараа авто замын хатан хаан болчихсон бололтой?
-Анх 1999 онд хадмынхаа байрыг барьцаалж Улаанбаатар банкнаас 4 сая төгрөгний зээл аваад хоёр авто машинтайгаар “Номгон санчир” компанийг үүсгэн байгуулж байлаа. Тэр үед би их сургуулийн багш байсан. “Номгон санчир” маань 20 жил тогтвортой үйл ажиллагаа явуулж, жолооч гэдэг мэргэжлийг хүлээн зөвшөөрүүлж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвдөө жолооч бэлтгэж эхэлсэн байгаа. Манайх авто сургууль, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, мэргэжилтэй ажилтнууд бэлтгэдэг баазтай болсон. Нэгэнт энэ салбарт орсных авто замын салбарт бүрэн төгс утгаар нь ажиллахыг хичээсэн. 20 жилийн үр дүнд энэ зорилгодоо хүрсэн гэж бодож байгаа. Саяхан групп болсноо зарлалаа. 
Бид зөвхөн жолооч бэлтгээд зогсохгүй олон улсын түвшинд гарч. Оюутолгойд үйл ажиллагаагаа явуулан Монгол Улсын төсөвт тодорхой хэмжээний хэмнэлт хийсэн. Уул уурхайн салбарын жолооч бэлтгэхэд гаднаас сургалт авдаг байсныг Монгол компани Австралиудтай өрсөлдөөд олон улсын түвшинд Оюутолгой компанийн аюулгүй ажиллагааг хариуцаж байна гэдэг манайх олон улсын түвшинд гарсан гэж хэлж болохоор байна. Бид хамгийн анх VIP сургалтыг монголд нэвтрүүлсэн. Яагаад заавал жолооны сургалт гэхлээр эвдэрхий ширээ сандал, машин механизмтай байх ёстой юм. Жолооны сургалтыг олон улсын хэмжээнд хүргэхийг зорьсон юм. 
Бид өөрийн гэсэн байр, дрон, машинуудтай дандаа мэргэжлийн багийнхныг бэлтгэж ажиллуулсан. Уул уурхай хөгжсөн Өмнөговь аймгийн Цогтцэций, Гурван тэс суманд манайх өөрийн байртай. Бид ашиг олох гэхээсээ илүү хүнийг сайн сургасан, гэгээлэг, зөв, сайн жолооч бэлтгэхийг гол зарчмаа болгож байсан. Төгсөгчдөөс маань эргээд манайд жолооны багш, жолооч хийж байна. МСҮТ-д төгссөн хүүхдүүд маань жолоочоо хийгээд явж байна. Ханги Мандалын боомт дээр манай ажилчдын camp, засвар үйлчилгээний төв байрлаж байна. Өмнөговь аймгийн Ханбогд суманд манайх хоёр дахь camp-аа барьсан. Манай төгсөгчид засварчин, гагнуурчид засвараа хийгээд, жолоочид тээврээ хийгээд, менежерээ хийгээд салбар амжилттай явж байгаа. 
Манайд надтай 20 жил ажилласан хүмүүс байна. Төгсөгчид маань эхнэрээ, хадмаа, найзаа, хүүхдээ авчраад хүндэт үйлчлүүлэгч болоод явж байдаг. 20 жилийн хугацаанд жолооны сургуулиудыг цэгцтэй, нэр хүндтэй, сургалтын шинэ түвшинд аваачихыг зорьсон. Жолооны курсээ мөрөөдөж байсан хэмжээндээ хүргэчихээд бид тээврийн салбар руу орлоо. Өөрийн машингүй Баянхонгорын 7 машинтай тээвэрлэлтээ эхэлж  байхад  “Номгон Санчир”-ынх  гэхлээр жолооч нар сайхан хүлээж авч байсан. Хамийн найдвартай газар гэж хэлэхийг сонсоход үнэхээр сайхан. Анх 6 машинтай эхэлсэн бид одоо 120 гаруй машинтай болчихсон байна. Хоёр салбартай, олон монгол жолооч нарыг ажлын байраар хангаад явж байна.

-Та Солонгос, Америкт хэд хэдэн удаа улс төрийн сургалтанд сууж харагдсан. Сайтар бэлтгэгдэж байх шигээ?
-Одоогоос 10 жилийн өмнө надад Баянхонгорын Ардчилсан намаас Үндэсний бодлогын хорооны гишүүн болооч гэсэн санал тавьсан юм. МАН-аас бас нутгийн бизнесмэн залуухан эмэгтэйчүүд манай намд хэрэгтэй байна гэж санал тавьж байсан. Тухайн нөхцөлд цаг хугацаа нь болоогүй байсан юм байлгүй би өөрийгөө тийм хэмжээнд хүрсэн гэж огт бодоогүй. 1990 онд манай аймагт Сосорбарам, Зориг агсан ирэхэд би ахлах ангийн хүүхэд байсан. Тэр үеэс  ардчилалыг дэмждэг байлаа. Манай өвөө, ээж улс төр нийгмийн зүтгэлтэй, идэвхтэй хүмүүс. Миний хувьд нутгийн ард олон маань санал тавиад угаас дэмждэг байсны хувиар Ардчилсан намд орсон. Америкт болсон анхны эмэгтэйчүүдийн улс төрийн хөтөлбөр, БНСУ-д улс төрийн залуу боловсон хүчнийг бэлтгэх сургалтанд хамрагдсан. Анх санал хүлээж авах болсон шалтгаан маань их сонин тохиолдол. Манай намын дарга ирээд ҮБХ-ны гишүүн болох санал тавьсан. Би 7-гийн тоонд дуртай юм л даа. Ярилцаж байтал 7 дугаар тойрог гэдэг юм байна. Сонсоод шууд орчихсон. Ингээд 3-р сарын 7-нд Ардчилсан намд бүртгүүлж,  3-р сарын 27-нд сонгууль явагдаж би ҮБХ-ны гишүүнээр сонгогдсон. 4-р сарын 7-нд батламжлагдсан. Яг нэг жилийн дараа дахиад 3-р сарын 7-нд Баянхонгор аймгийн Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд өрсөлдөх гээд бүртгүүлсэн. Манай сургалтын машинууд бүгд 7707, 7770, 7777 зэрэг дугаартай. Анх нөхөр бид хоёр тусдаа гарлаа. Нэг өдөр энэ хавьд нэг ТҮЦ байвал гоё юм биш үү гээд ярьж байсан юм. Ойр хавьд ТҮЦ, дэлгүүр байхгүй.  Ингээд ТҮЦ аваад, нөхөр амралтын мөнгөө аваад бараандаа явлаа. ТҮЦ-ээ 7 сарын 7-нд нээгээд, бараагаа өрж байсан чинь манай нэг багш асаагуур худалдаж авч анхны наймаагаа хийлээ.  Хэсэг хугацааны дараа ТҮЦ-нийхээ зөвшөөрлийг харсан чинь 77 дугаар, ТҮЦ-ний гэрээ 777, гараад харсан чинь ТҮЦ  7-гийн тоотой байж таардаг юм. Тэгсэн байр нь бас 7 номер. Анх нөхөр машин авахад хүртэл 7730 гэсэн дугаартай байсан. Үүнээс хойш манайх бүх юмаа 7-гийн тоотой холбож билэгшээдэг болсон. Имижээ олно гэдэг шиг ингэж өөрийнхөө тоог олсон юм. 
-Та айлын хэд дэх хүүхэд вэ. Танайх ямар айл байв?
-Би айлын хоёр дахь хүүхэд. Айлын дунд хүүхэд ямар байдаг яг л тэр зарчмаар өссөн. Бүх юмаа хийнэ, биеэ даана. Хүмүүс намайг яагаад намхан болчихсон юм гэж асуухаар нь “Ус зөөж явсаар байгаад” гэж хэлдэг юм. /инээв.сурв/ Эгчийнхээ хувцсыг өмсөнө. Шинэ жил, хүүхдийн баяр, хичээлийн шинэ жилээр нэг шинэ хувцас өмсөнө. Цүнх зарим зүйл бол сонголтгүй, дамжаад ирнэ. Намайг их адтай сэргэлэн хүүхэд байсан гэдэг. Дагуулаад айл хэсэхээр бэлэг нь таалагдахгүй бол би ийм зүйл хэрэглэхгүй гээд буцааж өгчихөөд явчихдаг байсан гэсэн. Манай аав ээж багш мэргэжилтэй Би хожим их сургуулийн багш болсон. Аав ээжийн өгөгдөл, үлгэр дуурайлал байсан байх аа. 

-Адьяасүрэн ямар оюутан байсан бэ. Одоогийн энэ байлдан дагуулагч бусдыг хуулдаггүй чанар тэр үед магадгүй төлөвшсөн байх?
-Оюутан байхад манай ангид 3 онц сурдаг хүүхэд байсан. Тэднээс хоцрохгүйн тулд өглөөний 06.00 цаг болтол хичээлээ хийнэ. Номын сангаас салахгүй, лекц семинар дээр хамгийн түрүүн ирнэ. Манай гэрээс дандаа том том ботиуд ирнэ. Бусад хүүхдийн гэрээс том том мах, гоё шампунь ирнэ. Онц сурч авсан степэндээ ээждээ бэлэг авах гэж хадгална. Нэг иймэрхүү л оюутан нас өнгөрсөн. Бусдад атаархдаггүй, урдахаа яс хийхийг хичээдэг оюутан байлаа. Онц сурсан маань надад амьдралын сахилга батыг өгсөн гэж боддог. Залуу насандаа юм юм хийж үзэхгүй яав гэж бодогдох үе байсныг нуухгүй. Ер нь бүх хүнд нэг тийм мэдрэмж байдаг байх. Би ямар нэг зүйлийн ард гарна гэсэн бол гардаг хүүхэд байсан. 
Надад залуу насандаа өвлөж авсан эд хөрөнгө байхгүй. Өрнөөс өрний хооронд явж байсан. Тэгсэн ч өөртөө мөнгөтэй байхаас илүү хүний цалинг тавьчих юмсан гэж боддог байв. Тээврийн ажлаа эхлээд “Номгон санчир”-ынхаа бүх мөнгийг хийж байлаа. Оюутолгойгоос орж ирсэн, МСҮТ-өөс орж ирсэн бүх мөнгийг тээвэр рүү хийнэ. Заримдаа ажил яваад байгаа хэрнээ миний түрийвч мөнгөгүй байх үе бий. Гэхдээ би нэг хүний ч гэсэн цалинг тавьчих юмсан, хүний итгэлийг алдаж болохгүй, энэ хүмүүс намайг дагаад түшээд явж байгаа учраас хоолгүй хонуулахгүй гэж боддог. Баяр ёслолын үеэр тэвдэх үе байна. Зардал мөнгө орж ирэхгүй бол нойргүй хонох шахуу юм болно. 
Эцсийн эцэст хүн эхлээд хүнийг бодчихоод дараа нь  юм шаардах хэрэгтэй. Тэр хүн ажилдаа сэтгэл хангалуун ажиллах, компанидаа сэтгэл гаргах нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй.  Амралтанд явсан ч би ажилчдаа гэр бүлтэй нь авч явдаг. Тийм газар тайван амгалан оршдог. Ямар ч зүйл дээр сахилга бат, ёс зүй бүх зүйлийн жорыг тааруулах гэж л зорьж явна даа.

-Та гэр бүлтэй бүсгүй. Эмэгтэй хүн гэрлэснээс ганцаараа явбал их амжилт гаргадаг гэдэг логик тан дээр эсрэгээрээ юм шигээ?
-Нөхөртэйгөө оюутны байранд 20 настайдаа танилцаад үерхэж найзлаад 23-тай анхны хүүхдээ өлгийдөн авсан. Хоёр талаасаа чемоданаа бариад л нийлсэн. Гэр бүлийн хүн нь  ажлыг нь ойлгодог, дэмждэг, урам өгдөг, хайрладаг, итгэдэг байвал эмэгтэйчүүд амжилт гаргана. Хүчирхэг эмэгтэйчүүдэд тохирох эр хүн ховор. Нөхөргүй эмэгтэйчүүдийг би муу гэж хэзээ ч хэлэхгүй. Хүчирхэг мундаг эмэгтэйчүүд зөндөө байна. Нэгэнт л би гэр бүл болсон юм чинь эхнэрийн үүрэг, ээжийнхээ үүргийг гүйцэтгэх ёстой. Компанийнхаа захирлын үүргийг гүйцэтгэх ёстой. Хүн болгоны өмнө хэн байна тэрнийхээ хариуцлага, сахилга батыг хүлээж байж дарга бол дарга шиг байж, найз бол найз шиг байна. 20 жил бизнес хийсэн тэр цаг хугацааг эргээд харахад машин дотроо унтаад, өглөө нь ажлаа хийгээд явж байсан удаа цөөнгүй. Ийм үед гэр бүлийнхний дэмжлэг их хэрэгтэй. Нөхөр маань амралтын өдрүүдэд надад дэм болно. Хамтдаа хөдөө гадаа явна. Анх энэ бизнесийг цуг эхэлсэн болохоор зовлон жаргалыг нь ойлгоно.  Ээж маань арын алба сайн даасны хүчинд хоёр хүүхдээ өдий зэрэгтэй болгосон. Дүү хадам, ээж эгчийн маань дэм их. Хөдөө гадаа явахад хүүхдүүдийг минь аваад үлдэнэ. Гэртээ ирэхэд ээж маань ирээд хоол хийгээд тавьчихсан байх жишээтэй. Энэ бүх хүмүүсийн дэмжлэгээр өдий зэрэгтэй яваа. Би амьдралыг ийм байх ёстой ингэх ёстой тэгэх ёстой гэж хэт хайрцганд ордоггүй. Гэхдээ эмэгтэй хүн гоё байх ёстой гэдэгтэй санал нийлдэг. Хэзээ ч ажил дээрээ үсээ сэгсийлгээд ирж үзээгүй. Хэчнээн завгүй байсан ч шөнө орой ч аль болох цэвэрхэн гоё байхыг хүсдэг. Нэг удаа хумс маань хиртэй явахыг би өөртөө зөвшөөрөхгүй. Айхтар дэглэм барихдаа биш сэтгэл сайтай, амар тайван байвал эмэгтэй хүн гоё байдаг юм болов уу. Бас миний амьдралд санаа зовох асуудал бага байсан болохоор өдий зэрэгтэй явахад нөлөөлж байгаа байх. Сайн ээж, эгч, нөхрийн буянаар амьдралын айхтар хатуу бэрхийг туулаагүй. 
-Бараг сэвгүй таны нэр төр өнгөрсөн зуны шуугианаар нэг ганхсан. Тэр ямар учиртай зураг байв?
-Би 100 хувь төгс төгөлдрийн туйл биш. Тийм байх ч албагүй. Гэхдээ нэг алдаа гаргалаа ч дараа нь тэр алдаагаа заавал засдаг. Ухаарч чаддаг байх нь хүний мөн чанар. Илт дайралтыг би тэр үед амссан ... Намайг хятад болголоо. Эхлээд хүн л юм болохоор эмзэг хүлээж авсан ч яваандаа би угаасаа л ийм хүн биш, намайг мэдэх нэг нь мэднэ гэж бодоод орхисон. Хүний итгэл алдах маш муухай. Заримдаа хүн миний итгэлийг алдах тохиолдол байдаг. Итгэл алдсан хүнтэйгээ тулгарахаар дуу ч гардаггүй юм билээ. 

-Ингэхэд таны ямар зан араншин улс төртэй зохицоно гэж бодож байна?
-Би хэт туйлширдаггүй. Ямар ч юмыг голыг нь олоод харчихтай болов уу. Хоёрдугаарт, миний мөнгөний хор гарчихсан гэж бодож байна. Эхлээд хүн өөрийгөө, өөрийнхөө гэрийг, өөрийнхөө компанийг хөл дээр нь зогсоочихоод дараа нь улс нийгэм гэх ёстой. Би залуу бизнес эмэгтэйчүүдийн төлөөлөл болж эмэгтэй хүний дуу хоолойг төрд хүргэж чадна гэж бодож байна. Бас аливаад голтой хандаж түргэн түүхий шийдвэр гаргахгүй. Энэ нас юм юман дээр үсчих нас биш. Бизнес хийгээд, бизнесээс улс төр рүү орж байгаа хүмүүс арай өөр санагддаг. Мөнгө үнэрлэж үзээгүй, юу ч мэдэхгүй хүн төрд ороод улсын хөрөнгө, санг цөлмөөд байна. Өнөөдөр их хурлын гишүүн хэдэн сонгогч, хэдэн хүний амьдралыг өөрчилж байгаа юм. Гэтэл би хэдэн хүний амьдралыг авч яваад, өөрчлөөд яваа юм. Өөртөө л би Ерөнхий сайд. Би нэг буруу алхам хийж, болчимгүй шийдвэр гаргавал энэ олон хүмүүс хоолгүй хононо, ажилгүй байна. Ямар ч байсан намайг тодорхой хэмжээнд хүмүүс муугаар үнэлдэггүй, зөв хүн шүү гэсэн өнцгөөс нийгэм хүлээж авч байгаа юм байна. Энэ бол миний зөв амьдарсны утга гэж боддог. Амьдрал дандаа чихэртэй байхгүй. Давс чихэр хоёр нь холилдож байж жор таардаг шүү дээ. 

-Таныхаар амьдралын аз жаргал?
-Сайн ханьтай байх ёстой. Хүүхдүүд эрүүл, элэг бүтэн байх. Хэцүү зүйлийн ард гарчихаад болгочихлоо доо гээд суух сайхан шүү.  Тэр нь заавал том зорилго байх албагүй.  Зарим хүнд байртай болох кайф, зарим хүнд хумсаа гоё будуулвал кайф, хүн бүр өөр.
Миний хувьд өөрийн хэрэглээгээ хангасан гэж боддог. Одоо нийгэм рүү чиглэсэн зүйл хийх, ид хийж бүтээх үе маань ирж байна. Би олон хүний амьдралыг өөрчилж, сайхан болгохыг хэн байг гэх юм.  Хүний нүдэнд инээмсэглэл тодроод надад баярлалаа гэж хэлэх сайхан. Би тэр чин сэтгэлийн инээмсэглэлийн үнэ цэнийг мэдрэх дуртай. 

Танд баярлалаа. 
Ярилцсан: Б.Ундрал 

ГРАНД СЭТГҮҮЛ №128


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин