• Эхлэл
  • Шүүхийн тогтоол 35 хоногоор хойшилж болох уу?

Шүүхийн тогтоол 35 хоногоор хойшилж болох уу?

2022/01/21

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүлд зохиомол хэрэг тулгаж, шүүхээс ял оноосон асуудлаар түүний хүү Б.Чулуудай өнөөдөр НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчид гомдол гаргажээ. Уг гомдолд Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн шүүх хурал 2021 оны арванхоёрдугаар сарын 16-нд дуусч /нийт 9 хоног үргэлжилсэн/, Э.Бат-Үүлд дөрвөн жилийн хорих ял оногдуулан хорих анги руу ачуулсанаас хойш өнөөдрийг хүртэл /35 хоног өнгөрсөн/ шүүхийн тогтоол гараагүй, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчид гардуулж өгөөгүй байгаа тухай өгүүлжээ.  

Хуулийн дагуу бол шүүхийн шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нарт шүүхийн тогтоолыг бичгээр гардуулж өгөх ёстой. Үүний дараа сая шүүгдэгч нарт шүүхийн шийдвэрийг давж заалдах эрх үүсдэг. Гэтэл шүүхийн тогтоолыг гардуулалгүй сар гаруй хугацаа өнгөрсөн нь шүүх бүрэлдэхүүн өөрөө шүүгдэгчдийн давж заалдах эрхийг санаатай хясан боогдуулж байгаа хэрэг юм.

Гэтэл анхан шатны шүүх яагаад тогтоолоо гардуулахгүй байгаа талаар Э.Бат-Үүлийн өмгөөлөгчөөс тодруулахад “Шүүх хуралдааныг даргалагч шүүгч /Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн ерөнхий шүүгч Б.Халиун/ ковид туссанаас болж шүүхийг хаасан гэж мэдэгдсэн. Гэвч шүүгч ковид туссан нь өнгөрсөн ням гаригт болсон зүйл. Тэр болтол 30 хоног шүүхийн тогтоолыг гардуулаагүй” гэв.

Нэг ёсондоо өмнөх 30 хоногийн туршид Э.Бат-Үүлд ял оногдуулсан гурван шүүгч маань “нэг нь ч атугай ковид тусчихаасай” хэмээн залбирч, мөргөж явсан бололтой юм. Тэгээд арай гэж нэг нь ковид тусангуут “халдвар гарсан” нэрээр хаалгаа барьж аваад амар сайхандаа жаргажээ. Ингэхэд шүүгч ковид туссанаас болж шүүхийн тогтоол гарахгүй 35 хонож болох уу? Шүүхийн тогтоолыг гардуулахгүй байгаа жинхэнэ шалтгаан нь юу байж болох вэ?

Б.Чулуудайгийн НҮБ-ын суурин төлөөлөгчид гаргасан гомдолдоо дурьдсан бас нэг баримтыг онцлоход анхан шатны шүүх хуралдааны үеэр прокурор Э.Бат-Үүлд Таны Улаанбаатар хотын Засаг дарга байхдаа хийж, хэрэгжүүлсэн бодлого үйл  ажиллагааны төлөө яллаж байна”  гэж хэлсэн байна. Нэг ёсондоо Э.Бат-Үүлийг үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө биш, хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааных нь төлөө ялласан гэсэн үг. Үүнийг “улс төрийн хэрэг” гэж нэрлэдэг.  

Энэ мэтчилэн шүүхийн тогтоолыг шүүгдэгч нарт гардуулахгүй байх, олны нүд чихнээс нуух олон шалтгаан байгаа бололтой.     

ЭХ СУРВАЛЖ: INEWS.MN         


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин