Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг “Эм Ай Си Си ҮЦК” ХХК (MICC Mongolia International Capital Corporation)-тай хамтран уншигчдадаа долоо хоног тутмын Монголын дотоодын болон олон улсын хөрөнгийн зах зээл, эдийн засгийн тойм мэдээллийг хүргэж байна.
Долоо хоног тутмын хөрөнгийн зах зээлийн болон эдийн засгийн тойм мэдээ
(2026.08.10-2026.08.16)
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Монголын хөрөнгийн бирж дээр өнгөрсөн долоо хоногт нийт 3.3 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй 7.6 сая ширхэг үнэт цаас арилжаалагджээ. Үнийн дүнгээр Эм Жи Эл Акуа ХК, Хаан банк ХК, Инновэйшн инвестмент ХК, Таван толгой ХК, болон Голомт Банк ХК хамгийн идэвхтэй арилжаалагдсан үнэт цааснууд байлаа. Тус хугацаанд нийт 2 удаагийн багцын арилжаа хийгдсэн байна. Тухайлбал:
- Эм Жи Эл Акуа ХК (MGLA) – 1.67 сая ширхэг үнэт цаасыг нэгжийн 300 үнээр, нийт 500 сая төгрөгөөр;
- Эм Жи Эл Акуа ХК (MGLA) – 845 мянган ширхэг үнэт цаасыг нэгжийн 296 үнээр, нийт 250 сая төгрөгөөр тус тус арилжаалагджээ.

Монголын хөрөнгийн биржийн индексүүд холимог гүйцэтгэлтэй байлаа. TOP-20 индекс 1.52%-иар, MSE A индекс 1.21%-иар өссөн нь томоохон болон тэргүүлэгч компаниудын хувьцаанд худалдан авах идэвх хадгалагдсаныг харуулж байна. Харин MSE B индекс 1.88%-иар буурсан бол FTI индекс 2.59%-иар өсөв. Энэ нь зах зээлийн өсөлт нийт сегментэд жигд бус байсан ч хөрөнгө оруулагчдын сонирхол томоохон хувьцаа болон хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхүүдэд харьцангуй өндөр байсныг илтгэлээ. МХБ-ийн үндсэн индексүүд нь зах зээлийн үнэлгээ болон арилжааны идэвхийг харгалзан тооцогддог тул TOP-20 болон MSE A-ийн өсөлтийг зах зээлийн тэргүүлэгч хувьцаануудын харьцангуй хүчтэй гүйцэтгэлтэй холбон үзэх боломжтой.

МОНГОЛБАНК БОДЛОГЫН ХҮҮГ 12.5 ХУВЬД ХҮРГЭЖ, МӨНГӨНИЙ БОДЛОГЫГ ЧАНГАРУУЛЛАА
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2026 оны 8 дугаар сарын 12-нд ээлжит бусаар хуралдаж, бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлэн 12.5 хувьд, банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийн хэмжээг мөн 0.5 нэгж хувиар нэмэгдүүлэн 14.5 хувьд хүргэх шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэр нь инфляцын хүлээлт нэмэгдэж, нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлт эдийн засгийн бусад хэсэгт дамжин нөлөөлөх эрсдэл нэмэгдсэнтэй холбоотой.
2026 оны 7 дугаар сард инфляц 13.0 хувь хүрч, суурь инфляц 6.9 хувь болсон байна. Нийт инфляцын гол хэсгийг дотоодын хүнсний үнэ, шатахуун болон төрийн зохицуулалттай бүтээгдэхүүний үнийн өсөлт бүрдүүлжээ. Ялангуяа шатахууны үнийн өсөлт тээвэр, үйлчилгээ болон бусад барааны өртөгт дамжин нөлөөлөх эрсдэлтэй байна. Үүний зэрэгцээ эдийн засгийн өсөлт 2026 оны эхний таван сард 7.3 хувьтай гарч, уул уурхай болон тээврийн салбар голлон дэмжсэн байна. Гадаад сектор мөн эерэг хэвээр бөгөөд эхний хагаст төлбөрийн тэнцэл 567 сая ам.долларын ашигтай гарч, валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Бодлогын хүү болон заавал байлгах нөөцийг нэмэгдүүлсэн нь дотоодын эрэлтийг хэт тэлэхээс сэргийлэхийн зэрэгцээ инфляцын хүлээлтийг тогтворжуулахад чиглэж байна. Экспорт, валютын нөөцийн өсөлт макро тогтвортой байдлыг дэмжиж байгаа ч шатахуун, хүнсний үнэ болон геополитикийн эрсдэл үргэлжилбэл инфляц зорилтот түвшинд хүрэх хугацаа уртсах магадлалтай. Харин инфляцын хүлээлт тогтворжиж, нийлүүлэлтийн дарамт буурвал одоогийн чангаруулалтын үр нөлөө дунд хугацаанд илүү тодорхой илэрч болно.
МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ 25.2 ХУВИАР ӨСӨЖ, ЗЭЭЛИЙН ӨСӨЛТ ХАРЬЦАНГУЙ ӨНДӨР ХЭВЭЭР БАЙНА
Үндэсний статистикийн хорооны 2026 оны 7 дугаар сарын “Мөнгө, зээл” статистикаар мөнгөний нийлүүлэлт (M2) оны 7 дугаар сарын эцэст 53.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 25.2%-иар өссөн байна. Өсөлтийг төгрөгийн хадгаламж 25.1%-иар, төгрөгийн харилцах 24.6%-иар, валютын харилцах 76.9%-иар нэмэгдсэн нь голлон дэмжжээ.
Нийт зээлийн үлдэгдэл 48.2 их наяд төгрөг болж, жилийн өмнөхөөс 13.0%-иар өссөн ч өмнөх сараас 2.2%-иар буурсан байна. Нийт зээлийн 92.2% нь хэвийн зээл байгаа боловч чанаргүй зээлийн үлдэгдэл 2.5 их наяд төгрөгт хүрч, жилийн өмнөхөөс 17.2%-иар өссөн нь зээлийн чанарт анхаарах шаардлагатайг харуулж байна.
Харин банк бус санхүүгийн байгууллагын зээлийн үлдэгдэл II улирлын эцэст 8.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 23.3%-иар өссөн байна. Гэвч ББСБ-ын чанаргүй зээл 48.7%-иар өссөн нь санхүүгийн салбар дахь зээлийн чанарын эрсдэл нэмэгдэж байгааг харуулж байна.
Мөнгөний нийлүүлэлт болон зээлийн өсөлт нь эдийн засгийн идэвхийг дэмжиж байгаа ч инфляц өндөр үед мөнгөний өсөлт хэт хурдтай үргэлжлэх нь дотоодын эрэлтийн дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй. Үүнтэй зэрэгцэн чанаргүй зээлийн өсөлт нь Монголбанкны 8 дугаар сарын мөнгөний бодлого чангаруулах шийдвэрийн цаашдын нөлөө болон санхүүгийн салбарын зээлийн эрсдэлийг ажиглах чухал үзүүлэлт болж байна.
УЛСЫН ТӨСВИЙН АЛДАГДАЛ 2.2 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧ, ЗАРЛАГЫН ӨСӨЛТ ОРЛОГИЙГ ДАВЛАА
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны эхний 7 сарын урьдчилсан гүйцэтгэлээр нийт орлого 19.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 19.6%-иар өссөн байна. Тэнцвэржүүлсэн орлого 17.3 их наяд төгрөг болж, 11.0%-иар нэмэгджээ.
Гэхдээ төсвийн зарлага, цэвэр зээл орлогоосоо хурдан өсөж, 19.5 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 15.5%-ийн өсөлттэй байна. Үүний үр дүнд тэнцвэржүүлсэн төсвийн алдагдал 2.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийн 1.3 их наяд төгрөгийн алдагдлаас нэмэгджээ. Орлогын өсөлтийг татварын орлого голлон дэмжсэн бөгөөд эхний 7 сард татварын орлого 16.0 их наяд төгрөгт хүрч, 10.7%-иар өссөн байна. Нийгмийн даатгалын орлого 15.8%, НӨАТ 12.1%, орлогын албан татвар 9.8%-иар тус тус нэмэгджээ.
Зарлагын бүтцэд хөрөнгийн зардал онцгой өсөлттэй байж, 3.6 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 31.8%-иар нэмэгдсэн байна. Үүний зэрэгцээ бараа, үйлчилгээний зардал 18.3%-иар өссөн нь төсвийн зарлагын өсөлтийг нэмэгдүүлжээ.
Төсвийн орлого өсөж байгаа нь эдийн засгийн идэвх болон татварын суурь сайжирсныг харуулж байгаа боловч зарлага илүү хурдацтай нэмэгдэж буй нь төсвийн тэнцэлд дарамт үүсгэж байна. Ялангуяа хөрөнгийн зардлын өсөлт нь эдийн засгийн урт хугацааны бүтээмжийг дэмжих боломжтой ч инфляц өндөр байгаа үед төсвийн тэлэлт дотоодын эрэлтийг нэмэгдүүлж, мөнгөний бодлогын дарамтыг нэмэх эрсдэлтэй. Иймээс цаашид орлогын өсөлтийг хадгалахын зэрэгцээ зарлагын үр ашиг, хөрөнгө оруулалтын өгөөж болон төсвийн алдагдлыг хянах нь макро эдийн засгийн тогтвортой байдлын хувьд чухал байна.



Сэтгэгдэл байхгүй байна