• Эхлэл
  • Кремлийн дэглэмийн ан цав томорсоор байна

Кремлийн дэглэмийн ан цав томорсоор байна

2026/08/18

Владимир Путин Украины нийслэл Киевийг хэдхэн хоногийн дотор эзэлж, Украины төрийг буулгаж авна гэж тооцсон дайн тав дахь жилдээ үргэлжилж байна. Харин 2026 оны зун энэ дайны дүр зураг Кремлийн хувьд улам бүр таагүй болж эхэллээ. Оросын арми фронтын зарим хэсэгт урагшилж байгаа ч давшилтын хурд саарч, зарим хэсэгт бүр ялагдаж эхлэв. Украин эсрэгээрээ Оросын нутаг дэвсгэрийн гүнд цохилт өгч, нефть боловсруулах үйлдвэрүүд, цэргийн баазууд, пуужин-сансрын үйлдвэрлэл, логистикийн зангилаануудыг онилж байна. Үүн дээр Оросын төсвийн алдагдал нэмэгдэж, нефть-хийн орлого буурч, банкнаас бэлэн мөнгө татах явдал эрс нэмэгдсэн нь дайны дарамт фронтын шугамаас Оросын эдийн засаг, нийгэм рүү шилжиж байгааг харуулж байна.

Энэ наймдугаар сарын 15-нд Украины арми Оросын Самара муж дахь “Роскосмос”-ын бүрэлдэхүүнд багтдаг “Прогресс” пуужин-сансрын төвд цохилт өгсөн тухай Украины ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдэв. Оросын тал Самара мужид “их хэмжээний пуужингийн дайралт” болсон бөгөөд үйлдвэрлэлийн дэд бүтцэд орон нутгийн гэмтэл учирсныг баталсан. Зеленский Украины тал дотооддоо үйлдвэрлэсэн “Фламинго” пуужинг ашигласан гэж мэдэгдсэн бөгөөд мөн Саваслейкагийн нисэх бааз, Ленинградын мужийн Усть-Луга дахь нефтийн байгууламжид цохилт өгсөн гэжээ. Энд дайны шинэ дүр зураг харагдаж байна. Украин одоо зөвхөн фронтын ойролцоох Оросын цэргийн объектуудыг онилохоо больжээ. Дайныг үйлдвэрлэж, санхүүжүүлж, тэжээж байгаа Оросын стратегийн гүнийг онилж байна. Самара Украинтай хилээс маш хол. Саваслейка бол Оросын алсын тусгалын пуужин тээгч онгоцнуудын чухал бааз. Усть-Луга бол Оросын нефтийн экспортын стратегийн зангилааны нэг. Өөрөөр хэлбэл Киевийн зорилго Москваг бөмбөгдөхөөс илүү өргөн хүрээтэй болжээ. Оросын дайны машиныг ар талаас нь үнэтэй болгох стратеги улам тодорч байна. Үүний өмнө наймдугаар сарын 11-нд Украины дрон Оренбургийн мужийн Орск хот дахь “Орскнефтеоргсинтез” нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгч, үйлдвэр ажиллагаагаа зогсоосон. Украинтай хилээс ойролцоогоор 1,900 километрийн зайд орших энэ үйлдвэр жилд 5.76 сая тонн буюу өдөрт ойролцоогоор 115 мянган баррель нефть боловсруулах хүчин чадалтай. Reuters-ийн мэдээллээр цохилтын улмаас боловсруулах төхөөрөмжүүд гэмтэж, үйлдвэрийн ажиллагаа зогссон бөгөөд засвар хэдэн сар үргэлжилж болзошгүй байна. Орон нутагт шатахууны хомсдол үүсэж, шатахуун түгээх станцуудын нэг хэсэг ажиллахаа больсон гэж мэдээлжээ. Энэ бол нэг үйлдвэрийн асуудал биш ээ.

Оросын армид танк хөдөлгөх дизель түлш, нисэх онгоц нисгэх түлш, техник тээвэрлэх шатахуун хэрэгтэй. Тиймээс нефть боловсруулах үйлдвэр бол эдийн засгийн энгийн объект биш, дайны логистикийн нэг хэсэг юм. Украин үүнийг ойлгосон байна. Иймээс Киевийн алсын тусгалын ажиллагааг “Оросын хотуудыг бөмбөгдөх” гэж ойлгох нь учир дутагдалтай. Үүний гол зорилго нь Оросын дайны өртгийг өсгөх явдал болж байна. Нэг үйлдвэр зогсоно. Дараагийнх нь гэмтэнэ. Боомтын ажиллагаа доголдоно. Түлшний нийлүүлэлт тасалдана. Фронтын логистик илүү хүндрэлтэй болно. Төсөвт нэмэлт дарамт ирнэ. Ингээд дайны үнэ аажмаар Оросын энгийн иргэдийн амьдралд хүрч эхэлнэ.

Энэ хооронд фронтын зураг ч Кремлийн сурталчилгаанд улам төвөгтэй болж байна.Украины ерөнхийлөгч Зеленский наймдугаар сарын 12-нд 2026 оны эхнээс Александровскийн чиглэлд явуулсан ажиллагааны үеэр 745 хавтгай дөрвөлжин километр газар нутгийг эргүүлэн авсан, 26 сууринг хяналтдаа оруулсан гэж мэдэгдсэн. Reuters-ийн мэдээллээр Украины талын эдгээр мэдэгдлийг DeepState-ийн зарим мэдээлэл дэмжсэн бөгөөд Оросын фронтын нийт давшилтын хурд 2026 онд өмнөх үеэс удааширсан байна. Оросын тал мөн энэ зун Днепропетровск, Запорожийн чиглэлд 19 суурин эзэлсэн гэж мэдэгдсэн боловч эдгээрийг Reuters бие даан баталгаажуулаагүй байна. Тиймээс “Оросын арми фронтод бүрэн ялагдаж эхэллээ” гэж хэлэхэд эрт байгаа ч өөр нэг зүйл аль хэдийн тодорхой болж байна. Энэ нь Оросын армийн ялалтын тухай Кремлийн зохиомол дүр зураг бодит фронтын байдалтай улам их зөрж эхэлсэн явдал юм. Энэ бол авторитар тогтолцоонд маш аюултай зүйл билээ. Учир нь Путин дайны эхэнд Оросын нийгэмд “хүчирхэг Орос”, “ялагдашгүй арми”, “Барууныг сөрөх чадвартай улс” гэсэн ойлголтыг бий болгосон. Төр улс төрийн эрх чөлөөг хязгаарлаж, хэвлэл мэдээллийг хянаж, дайныг эсэргүүцэгчдийг дарамталж болно. Харин үүний хариуд төр иргэддээ тогтвортой байдал, орлого, аюулгүй байдал, хамгийн гол нь ялалт өгөх ёстой гэсэн нэгэн төрлийн үл үзэгдэх тохиролцоо бий болсон. Хэрэв ялалт гэдэг ойлголт эвдэрч эхэлбэл энэ тохиролцоо ч суларч эхэлнэ. Гэхдээ үүнд фронтын асуудлыг дангаар нь харахад хангалтгүй юм. Учир нь дайны дарамт одоо Оросын төсөвт илүү тод харагдаж байна.

Энэ оны эхний хагаст Оросын холбооны төсвийн алдагдал 5.731 их наяд рубль, өөрөөр хэлбэл ДНБ-ий 2.5 хувьд хүрчээ.

Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.345 их наяд рублиэр их бөгөөд бүтэн жилийн анхны төлөвлөгөө болох 3.786 их наяд рублиэс аль хэдийн давсан байна. Reuters-ийн мэдээллээр жилийн алдагдлыг анхны төлөвлөгөөнөөс 1 их наяд гаруй рублиэр нэмэгдүүлэх төлөвтэй байна. Нефть, хий бол Кремлийн дайны санхүүгийн гол тулгуур. Гэтэл 2026 оны эхний хагаст нефть-хийн төсвийн орлого 3.661 их наяд рубль болж, өмнөх оны мөн үеэс 22.7 хувиар буурсан байна. Reuters-ийн тооцоогоор нэгдүгээр сараас долдугаар сар хүртэлх нийлбэр нефть-хийн орлого өмнөх оны мөн үеэс ойролцоогоор 11 хувиар бага хэвээр байжээ. Энд нэг чухал ялгаа бий. Оросын эдийн засаг өнөөдөр бүрэн сүйрээгүй байна. Кремль дайны үйлдвэрлэлээ санхүүжүүлсээр байна. Төрийн зардал өндөр хэвээр, цэргийн үйлдвэрлэл ажиллаж, нефтийн экспорт үргэлжилж байна. Гэхдээ дайныг санхүүжүүлэхийн тулд улам их нөөц дайчлах шаардлагатай болж байгаа нь гол асуудал юм.Учир нь үүнээс болж инфляци, өндөр хүү, бизнесийн зээлийн өртөг, иргэдийн худалдан авах чадвар зэрэг асуудал давхар гарч ирнэ. Энэ оны долдугаар сард Оросын хэрэглээний үнэ сарын дүнгээр 0.54 хувиар өсөж, жилийн инфляци 5.98 хувь байсан. Энэ нь “инфляци жолоогоо бүрэн алдсан” гэсэн үг биш. Харин дайны эдийн засаг, төсвийн асар их зардал, өндөр хүү зэрэг хүчин зүйлс эдийн засагт тогтвортой дарамт үзүүлж байгааг харуулна. Харин Кремлийн хувьд бүр ч сонирхолтой өөрчлөлт банкны системд гарч байна. Учир нь Оросуудын мөнгө хөдөлж эхлэв.

Энэ 2026 оны эхний таван сард Оросын эдийн засаг дахь бэлэн мөнгөний хэмжээ 1.09 их наяд рублиэр өссөн байна. Тавдугаар сард л гэхэд бэлэн мөнгөний хэмжээ 381.2 тэрбум рублиэр нэмэгдсэн нь 1995 оноос хойших тухайн сарын хамгийн өндөр өсөлт болжээ. Зөвхөн COVID-ийн үеийн 2020 оны эхний таван сарын 1.39 их наяд рублийн таталт үүнээс өндөр байсан байна.Банкнаас гадуур байгаа бэлэн мөнгөний нийт хэмжээ бүр 19 их наяд рубль буюу ойролцоогоор 243 тэрбум ам.долларт хүрч, жилийн дүнгээр 17.5 хувиар өссөн байна. ОХУ-ын Төв банк энэ өсөлтийг банкны системийн хөрвөх чадварт тодорхой дарамт үүсгэж байгааг хүлээн зөвшөөрсөн боловч одоогоор системийн тогтвортой байдалд нэмэлт арга хэмжээ шаардлагагүй гэж үзжээ. Гэхдээ энд болгоомжтой тайлбар хэрэгтэй. Оросууд мөнгөө зөвхөн “Путин удахгүй унана” гэж бодсондоо татаж байгаа гэсэн үг биш. Төв банк болон Reuters-ийн мэдээллээр интернет тасалдах үед карт, төлбөрийн систем ажиллахгүй болох вий гэсэн болгоомжлол, бизнесийн татварын өөрчлөлт зэрэг шалтгаан ч байгаа. Гэхдээ улс төр, эдийн засгийн хямралын үед нэгэн нийтлэг дүрэм үйлчилдэг. Энэ нь иргэд дэглэмдээ итгэхээ больсныг заримдаа санал асуулгаас биш, банкны данснаас харж болдог гэсэн үг билээ. Дэглэм тогтвортой байх үед хүмүүс мөнгөө банкинд байршуулах сонирхолтой байдаг. Харин улс төрийн тогтолцоо, валют, банкны системийн ирээдүйд эргэлзэж эхлэх үед хүмүүс хамгийн түрүүнд өөрийн хөрөнгийг хамгаалдаг. Баячууд хөрөнгөө гадагш байршуулна. Компаниуд валютын нөөцөө нэмэгдүүлнэ. Иргэд хадгаламжаасаа татгалзана. Банкнаас гадуурх бэлэн мөнгө өснө. Энэ бол иргэдийн итгэл суларч байгаагийн санхүүгийн дохио юм.ОХУ-ын Төв банкны статистикаар 2026 оны нэгдүгээр сараас тавдугаар сарын хооронд Оросын оршин суугчдын гадаад актив 32.9 тэрбум ам.доллараар өссөн байна. Энэ тоо бас “Яагаад Оросын хөрөнгө улс дотор бус, гадагшаа байрших сонирхолтой болж байна вэ” гэсэн асуулт тавьж байна

Хүмүүс улс төрийн дэглэмийн талаар телевизээр юу хэлж байгаагаас илүүтэйгээр мөнгөө хаана байршуулж байгаагаараа ирээдүйн талаарх итгэлээ илэрхийлдэг. Энэ бол Путины хувьд маш эмзэг асуудал. Учир нь энгийн иргэн мөнгөө бэлнээр хадгалж эхэлбэл айдастай болсон явдал юм. Харин том бизнес хөрөнгөө гадагш байршуулж эхэлбэл энэ нь эрсдэлийн менежмент болж хувирна. Харин Кремльтэй ойр элитүүд өөрсдийн хөрөнгийг хамгаалах, гадаад дахь активуудаа нэмэгдүүлэх, гэр бүл болон хөрөнгөө улс төрийн эрсдэлээс тусгаарлах арга хэмжээ авч эхэлбэл асуудал бүр өөр болно. Тэр үед хүмүүс Путиныг эсэргүүцэж байгаагаа зарлах шаардлагагүй. Тэдний мөнгө өөрсдийнх нь өмнөөс ярьж эхэлнэ. Гэхдээ өнөөдрийн байдлаар “Путины ойрын хүрээлэл дэглэм удахгүй нуран унана гэж бодож эхэлсэн” гэдгийг шууд батлах хангалттай баримт байхгүй. Үүнийг батлахын тулд Кремлийн элитүүдийн хөрөнгө шилжүүлэлт, гадаад актив, улс төрийн дотоод хөдөлгөөн зэрэг илүү тодорхой нотолгоо шаардлагатай. Гэхдээ үүнээс илүү сонирхолтой нэг хувилбар бий. Учир нь аль ч дэглэмийн элитүүд дэглэмээ хамгаалахаас өмнө өөрсдийгөө хамгаалж эхэлдэг юм. Харин авторитар гэх дарангуйллын тогтолцооны хувьд энэ бол маш аюултай мөч. Учир нь Путин өөрийн эрх мэдлийг зөвхөн арми, цагдаа, тусгай албаар хамгаалдаггүй. Тэрээр элитүүдийн үнэнч байдал дээр ч тулгуурладаг. Элитүүд Кремльд ашигтай хэвээр байх үед тогтолцоо бат бөх. Харин тэдний дунд “Путин ялна” гэсэн итгэлээс “Путин үлдэхгүй байж магадгүй, тиймээс бид өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй” гэсэн сэтгэлгээ рүү шилжилт эхэлбэл улс төрийн системийн дотоод тэнцвэр өөрчлөгдөнө.

Орост фронт, эдийн засаг, мөнгөний хөдөлгөөн гэсэн гурван өөр шугам нэг цэгт нийлж эхэлж байна. Ингээд төрийн зүгээс “бүх зүйл төлөвлөсөн ёсоор явж байна” гэж хэлж байгаа ч иргэд нь өөрсдийн мөнгөөр өөр хариулт өгч эхэлж байна. Эндээс Путины хувьд хамгийн аюултай асуулт гарч ирнэ. Энэ бол Оросын телевизээр тав дахь жилдээ тасралтгүй “Бид ялж байна” гэж сурталчилж буйд итгэх хүн өнөөдөр улам цөөрсөөр байна. Учир нь фронтын газрын зураг, нефть боловсруулах үйлдвэрүүдийн гал, төсвийн тоо, банкнаас гарч буй мөнгө, гадаад активын өсөлт зэрэг нь энэ хуурамч сурталчилгаанд шууд цохилт өгч эхлэв. Энэ бол 2022 оны Кремлийн төлөвлөгөөний яг эсрэг дүр зураг юм. Тэр үед Кремль дайныг Украинд аваачсан. Одоо дайн өрөө Оросын эдийн засаг руу буцаж орж байна. Гэхдээ энэ бүхнийг “Орос удахгүй нуран унана” гэж шууд ойлгох нь бас буруу. Москва асар их хүн хүч, үйлдвэрлэлийн хүчин чадалтай хэвээр. Оросын арми Украины нутаг дэвсгэрийн зарим хэсэгт давшсаар байна. Оросын пуужингийн болон дроны үйлдвэрлэл үргэлжилж байна. Украины өөрийн хүн хүч, зэвсэг, агаарын хамгаалалтын асуудал ч шийдэгдээгүй. Тиймээс өнөөдрийн нөхцөл бол Кремлийн сүйрэл биш. Харин Кремлийн тэсвэрийн хязгаарыг шалгаж эхэлж буй үе юм. Учир нь Украинд бүх Оросыг эзлэх шаардлагагүй. Москваг эзлэх шаардлагагүй. Путиныг хүчээр зайлуулах шаардлага ч байхгүй. Харин дайны өртгийг улам өсгөж, ялалтын тухай Кремлийн сурталчилгааг бодит байдлаас улам холдуулж, Оросын элитүүд болон жирийн иргэдэд “энэ дайн бидэнд үнэхээр ашигтай юу” гэсэн асуултыг өөрсдөд нь тавиулахад хангалттай. Учир нь авторитар дэглэмийн хамгийн том хүч нь айдас байж болох ч хамгийн том сул тал нь иргэдийн итгэл алдагдах явдал байдаг. Нэг нефть боловсруулах үйлдвэр шатах нь Путиныг унагахгүй. Төсвийн алдагдал 5.7 их наяд рубльд хүрэх нь ч дангаараа хангалтгүй. Банкнаас нэг их наяд рублийн бэлэн мөнгө гарсан нь ч Кремлийг нураахгүй. Украин 745 хавтгай дөрвөлжин километр газар буцаан авсан нь ч дангаараа ялалт биш. Гэхдээ эдгээр үйл явдал нэгэн зэрэг, удаан хугацаанд үргэлжилбэл утга нь шууд өөрчлөгдөнө. Фронтын дарамт. Оросын нутгийн гүн дэх цохилт. Нефтийн салбарын доголдол. Төсвийн алдагдал. Инфляци. Банкнаас мөнгө гарах. Хөрөнгө гадагшлах. Элитүүдийн ирээдүйн талаарх хүлээлт өөрчлөгдөх. Энэ бүхний нийлбэрийг улс төрийн хэлээр итгэлцлийн хямрал гэдэг.Тэр үед Кремлийн доторх асуулт ч өөрчлөгдөнө. “Украиныг хэрхэн ялах вэ?” гэдгээс “Энэ дайныг хэрхэн зогсоох вэ?” рүү орно. Энэ бол Путины хувьд хамгийн аюултай шилжилт. Учир нь дайныг Путин эхлүүлсэн. Ялалтын амлалтыг Путин өгсөн. Оросын эдийн засгийг дайны горимд шилжүүлсэн шийдвэрүүд Путинтэй холбоотой. Тиймээс дайн амжилттай байх үед ашиг Кремлийн төвд хуримтлагдана. Харин дайн бүтэлгүйтэж эхэлбэл хариуцлага мөн адил төв рүүгээ буцна. Өнөөдөр Путин эрх мэдлээ алдах хэмжээнд хүрсэн гэж хэлэх амаргүй. Гэхдээ тав дахь жилдээ үргэлжилж буй дайнд нэг зүйл өөрчлөгдсөн байна. Украин Оросыг зөвхөн фронт дээр сөрөхөө больжээ. Тэд Оросын дайны эдийн засаг, нефтийн салбар, цэргийн үйлдвэр, логистик, төсөв, банкны системд зэрэг дарамт өгч байна. Харин мөнгө хөдөлж эхлэх үед асуудал зөвхөн эдийн засгийн асуудал биш болдог. Учир нь дэглэм нуран унахын өмнө хүмүүс заримдаа гудамжинд гарч жагсдаггүй. Эхлээд мөнгөө аюулгүй газарт байршуулдаг. Баячууд хөрөнгөө гадагш байршуулна. Иргэд хадгаламжаасаа мөнгө татна. Компаниуд валют руу шилжинэ. Элитүүд өөрсдийн “гарах гарц”-ыг хайж эхэлнэ. Хэрэв ийм зан үйл Кремлийн ойрын хүрээлэлд хүртэл системтэйгээр тархвал улс төрийн хямралын хамгийн чухал босго давж эхэлнэ. Тэр үед Кремлийн хаалгыг Украины дрон тогшихгүй. Ялагдал өөрөө тогшино. Иймээс өнөөдрийн гол асуулт “Украин Оросыг ялж чадах уу?” биш. Харин “Оросууд дайны эдийн засаг ялалтын төлөө төлж чадах үнийн хязгаарт хэзээ хүрэх вэ” гэсэн асуулт болов. Путины Киевийг гурван хоногт эзлэх төлөвлөгөө аль хэдийн түүх болжээ. Кремлийн суурь өнөөдөр хараахан нурчихаагүй байна. Гэхдээ ан цав гарсан эсэхийг зөвхөн фронтын газрын зургаас харах шаардлагагүй болжээ. Тэр ан цав Оросын банкны дансанд ч харагдаж эхэлж байна.

 

Бэлтгэсэн Г.АМАРСАНАА

ӨДРИЙН СОНИН


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна