
БЭЭЖИН, 2026 оны наймдугаар сарын 19 /Kazinform/. Цахим эдийн засгийн асуудлаарх Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ чуулга уулзалт 9 дүгээр сарын 14-16-нд БНХАУ-ын Шинжаан-Уйгурын Өөртөө засах орны засаг захиргааны төв болох Өрөмч хотод болно. Энэ тухай Синхуа агентлаг мэдээлснийг Kazinform дамжууллаа.
Тус чуулганд 500 орчим хүн, тэдний дотор 200 гаруй гадаадын зочид оролцох бөгөөд засгийн газрууд, дүн шинжилгээний төвүүд, том компаниуд, их дээд сургуулиуд болон ШХАБ-ын салбар холбоодын төлөөлөл Өрөмч хотод хүрэлцэн ирнэ. БНХАУ-ын Төрийн өгөгдлийн газрын орлогч дарга Юй Ин-ий мэдээлснээр, чуулга уулзалтын хөтөлбөрт сайд нарын уулзалт, нээлтийн ёслол, бүгд хурал, 4 сэдэвчилсэн дэд чуулган болон бусад хурал багтжээ.
Сайд нар цахим эдийн засгийн салбар дахь засгийн газар хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлыг хэлэлцэх бол бусад оролцогчид 2026-2027 онд тус салбар дахь ШХАБ-ын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлох юм.
Тусгай дэд чуулгануудын явцад цахим харилцан холбоо, цахим худалдаа, тээвэр ложистикийн коридоруудыг хөгжүүлэх зэрэг0 асуудлуудыг хэлэлцэнэ. Мөн цахим ба хиймэл оюуны технологиудыг аж үйлдвэрийн салбарт ашиглах, цахим удирдлага зэрэг асуудлаар шинжээчид санал бодлоо солилцоно.
Түүнчлэн интерактив үзэсгэлэн зохион байгуулагдаж, чуулга уулзалтад оролцогчид Өрөмч хотод хэрэгжиж буй цахим төслүүд болон үйлдвэрийн газруудтай танилцах боломжтой.
Сүүлийн жилүүдэд ШХАБ-ын хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд цахим эдийн засагтай холбоотой сэдэв чухал байр суурь эзлэх болжээ. Өнгөрсөн оны 9 дүгээр сард Тянжин хотод болсон дээд хэмжээний уулзалтын үеэр тус байгууллагын гишүүн, ажиглагч, түнш орнуудын удирдагчид цахим эдийн засгийг хөгжүүлэх асуудлаар мэдэгдэл гаргасан юм.


Сэтгэгдэл байхгүй байна