Одоогоос 12 жилийн өмнө дэлхийн долоон хүн тутмын нэг нь өдөр тутам ашигладаг болсон Facebook бий болжээ.
Харвардын их сургуулийн хоёрдугаар курст суралцдаг, дөнгөж 19 настай Марк 2003 онд “Facemash” нэртэй программ бичиж эхэлсэн нь ийн өнөөдрийн амжилтад хүрсэн. Ингэж амжилтад хүрнэ чинээ хэн ч, тэр ч байтугай Марк өөрөө ч төсөөлсөнгүй аж.
Угтаа бол тэрээр сургуулийнхныгаа интернетэд сүлжээгээр дамжуулан хооронд нь холбох тийм л зүйл бүтээхийг хүссэн ч түүний хүсэл зөвхөн сургуулиар, зөвхөн АНУ-аар зогссонгүй бүр дэлхий даяар тархсан нь энэ юм.
Facebook 12 насныхаа төрсөн өдрийг тохиолдуулан "Найзуудын өдрийн мэнд хүргэе" гэх сонирхолтой зүйлийг хэрэглэгчдэд санал болгожээ.
Та холбоосоор орж өөрийнхөө найзуудтайгаа өнгөрүүлсэн мөчүүдийг нэгтгэсэн сонирхолтой бичлэгийг үзсэн байх, хэрэв үзээгүй бол яг одоо үзэх хэрэгтэй.
Ингээд Марк Цукерберг Харвардын сүлжээнд хулгайгаар нэвтэрч, сайтынхаа анхны хувилбарыг бүтээхийн тулд хэсэг хүний зургийг аваад “Хэн нь хамгийн дур булаам харагдаж байна” гэсэн асуулттайгаар үйл ажиллагааг нь эхлүүлж байв.
Өнгөрсөн 12 жилийн хугацаанд Цукерберг 1,5 тэрбум хүнийг хооронд нь холбох гүүр болж, тун саяхан хөрөнгийнхөө хэмжээгээр Амазоныг үүсгэн байгуулагч Жефф Безосыг давсан байна.
2005 онд одоогийн домайн хаягаа 200,000 ам. доллароор худалдан авч байсан бол одоо Facebook жилийн 17 тэрбум ам. долларын орлоготой ажилладаг болсон байна.
Анх танил, дотно хүмүүсийг хооронд нь холбох ажлыг хийж байсан Facebook одоо гэрэл зураг, дүрс бичлэг, тэр ч бүү хэл 360 градусын дүрс бичлэг дамжуулдаг болжээ. Өнгөрсөн хугацаанд худалдан авсан WhatsApp хэрэглэгчийнхээ тоогоор тэрбум давж, Instagram 400 сая хэрэглэгчтэй болсон байхад Oculus төхөөрөмж нь тун удахгүй худалдаанд гарах гэж байна.
Дээрх тоонууд бүгд Facebook-ийн хамгийн хүчтэй өрсөлдөгч болох Twitter-ийн 320 сая хэрэглэгчтэй харьцуулахад аварга тоонууд юм. Тэрчлэн Internet.org төслийн хүрээнд бүх дэлхийг интернетэд холбох ажлыг ч гэсэн Марк Цукерберг хийж байгаа.
Сэтгэгдэл байхгүй байна