• Эхлэл
  • Урьхан: Яруу найраг бол сэтгэлийн эрчим

Урьхан: Яруу найраг бол сэтгэлийн эрчим

2016/04/26

Залуу яруу найрагч Шагаржавын Урьханы “APRIL-24” хос цомгийн баяр, уран бүтээлийн үдэшлэг энэ сарын 25-ны үдэш Улсын Филармоний концертын их танхимд боллоо.

Олонд танигдсан, хүн бүхний сэтгэлд хоногшсон дууны шүлэг бичсэн түүний баярыг хуваалцсан зочид ч сэтгэл хангалуун байлаа.

МЗЭ-ийн гишүүн яруу найрагч тэрбээр 1992 онд Улаанбаатар хотод төрсөн. 2000-2010 онд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын ерөнхий боловсролын сургуулийг, 2010-2014 онд МУИС-ийн Математик хэрэглээний ангийг төгссөн. 2015 оноос МУБИС-ийн Багшийн сургуулийн Оюутны албаны мэргэжилтнээр ажиллаж байгаа аж.

2011 онд анхны шүлгийн түүвэр “Урьхан”, 2013 онд “Хаврыг хүлээгч”, “Тэрсүүд зүүдний гудамж” шүлгийн түүврүүд “Сэтгэлийн цалгиа”  дууны шүлгийн түүвэр тус тус хэвлүүлж уншигч түмний хүртээл болгосон. 2013 онд УГЗ “Хурд” хамтлагийн гитарчин Д.Отгонбаяртай хамтран БСШУЯ-аас хэрэгжүүлж буй “Авъяас” хөтөлбөрийн сүлд дууг, 2013 онд Архангай аймгийн түүхт 90 жилийн ойг тохиолдуулан УГЗ хөгжмийн зохиолч М.Булган, Архангай нутгийн уран бүтээлчдийн “Тайхар” нэгдэлтэй хамтран “Зүрхэнд мөнхийн нутаг” дуу зохиосон. Энэ дуугаараа нэрлэсэн хоёр ангит аян замын тэмдэглэлт нэвтрүүлэг хийсэн. “Харанга” хамтлагийн аргил гитарчин УГЗ Ц.Чулуунбатын хөгжим Sweetymotion хамтлагийн дуулсан “Чи миний хавар”, “Хурд” хамтлагийн гитарчин МУСТА Д.Мөнхбатын хөгжим “Ангийн нууц” зэрэг олон арван дууны шүлэг бичсэн нь өнөөдрийн та бидний сэтгэлд хоногшин үлдсэн уран бүтээлүүд билээ. 

Энэхүү үдэшлэгийн ерөнхий зохион байгуулагчаар Архангай аймгийн уран бүтээлчдийн “Тайхар” нэгдэл, ерөнхий найруулагчаар “Voice” группийн дуучин С.Баттулга, тайзны найруулагчаар ҮДБЭЧ-ын хөгжимчин Д.Түвшин, менежерээр Д.Цэрэнпагма нар ажиллажээ. Түүнчлэн энэхүү үдэш дээрх хамтлаг дуучид хүрэлцэн ирж Ш.Урьханд амжилт хүсэн түүнтэй хамтарч бүтээсэн уран бүтээлүүдээрээ зочдод бэлэг барьлаа.

Ингээд уран бүтээлийнх нь талаар МЗЭ-ийн гишүүн яруу найрагч Ш.Урьхантай ярилцлаа.

- “APRIL-24” хос цомгийн баяр, уран бүтээлийн үдэшлэгээрээ үзэгчид, уншигчддаа та юуг мэдрүүлэхийг хүссэн бэ?

- Энэ удаа өмнөхөөсөө арай өөр стилийг, өөр хаврыг уншигчиддаа мэдрүүлэхиг хүссэн. Ерөнхийдөө цахим хэрэглээ ихэссэнтэй холбоотой цаасан ном унших нь багассан. Тиймээс ном зохиолыг аудио хэлбэрээр сонсох тал руугаа шилжсэн.

Гэхдээ аудио хэлбэрийн зохиол маш цөөхөн байдаг. Тиймээс өөрийнхөө шүлгүүдийг аудио хэлбэрээр гаргахаар шийдсэн юм. Хос цомог яруу найргийн хэсэг нь сонсдог ном хэлбэртэй. Харин дууны хэсэг нь миний бичсэн шүлгүүдээр бүтсэн дуунууд байгаа.

- Өнөөдрийн энэ үдэш бусад номын баяраас маш өвөрмөц боллоо гэж бодож байна. Ийм үдэшлэг хийх санааг хэзээ, хэн гаргасан бэ?

- Дуучин СТА С.Баттулга ах, түүний гэргий урлагийн менежер Д.Цэрэнпагма эгч бид гурав ярилцаж байгаад төлөвлөгөөгөө гаргасан. Номын баяр гэхээрээ л дарс, хөнгөн зууштай үдэшлэг эсвэл Интер номын дэлгүүрт цөөхөн хүн хамрагдахаар уулзалт хэлбэрийн байдаг бол энэ удаагийнх илүү уран бүтээлч чанартай, өөрийгөө таниулж, мэдрүүлье гэсэн зорилготой хоёр хэсэгтэй тоглолт хэлбэрээр хийсэн.

Эхний хэсэгт хүмүүс сэтгэлийн үг, мэндчилгээнүүдээ хэлэх. Харин хоёр дахь хэсэгт цэвэр уран бүтээлчийн уран бүтээл, дуу шүлгээ зочдод хүрэх ийм тоглолтын хэсэг байхаар төлөвлөсөн. Тоглолтын дундуур зочдод үзүүлсэн “Эх орны тухай” гэх клипийг энэхүү цомогт зориулж өнгөрсөн зун хийсэн. Энэ цомогийн ажил хоёр жил үргэлжилж, цомогт орох уран бүтээлийн ажил 5-6 жилийн хугацаанд хийгдсэн.

- БСШУЯ-наас хэрэгжүүлж буй “Авъяас хөтөлбөр”-тэй хамтарч ажилладаг гэсэн. Хэзээнээс энэ хөтөлбөрт анхаарал хандуулан ажиллах болсон бэ?

- Энэ хөтөлбөр намайг сурагч байхад хэрэгждэг байсан. Авъяас хөтөлбөрийн хүрээнд Архангай аймгийн Эрдэнэмандал суманд тус аймгийн хойд бүсийн хүүхдийн авъяасыг хөгжүүлэх уралдаан тэмцээн, яруу найргийн наадам болдог байсан. Миний ээж химийн багш мэргэжилтэй хүн. Би 10 жилийн сурагч байхдаа авъяас хөтөлбөрийн хүрээнд болдог химийн олимпад, яруу найргийн тэмжээнд ордог. Тэгээд жил болгон бүсийн олимпадаас хос медаль авдаг сурагч байсан. Тиймээс энэ хөтөлбөр миний амьдралд ойрхон санагддаг. Тиймээс “Хурд” хамтлагийн гитарчин МУГЖ Д.Отгонбаяр ах Авъяас хөтөлбөрийн сүлд дууг хийх болоод шүлгийг бичих санал тавихад үнэхээр их баярлаж хүлээж авсан. Яагаад гэхээр  БСШУЯ-наас хэрэгжүүлж буй энэ хөтөлбөр бол хүүхэд бүрийн хөгжилд шинэ дэвшил авчирсан үр дүнтэй хөтөлбөр болж чадсан.

- Найрагчийн маань үндсэн мэргэжил “Математикч” гэсэн шүү дээ. Гэтэл өнөөдөр урлагийн салбарт хүч үзэж байна. Яаж байгаад урлаг руу орчихсон юм бол ...

- Би яаж явж байгаад урлаг руу орсон юм гэхээсээ илүүтэйгээр яаж явж байгаад математикч болсон юм бүү мэд гэж гайхдаг /инээв/

Бага байхын л шүлэг уншдаг, хүүхдийн “Хүрэл тулга”-т шүлэг уншдаг байсан. Сүүлдээ явж байгаад математик ру орчихсон. Эмэгтэй хүн өөрийн гэсэн боловсрол, мэргэжил, амьдралтай байх хэрэгтэй гэж би боддог. Тэр утгаараа миний хамгийн дуртай хичээл математикийн хичээл байсан. Мөн ээж маань МУБИС-ийн химийн ангийг төгссөн. Тэгээд гэр бүлээрээ үе залгамжилсан МУБИС-ийн төгсөгч болохыг их хүсдэг байсан болохоор математикийн ангид орж төгсөн.

- Таны мөрөөдөл ....

- Би кино зохиол бичнэ гэж их мөрөөддөг. Гэхдээ одоохондоо арай болоогүй юм шиг байна лээ. Бичсэн зүйл маань сэтгэлд 100 хувь нийцэхгүй, за яг болчлоо доо гэсэн зориг итгэл өгч чадахгүй байгаа. Магадгүй хэтдээ нэг кино зохиол бичнэ гэж хүсдэг. Би  дөрөвдүгээр сарын 21-н гэсэн богино өгүүллэг бичсэн. Тэрийгээ кино зохиол болгодог юм уу? гэж бодож байгаа. Кино урлаг маш эрчимтэй хөгжиж байна. Тэгэхээр 20-30 жилийн дараа Урьхан гэдэг хүний бичсэн зохиолтой кино гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ мөрөөдөл шүү дээ.

- Яруу найргийг юу гэж боддог вэ? товчхон хариулбал ...

- Яруу найраг бол сэтгэлийн эрчим. Урлаг бол бие болоод оюун санаагаар өөрийгөө  илэрхийлэхийн гайхамшиг гэж боддог.

- 2016 онд хийх ажлын нэг хэсэг нь энэ гэж ойлгож болох уу? мөн дараагийн хийхээр төлөвлөсөн ажил юу байна вэ?

- 2016 оны эхний хагас жилд хийх ажил өнөөдрийн цомгийн ажил байсан. Хоёрдахь хагас жилд бол “Тайхар” нэгдлийнхэнтэйгээ нийлээд 2-3 нэвтрүүлэг хийхээр төлөвлөөд байгаа. Нууцыг задлахад хувь уран бүтээлч гэхээсээ илүүтэйгээр хамт олныхоо ажил руу түлхүү орно. Мөн манай нэгдлийн трейбел цомог хийгдэж байгаа. Нэг хэсэг нь шүлэг яруу найрагчид, зохиолчдын бүтээлтэй, нөгөө хэсэг нь дан дуучид, бас нэг хэсэг нь хөгжмийн аялгуу гэх гурван хэсэгтэй цомгийн ажил эхэлсэн.

Мөн “Тайхар” нэгдэл уламжлал ёсоор үндэсний их баяр наадмийг тохиолдуулан нэвтрүүлэг бэлтгэдэг. Энэ жилийн хувьд зургадугаар сарын сүүлээр нэвтрүүлэгээ бэлтгэнэ. Энэ нэвтрүүлгийн маань зохиол маш өвөрмөц. Нэгдлийн маань зарим уран бүтээлч Өвөрмонголд амьдарч байгаа. Үүгээрээ бид хоёр орныг холбосон нэвтрүүлгийн зохиол гаргах төлөвтэй ажиллаж байна.

Ч.Гэрэл


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • zochin
    ter negen nartai udur uu gj......
    2016 оны 04 сарын 30
  • Zochin
    Amjilt husiy mundah shuu
    2016 оны 04 сарын 30
  • zochin
    amjilt husiy.Mundag ohin shuu
    2016 оны 04 сарын 30
  • Зочин
    Ulsin garid Ragchaad durlaad suid bolood baisan xuuxen baina sh tee
    2016 оны 04 сарын 27