ДАРЬГАНГА ЭГШИГ

2016/05/12

Хэлбичгийн ухааны доктор (Ph) Ш.Баттөр, Г.Сонинбаяр нарын утга зохиолын шүүмжийг хүргэж байна.

 

Үе хийгээд үеийнхэн

Монголын орчин үеийн уран зохиолын түүхийг маш прагматик байдлаар арван жилээр үечлэх хандлага түгээмэл байдаг. Энэ ч өргөн утгаараа тухайн үеийн нийгэмд гарсан өөрчлөлт, хөгжил, сэтгэлгээний ба туурвилзүйн хувьсал, онцлог, өмнөх уламжлалын суурь дээр тулгуурладгаараа, дүйдэгээрээ харьцангуй зөв хандлага, үечлэл юм. Аливаа процессын нэгэн адилаар Монголын утга зохиолын ертөнцөд, уламжлал шинэчлэлийн залгамж халаанд 1990-ээд оны сүүл, 2000-аад оны эхэн үеэр нэгэн үе гарч ирсэн байна. 2000-аад оны яруу найргийн гол төлөөлөгчид нь Л.Моломжамц, Л.Хасар, Г.Сүхзориг, Л.Ганзул, Б.Батсайхан, П.Нямлхагва, Б.Эрдэнэцогт, С.Очиртөмөр, Г.Нэргүй, В.Нэргүй, Д.Болдхуяг, Г.Сонинбаяр, Л.Торой, С.Ууганбаяр, С.Батгүр, Ж.Мөнхбат, Ц.Эрдэнэбаатар, Н.Гантулга, Д.Гомбосүрэн, Д.Жаргалсайхан, Ц.Галбадрах, Ө.Батзориг, Н.Баянмөнх, П.Майнбаяр, М.Отгонбаяр, Н.Пүрэв, Б.Цогнэмэх, Э.Анхбаяр, С.Билигсайхан, Ш.Анхтуяа, Ш.Лхамноржмаа, Д.Оюундэлгэр, Б.Чулуунцэцэг, Б.Занданхүү, Д.Нарантуул, Б.Төгсжаргал, Б.Болорцэрэн, Д.Отгонцагаан, Э.Үржинханд нар билээ. Энэ үеийн яруу найргийн нийтлэг тал нь урлаг утга зохиолын уламжлал шинэчлэлийн харилцаа холбооны хүрээнд сэтгэлгээний ба туурвилзүйн эрэлхийллийг эрчимтэй хийж байгаад оршино.

Батсайханыг нээхүй

Яруу найраг нэг талаасаа бодгалын шинжтэй байдаг ч ямар нэгэн байдлаар нийгэмтэй шууд харилцан холбоотой байдаг. Энэхүү нийгмийн харилцаа холбоо нь яруу найрагчийн төрсөн өссөн ахуй, бие хүн болон төлөвшсөн байдал, сэтгэлгээ, өргөн утгаараа эх оронтой нь, цаг үетэй нь шууд холбоотой байдаг билээ.Чухамхүү энэ утгаараа яруу найрагч Б.Батсайханы шүлгийн онцлог нь тал нутаг болоод амьдралын ердийн, жирийн, эгэл мөчөөс мөн чанарыг нээхүй, олохуй юм. Уламжлалт буддын шашин, тэр дундаа зэн буддизмд амьдралын нэгэн эгшний гэгээрлийн тухай сургадаг ба үүнийг уран бүтээлийн онгод, авьяас, иррационал сэтгэлгээтэй холбон тайлбарлаж болох билээ.

            Хөх үдшээр цагаан шувуу далиа дэвж

            Хөх тэнгэрийг сүвлэн одох нь зүүд мэт ээ

            Алтанхан навчны амь тасрах нь эгшин төдий

            Анирхан зүрхний утсыг хөндөх нь зуурын учрал аа

Үдэш орой нэгэн шувуу нисэхийг харах, зүгээр ч харах бус зүүд мэт гэж мэдрэх, навч хагдран унахад эмзэглэх...гэдэг нь чухамдаа бол зэн буддизмын үүднээс бол гэгээрэл, харин утга зохиол судлалын үүднээс бол амьдралын эгэл агшинг нээсэн яруу найрагчийн нээлт билээ. Орчин цагийн урлаг, утга зохиолын нэгэн тулгамдсан асуудал нь иргэншил ба соёлын, хотжил ба нүүдлийн аж амьдралын, оюун ухаан ба зүрх сэтгэлийн зөрчил байдаг. Б.Батсайханы шүлгийн бас нэгэн амин сүнс нь алсран одож байгаа монгол ахуй, нүүдэлчний соёл, түүнээс үүдсэн өвөрмөц сэтгэлгээ, хайрын уянгыг хадгалах, хамгаалах, залгамжлах, үлдээх ажээ.

            Одохуйн их зам дунд би үлдэв

            Оргохгүй их үнэн дунд би үлдэв

            Уулсаа түшиж үлдэв

            Урсгалаа дагаж үлдэв (“Урсгал”)

Найрагчийн уянгын сэтгэлгээгээр машинжсан, цахимжсан энэ эриний бүхнийг хаман одож буй их хөдөлгөөн дунд уулсаа түшиж, байгалийн жамын урсгалаа даган үлдсэн тавилан, заяа нь харьцангуй ба туйлын үнэн нь болсон бөгөөд:

            Талын дурдан зэрэглээг нар зөв ороож урласан

            Галын торгон дөлийг нас зөв ороож урласан

            Сүү нулимс үнэртсэн бор гэр шигээ замбууд

            Сүнсээ орхиод одсон ч урландаа л би үлдэнэ ээ. (“Урлан”)

хэмээн төгөлдөржжээ. “Хайр сэтгэлийн ааш, өнгийг тэрбээр

            Өөрийг нь хэн ч бэтгэрч санаагүй юм шиг

            Өчнөөн захидал бичиж бас ураагүй юм шиг

            Хувь заяаны хар хөгжмийн ард суугаад

            Хуучин ертөнцөд ямархан шинэ ая тоглох болоо (“Санаашрал”)

гэж уулга алдан ахуй, эд юмсыг сөргүүлэн өвөрмөц дүрслэлээр нээж үзүүлсэн байх юм. Бүтэлгүйтсэн, хаяж одсон шинэ аяг төрхийг ингэж шинэлэг зохиомжоор илэрхийлнэ гэдэг мөнхийн энэ сэдэвт шинэ сэдэл төрүүлж буй нь найрагчийн сэтгэлгээний тэмтчил, сэрэл мэдрэмжтэй холбоотой уянгын танилт мөн. Цаг хугацааны мөн чанарыг “хэзээ нэгэн цагт” гэсэн уянгын залган давталтаар бадаг бүрийн эхэнд өрж тоомжиргүй хандсан мэт атлаа зайлшгүйг сануулсан урын тэгшрэл бас анзаарагдана”[1]

Батсайханыг мэдрэхүй

Түүний шүлгүүдийг задлан яриваас олныг хүүрнэж болно. Дээр өгүүлсэн монгол ахуй, нүүдэлчний өвөрмөц сэтгэлгээ, байгальлаг мэдрэмж, хүнлэг сэтгэлийн дуулал, энэ бүхний цаана эгэл, цайлган найрагчийн зан төрх үргэлж байдаг. Хөдөө гэдэг монгол шүлгийн нэг том сэдэв. Хөдөөгөөс цэрвэж, монгол ахуйгаас зугтан хот суурин газрын амьдрал, шар айрагны мухлаг, согтуурал хөлчүүрэл, сүнс, хойд нас, үхэл, гадаад хамтлагийн дуу, орц хонгил, гутрал, гуниг, шарталтыг магтан дуулах эсвэл хэт гүн ухаандалт, хэлбэрдэлт, цэцэрхэл зэргийг тойрсон нэгэн загварт шүлгийг Б.Батсайханаас нэхээд хэрэггүй. Тэр өөрт буй өгөгдлөөрөө, өөрийн мэддэг зүйлээ, өөрт байгаагаа л бичдэг. Хөдөөгөө, эгэл амьдралаа л бичдэг. Дөрвөн улирлын эргэлтэд уул усаа харж, таван хошуу малаа адуулж, үгүй ядахдаа л аймаг, сумын төвийн хоорондох шаргалхан замаар тоос татуулан довтолгож, монгол гэрийн хаяагаар хүүхэд гүйлдэхийг чагнаархаж, хавсаргатай өдөр Баруун-Уртын гудамжаар хуучин цуваа дэрвүүлэн алхаж, хотоос ирэх андаа тосч, нэг тийм эгэл боргил ахуйд аж төрж сууна гэдэг түүнд байнгын эрч хүч өгдөг биз.

Тиймээс түүний шүлгүүд улам цэлмэг, яруу тод найрсалтай болсоор байгаа юм. Ноднин жилийн “Болор цом”-оор Өвөрхангайд ногт ганзагалан очоод гуравдугаар байрт шалгарсан. Уншсан шүлгүүд нь жинхэнэ монгол ахуйг нэвт ханхлуулсан даа. Монгол ахуй гэснээр Б.Батсайхан бол Дарьгангын унаган хүү. Тиймээс дарьганга аялгуу түүний шүлгүүдэд далд эгшиглэдэг. Тэр дуурьсал бол монголоо тээсэн яруусал юм.

Хэлбичгийн ухааны доктор (Ph) Ш.Баттөр

Г.Сонинбаяр

 

 


[1]Цэвээндорж.Д. “Хориг шүүмжийн бичиг”. УБ.,2011.х.185-186.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    bathsaikhandaa uran bvteeliin amjilt hysei .saikhan shvleg bichdeg shv
    2016 оны 05 сарын 13
  • Зочин
    Одохуйн их зам дунд би үлдэв
    Оргохгүй их үнэн дунд би үлдэв
    Уулсаа түшиж үлдэв
    Урсгалаа дагаж үлдэв Нээрээ л тийм дээ. Ингэж үлдсэн нь ч бий, алсрахуйн чинадад үргэж одсон нь ч бий. Миний дүү улс төр гэж цаг алдаж явахаар энэ мэт уярал, халил өргөсөн шүлгээ тэрлээд агуу ах нараа оролж үлдэх нь дээр шүү дээ
    2016 оны 05 сарын 13