Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүлийн санаачлагаар цам харайх ёс заншлыг харуулсан “Даншиг наадам-Хүрээ цам” наадмыг жил бүр зохион байгуулж байхаар болсон. XX зууны эхэн үеэс Монголын шарын шашны ихэс дээдсийн өлмий бат, мэлмий тунгалаг байхад зориулан даншиг өргөх хэмээн зан үйлийг хийдэг байсан. Энэхүү ёслолоор шарын шашны хутагт хувилгаад, Богд хааны лагшин тунгалаг байхын ерөөл айлдаж, ном хуран, бөх барилдаж, сур харван, хурдан морины уралдаан хийдэг байсан бөгөөд Долоон хошуу даншиг наадам гэж нэрийдэж байжээ. Үүний зэрэгцээ шарын шашны цам харайх ёслолыг үйлддэг. Цам харайх нь гар, хөл, биеийн олон хөдөлгөөнөөр дотоод сэтгэлийн бясалгалыг илэрхийлэхийн зэрэгцээ хортон дайсан, ад зэтгэрийг догшдын хөдөлгөөнөөр даран сөнөөж буйг илэрхийлсэн шашны ёслол бөгөөд Монгол цам харайх дэг ёс, хувцас зүүсгэл зэрэг нь өвөрмөц онцлогтой. Улаанбаатар хотын захиргаанаас ийн Даншиг наадмыг шинэчлэн зохион байгуулах болсон нь Монголын уламжлалт зан үйлийг сурталчлах, цаашилбал аялагч, жуулчлагчдад сонирхуулах тогтмол эвентүүдийг нэмэгдүүлэх зорилготой байсан. Гадаадын жуулчдын хувьд Монголын үндэсний баяр наадмаас өөр үзэх томоохон хэмжээний арга хэмжээ байхгүй шахам байсан бол ийн бас нэгэн өвөрмөц онцлог наадмыг жил бүр тогтмол зохион байгуулахаар болсон.
“Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадмын нээлт эртний их Соёмбот туг залах ёслолоор эхэлж, Монголын анхдугаар Богд, соён гэгээрүүлэгч Өндөр гэгээн Занабазарын дүр тэргүүтнийг залснаар эхэлдэг.
Даншиг наадмын эхний өдөр цам харайх ёслол болон хурдан болон жороо морьдын уралдаан, хүчит бөхийн барилдаан болдог.
Энэ жилийн Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадамд 1000 гаруй лам хуврагууд оролцож байна. Даншиг наадмын эхний өдөр буюу наймдугаар сарын 7-нд Гандантэгчэнлин хийдийн лам нар сүсэгтэн олонд зориулан Хүрээ жахар цамын хурал хурж, Гандантэгчилэн хийдийн 300 гаруй лам хуврагаас гадна монгол орны аймгуудаас хүрэлцэн ирсэн лам хуврагууд Очирваань шүтээний тахилга тахиж, монголчуудын заяа буяныг даатгаж, ном хурлаа.
Харин хоёр дахь өдөр Цагаан өвгөний цамын бүжиг болдог. Энэ нь жирийн нэгэн бүжиг дэглэлт бус хүрээний зурхайч нар жилийн цаг уурын байдлыг урьдчилан гаргаж Цагаан өвгөний цамын хөдөлгөөнөөр олон нийтэд үзүүлэн мэдээлдэг. Хэрэв тэр жил өнгөтэй сайхан өвөл болж өнгөрөх бол Цагаан өвгөн их найрсаг зантай, Хашан хааны хүүхдүүдтэй тоглон нааддаг гэж үздэг. Харин тэр жил хатуу хариг, ширүүн өвөл болох бол Цагаан өвгөн ааш аяг муутайгаар цамнадаг байна. Иймээс дээр үеийн хөгшчүүл “Энэ жил Цагаан өвгөн зан сайтай байна, сайхан жил болох нь" хэмээн ар гэртээ очин сонин болгон ярьдаг байсан гэдэг.
“Даншиг наадам-Хүрээ цам 2016” шашин соёлын наадамд хүчит 256 бөх барилдаж, 160 гаруй хурдан хүлэг хурдан морины уралдаанд тоосоо өргөж байна. Хурдан морины уралдаанд түрүүлсэн морьдын цолыг 18:00 цагт дуудаж, 19.30 цагт түрүүлсэн бөхөд бай шагналыг олгоно. Даншиг наадмын хаалтын ёслол 20.00 цагт эхэлж, наадам 21.00 цагт өндөрлөх юм.
"Даншиг наадам-Хүрээ цам" наадмын үеэр Хүй долоон худагт аялал жуулчлалын үзэсгэлэн дэлгэж байгаа бөгөөд жуулчдад зориулсан мэдээлэл, худалдаа, сурталчилгаа, үйлчилгээний 50 асар ажиллаж байгаа юм байна.
Энэ жил уг наадамд оролцохоор 1000 гаруй жуулчин захиалга өгч иржээ. Мөн голлох үзүүлбэр болох цам харайх ёслолын тайлбарыг монгол хэлнээс гадна англи хэлээр жуулчдад зориулан тайлбарлаж байгаа юм.
Сэтгэгдэл байхгүй байна